“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөж буй хээрийн ба говь, цөлийн экосистемийн эмзэг байдлыг үнэлэх математик загварчлал болон мониторингийн сүлжээний цахим платформыг хөгжүүлэх” сэдэвт Монгол-Японы хамтарсан техникийн хамтын ажиллагааны (SATREPS) төслийг хэрэгжүүлэх ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Биологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн зэрэг хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн төслийн баг, Японы Ямагучи, Тоттори, Хирошима их сургууль болон Үндэсний хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн япон улсын судалгааны багийнхан, мөн JICA (Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага), JST (Японы Шинжлэх ухаан, технологийн агентлаг)-ийн төлөөлөгч, мэргэжилтэн, зөвлөхүүд хамтран төслийн төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэж холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зуран баталгаажууллаа.
Монголын талаас төслийн удирдагч ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Мөнх-Эрдэнэ, Япон улсын талаас JICА байгууллагын хүрээлэн буй орчны хэлтсийн дэд захирал хатагтай Ханай Аканэ нар энэхүү баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Энэхүү төсөл нь 2026 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд нийт 5 жилийн хугацаанд үргэлжлэх юм.
Мөн төслийн багийнхан Ботиникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойт хээр, хээрийн бүсийн судалгааны талбайтай танилцах хээрийн судалгааг Төв аймгийн Мөнгөнморьт суманд 2025 оны 9-р сарын 5-7 хооронд гүйцэтгэсэн байна. Хээрийн судалгааны явцад төслийн хүрээнд хийгдэх ажилд ойт хээрийн экосистемийн байнгын мониторингийн цэгийн хашаа, байрыг шинэчлэх, шинэ байнгын цаг уурын станц, хөрс, усны шинжилгээний сенсор мэдрэгчүүд суурилуулах, олон цаг хугацааны сансрын мэдээгээр зураглах зэрэг төслийн төлөвлөгөөнд тусгагдсан олон ажлуудыг хэрхэн гүйцэтгэхийг төслийн баг болон төлөөлөгчид газар дээр нь танилцсан байна.