ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгээс “Дэлхийн нээлттэй өгөгдлийн өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулган, Үндэсний Статистикийн Хороодтой хамтран судлаачдад зориулж Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл болон өгөгдлийн стандартын мэдлэг олгох зорилгоор “НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ БА СУДАЛГААНЫ ИХ ӨГӨГДӨЛ” хоёр дахь удаагийн сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 3 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар хэлэлцүүлсэн илтгэлээс тоймлон та бүхэнд хүргэхэд Өгөгдлийн чанартай байдал, үнэ цэнийг бий болгохын тулд өгөгдлийн стандартыг баримтлах хэрэгтэй, судалгааны өгөгдлийн стандартууд мөн нээлттэй өгөгдөл бий болгохын тулд FAIR зарчмыг баримтлах, мөн их өгөгдлийг хэрхэн эргэлтэд оруулах, үндэсний өгөгдөл мэдээллийн аюулгүй байдал хэрхэн хурцаар тавигдаж байгаа, төрийн болон статистикийн ямар нээлттэй өгөгдлүүд байгаа, өгөгдлийн тусламжтайгаар олон салбарын шийдэгдэх боломжгүй байсан асуудлуудыг хиймэл оюунаар шийдэх боломжтойг, ШУА болон хүрээлэн төвүүд өгөгдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатайг, Шинжлэх ухааны академийн их өгөгдлийн урьдчилсан судалгаа зэрэг гол гол чухал асуудлыг хөндсөн үр өгөөжтэй сургалт боллоо.
“НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ БА СУДАЛГААНЫ ИХ ӨГӨГДӨЛ” сургалт, хэлэлцүүлэгт ШУА-ийн МТТХ-ийн судлаачдаас гадна МУИС, ШУТИС, ҮСХ-ны багш мэргэжилтнүүд илтгэл тавьж оролцлоо. Тус сургалтад ЦХХХЯ-ны мэргэжилтнүүд, ҮСХ-ны мэргэжилтнүүд, Их дээд сургуулиуд, Программ хөгжүүлэгчдийн холбооны хувийн хэвшлүүдийн төлөөлөл болоод ШУА-ийн харьяа хүрээлэн төвүүдийн нийт 18 байгууллагын 90 орчим судлаачид хамрагдсан бөгөөд дараах илтгэлүүдийг судлаачдад танилцуулж мэдлэг мэдээллийг хүргэв. Сургалт, хэлэлцүүлгээс Хүрээлэн төвүүдэд, Их дээд сургуулиудад, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар гэсэн гурван түвшинд оролцогчдын саналыг тусган зөвлөмж хүргүүлэхээр тогтов.
FAIR data ба өгөгдлийн чанар, стандарт
Илтгэгч: Б.Отгонсувд, ШУА-ийн МТТХ-ийн Мэдээллийн
технологийн салбарын эрхлэгч
Нээлттэй өгөгдөл ба их өгөгдөл
Илтгэгч: Амарсанаа, МУИС-ийн МТЭС-ийн багш, дэд профессор, доктор(Ph.D)
Мэдээллийн аюулгүй байдал ба үндэсний өгөгдөл
Илтгэгч: Б.Дэнсмаа, ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн аюулгүй
байдал сүлжээний салбарын ахлах багш, дэд профессор, доктор(Ph.D)
Төрийн нээлттэй мэдээллийн сан
Илтгэгч: З.Нямбаяр, Үндэсний статистикийн хорооны ахлах статистикч
ШУА-ийн Их өгөгдлийн судалгаа ба судалгааны өгөгдлийг эргэлтэд оруулах боломж
Илтгэгч: Б.Отгонсувд, ШУА-ийн МТТХ-ийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч
Өгөгдлөөс хиймэл оюун бүтээх жишиг судалгаа
Илтгэгч: Д.Ууганбаатар, ШУА-ийн Математик, тоон
технологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, дэд профессор, доктор(Ph.D)
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн МТТХ-ийн
Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Б.Отгонсувд