Япон улсад дэлхийн хамгийн том квант судалгааны супер компьютер ашиглалтад орлоо.
Япон улсад дэлхийн хамгийн том квант судалгааны супер компьютер ашиглалтад орлоо.

2025 оны 5-р сарын 18-нд NVIDIA компани COMPUTEX 2025 арга хэмжээний үеэр квант судалгаанд зориулагдсан дэлхийн хамгийн том суперкомпьютер болох ABCI-Q системийг албан ёсоор ашиглалтад оруулснаа зарлалаа.

Энэхүү дэвшилтэт суперкомпьютер нь Японы Үндэсний Дэвшилтэт Шинжлэх Ухаан, Технологийн Хүрээлэн (AIST)-ийн дэргэдэх квант-AI технологид суурилсан олон улсын судалгааны төв (G-QuAT)-д байрлаж байна.

ABCI-Q суперкомпьютер нь нийт 2,020 ширхэг NVIDIA H100 график процессороор тоноглогдсон бөгөөд өндөр хурдны өгөгдөл дамжуулах чадвартай Quantum-2 InfiniBand (NVIDIA компанийн боловсруулсан өндөр хүчин чадалтай сүлжээний дэд бүтэц бөгөөд суперкомпьютер, AI, квант тооцоолол, өндөр гүйцэтгэл шаардсан дата төвүүдэд зориулсан мэдээлэл дамжуулах платформ) сүлжээний платформд суурилсан дэд бүтцийг ашигладаг. Мөн энэхүү суперкомпьютер нь CUDA-Q хэмээх хосолсон тооцооллын программчлалын багц бүхий платформоор ажилладаг. Энэ платформ нь CPU, GPU болон QPU (кубит процессор)-уудыг нэгтгэж, квант алгоритм болон симуляци боловсруулах боломжийг бүрдүүлдэг. ABCI-Q суперкомпьютер нь гурван төрлийн квант процессорыг нэгтгэсэн бөгөөд энэ нь уг системийг олон төрлийн квант технологийг нэг орчинд турших, хосолсон (hybrid) квант-GPU тооцоолол хийх боломжтой болгож байна. Үүнд:

  • Fujitsu-ийн супер дамжуулагч кубит процессор нь RIKEN-тай хамтран хөгжүүлсэн, 256 кубит бүхий өндөр нарийвчлалтай супер дамжуулагч квант чип юм.
  • QuEra-гийн цахилгаан саармаг атомт квант процессор нь лазераар өдөөгдсөн рубидиум атом дээр суурилсан бөгөөд программчлагдах квант массив (FPQA) архитектур бүхий шийдэл юм.
  • OptQC-ийн фотоны кубит процессор нь гэрлийн бөөм болох фотонд суурилсан технологи бөгөөд цахилгаан болон дулааны нөлөөнд бага мэдрэмтгий, өрөөний температурт тогтвортой ажиллах чадвартайгаар онцлог юм.

ABCI-Q суперкомпьютер нь квантын алдаа засварлалт, алгоритмын хөгжүүлэлт, хиймэл оюун ухаан ба квант тооцооллыг нэгтгэсэн систем боловсруулах зэрэг үндсэн чиглэлд зориулагдсан бөгөөд олон төрлийн квант технологийг нэг дор туршиж, бодит хэрэглээнд ойртуулах шинэ үеийн хосолсон тооцооллын экосистем болох зорилготой хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж:

NVIDIA Powers World’s Largest Quantum Research Supercomputer | NVIDIA Newsroom

Fujitsu & RIKEN: 256-qubit superconducting quantum processor

QuEra launches Aquila on Amazon Braket

OptQC Commences Construction of Optical Quantum Computer

Quantum-2 InfiniBand Platform | NVIDIA

Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбарын ЭШДаА Н.Отгонзул 


Бусад мэдээлэл