Оновчлол, оновчтой удирдлагын 8 дахь, Мэдээлэл ба менежментийн 19 дэх Олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголд чуулж байна
Оновчлол, оновчтой удирдлагын 8 дахь, Мэдээлэл ба менежментийн 19 дэх  Олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголд чуулж байна

Орчин цагийн математикийн шинжлэх ухааны нэгэн томоохон чиглэл болох оновчлол, оновчтой удирдлагын  ICOSC-2025 хурал 8 дахь удаагаа  2025 оны 6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд “Resort World Terelj” зочид буудалд зохион байгуулагдаж байна. Энэхүү хурал нь 3 жилд нэг удаа болдог бөгөөд анх 2002 онд Монголд зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн хурал нь “Мэдээлэл, менежментийн алгоритмын асуудлууд” олон улсын 19 дэх хуралтай хамтран зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Хурлыг Монгол улсын Их Сургууль, Шинжлэх ухааны Академи, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Герман Монголын Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль, Өвөр Монголын багшийн их сургуулиуд хамтран зохион байгуулж байна.

Математикийн шинжлэх ухааны оновчлол, оновчтой удирдлагын болон мэдээлэл, менежментийн салбарын дэлхийн тэргүүлэх эрдэмтэд чуулж хамгийн сүүлийн үеийн нээлт, ололт амжилтаа харилцан мэдээлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг томъёолох, хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчлахад энэхүү хурлын зорилго, ач холбогдол оршиж байгаа билээ. Дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын нэртэй эрдэмтэд, судлаачид, профессорууд оролцож байгаа тул монголын залуу эрдэмтэд, судлаачид, оюутнуудад эдгээр эрдэмтэдтэй холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллах, тэтгэлэг, грант олох сайхан боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Хуралд  хэрэглээний математик, мэдээл, менежментийн чиглэлүүдээс гадна хиймэл оюуны салбаруудын хэрэглээ хамрагдана.






Зохион байгуулах хорооны даргаар ШУА-ийн математик, тоон технологийн хүрээлэнгийн математикийн салбарын эрхлэгч, академич Р.Энхбат ажиллаж хорооны бүрэлдэхүүнд Төрийн соёрхолт математикч, доктор Ч.Алтаннар, Герман Монголын Ашигт Малтмал, Технологийн Их Сургуулийн профессор Л.Алтангэрэл, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн захирал доктор Ч.Баттүвшин нарын эрдэмтэд ажиллаж байна. Уг хурлыг 2002, 2007, 2010, 2013, 2016, 2019, 2022 онуудад долоон удаа амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.

Цаг үеийн онцлогоос хамааран хурлыг цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явагдаж байна.

Энэ удаагийн хуралд АНУ, Франци, Япон, Англи, Орос, Солонгос, Хятад, Тайвань, Саудын араб, Монгол зэрэг орны 120 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Хуралд 2 салбар хуралдаанаар 80 гаруй илтгэл хэлэлцэгдэнэ. Тус хурлын шилмэл бүтээлүүд нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны хэвлэлийн газрын нэг болох “Springer”-ийн “Lecture Notes of Computer Sciences” номын цувралын  тусгай дугаар болон хэвлэгдэх юм.

Өмнөх хурлуудад Принстон, Москва, Киото, Массачуссетс, Гумболд, Токио, Балларат зэрэг дэлхийн шилдэг сургуулиудын эрдэмтэн профессорууд илтгэл тавьж байсан бол энэ удаагийн хуралд Стенфорд, Цинхуа, Версаль, Флоридагийн  их сургуулиуд, МУИС, ШУА, ШУТИС болон бусад их дээд сургуулиудын эрдэмтэд илтгэл тавьж байна.

Тус хурлын ерөнхий спонсороор “КОСМО” групп, бусад спонсороор “УРБАНЕК” ХХК, “ВОЯЖ” ХХК, ““Resort World Terelj Hotel” зэрэг байгууллагууд ажиллаж, уг хурлыг Монголд амжилттай зохион байгуулагдахад ихээхэн дэмжлэг үзүүлсэнд хурал зохион байгуулагчид гүнээ талархаж байна.

 





Бусад мэдээлэл