Дэлхийн хүн амын шилжих хөдөлгөөнийг Facebook-ийн өгөгдөл ашиглан судалжээ.
Дэлхийн хүн амын шилжих хөдөлгөөнийг Facebook-ийн өгөгдөл ашиглан судалжээ.

Facebook-ийн толгой компани Meta-ийн статистикийн судлаачдын баг Хонконгийн их сургууль болон Харвардын их сургуулийн судлаачидтай хамтран 2022 онд дэлхий дахины хүн амын шилжилтийг хянахын тулд Facebook-ийн өгөгдлийг шинжлэх зориулалттай тусгайлан алгоритмыг боловсруулан туршжээ. Тус баг өөрсдийн судалгаа, үр дүнгээ arXiv урьдчилсан хэвлэлийн сервер дээр нийтэлсэн байна. Олон орны албан тушаалтнууд өөрсдийн орны хүн амын шилжих хөдөлгөөнийг хянах шаардлагатай байдаг бол олон улсын байгууллагууд хүн амын шилжилтийг хянаж, тусламжийг оновчтой хуваарилах, шилжин суурьшиж буй хүмүүст дэмжлэг үзүүлэх арга замыг эрэлхийлдэг. Одоогийн байдлаар хүн амын шилжилтийн хэмжилтийн ихэнх хувийг тооллого эсвэл захиргааны мэдээллийн үндсэн дээр гаргадаг бөгөөд зарим тохиолдолд эдгээр нь төдийлөн сайн нарийвчлал өгдөггүй.

Шинэ аргачлалд судлаачид Facebook-ийн хэрэглэгчдийн олон тооны өгөгдлийг ашиглах аргыг нэвтрүүлсэн бөгөөд, хэрэглэгчид Facebook-д нэвтрэх үед IP хаяг нь илэрхий болдог учраас үүнийг оршин суугаа газар гэж тооцож болно. Мөн олон хүн өөрийн хот, муж зэрэг ерөнхий хаягийн мэдээллийг нийтэлдэг. Судлаачид эхлээд хэрэглэгчийн анхны байршлыг гэрийн хаяг болон амьдарч буй улс гэж тогтоож, нэг жилийн хугацаанд оршин суугаа улсын өөрчлөлтийг ажиглан шилжилтийг тэмдэглэсэн алгоритмыг боловсруулсан байна. Энэхүү алгоритм нь Facebook-д бүртгэлтэй бүх хүний шилжилтийг нэг бүрчлэн шалгаж, улс хооронд шилжсэн хүний тоог сар бүр тоолно. Мөн тухайн улсын хүн амын өөрчлөлтийг тооцоолохдоо аялагчид болон албан томилолтоор гадаад улс орнуудын хооронд хүмүүсийн хөдөлгөөнийг тусгай жингээр нөхөн тооцоолсон байна.

Үр дүнгийн найдвартай байдлыг шалгахын тулд тэдний системийн статистикийг Шинэ Зеланд зэрэг орноос цуглуулсан чанартай өгөгдөлтэй харьцуулсан бөгөөд  дунджаар 0.98 корреляцитай гарсан нь сайн үзүүлэлт болжээ.



Зураг1. Хамгийн их шилжих хөдөлгөөнтэй улс орнууд

Тэдний тооцоолсноор 2022 онд 181 орны хооронд 39.1 сая хүн шилжин суурьшсан бөгөөд энэ нь судалгаанд орсон орнуудын нийт хүн амын 0.63%-тай тэнцэж байна. COVID-19 цар тахлын үед шилжилтийн урсгал 64%-иар буурсан бол 2022 онд цар тахлын өмнөх үеэс 24%-иар хурдан өссөн байна. Мөн Оросын дайны улмаас Украйнаас  шилжин суурьших хөдөлгөөн 10 дахин нэмэгджээ. Судлаачид Facebook-ийн гурван тэрбум хэрэглэгчдийн мэдээллийг ашиглан 181 улсын хооронд шилжилтийн урсгалыг сар бүр нарийвчлалтайгаар тооцоолсон бөгөөд энэ нь бусад аргаар цуглуулсан одоогийн мэдээллүүдээс илүү найдвартай байгааг онцолж байна. Тэдний алгоритмыг цаашид бусад жилүүдэд болон төрөл бүрийн зорилгоор, тухайлбал дайн, цаг уурын гамшиг, эдийн засгийн ялгааг судлахад ашиглах боломжтойг дурдсан байна.

Эх сурвалж:

  1. https://phys.org/news/2025-05-facebook-global-human-migration-patterns.html

Мэдээ бэлтгэсэн : Б.Дөлгөөнтуяа /Математикийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан/


Бусад мэдээлэл