GOOGLE EARTH-Р ЗУРАГЛАСАН СОНИН ЗҮЙЛС
GOOGLE EARTH-Р ЗУРАГЛАСАН СОНИН ЗҮЙЛС

2005 оноос эхлэн Google Earth-д хиймэл дагуул, агаарын зураг, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн зураг гэхчлэн олон эх эх үүсвэрээс дэлхийн гадаргыг нэгтгэн зурагласан билээ.

Эдгээр зургийг хэн ч үзэх боломжтойгоос гадна дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс энэхүү баялаг санг ашиглан олон нийтэд илрээгүй байж болох сонин хачин газруудыг эрэлхийлсээр байдаг.

Энд бид хамгийн сонирхол татсан зураглал, газар, байршлыг үзүүлье.

КАЗАКСТАНЫ СВАСТИК

 Тургайн Свастик Хас тэмдэгт хэлбэртэй тэмдэгт газар Казахстан  (Google Earth-н зураг) /50°49'58.86"N, 65°19'34.35"E/

2007 онд Казакстаны археологич Дмитрий Дей Google Earth ашиглан анх нээсэн бөгөөд судлаачид энэхүү геолифийг 2000-аад жилийн настай гэж таамаглаж байна. Тус хас тэмдгүүдийг нь мод болон шороон довоор хийсэн боловч ямар зорилгоор хэн бүтээсэн нь тодорхойгүй. Гэвч шашин шүтлэгийн зан үйл эсвэл одон орны судалгаанд зориулан бүтээсэн байх гэсэн таамаглал байдаг.

АЗРАКИЙН БАЯН БҮРД ОРЧМЫН ДУГУЙ ХЭЛБЭРТЭЙ ЧУЛУУН БАЙГУУЛАМЖ

Азракийн баян бүрд орчмын дугуй хэлбэртэй чулуун байгууламж  (Google Earth-н зураг)/ 31°47′00″N, 36°40′30″E/

Google Earth  газрын гадарга дээрхи маш эртний хийцийг олсон нь Йорданы Азракийн баян бүрдийн ойролцоо орших дугуй хэлбэртэй чулуун байгууламжууд юм. Энэ нь Ойрхи Дорнодын хамгийн сонирхолтой археологийн дурсгалуудын нэг бөгөөд байгууламжийг зөвхөн агаараас л бүрэн харах боломжтой.  Хэлбэрийн хувьд ишнээс салаалсан дугуй чулуун байгууламжууд байх ба зарим нь голдоо цэгүүдтэй, бусад нь нар мандахтай зэрэгцэх байдлаар байрласан байдаг. Судлаачдын таамгаар эдгээр байгууламжууд 2,000–8,500 жилийн настай байж болзошгүй, ямар зориулалттай барьсан нь тодорхойгүй хэвээр боловч зарим судлаачид оршуулгын газар гэж үзэж байсан ч сүүлийн үед энэхүү онол нь няцаагдаж байна. Өөр нэг таамаглалаар, шашны зан үйл, эсвэл одон орны зориулалттай байж болзошгүй гэж үздэг. Учир нь зарим дугуй бүтэц нь өвлийн нар буцах үеийн нар мандах чиглэлтэй таарч байдаг.

 

ЭЛЭГДСЭН ЕГИПЕТИЙН ПИРАМИД УУ, ЭСВЭЛ ГЕОЛОГИЙН ТОГТОЦ УУ? 

2012 онд Google Earth ашиглан Египетийн Файюм цөлд пирамидтай төстэй хэлбэр бүхий толгод илрүүлсэн нь археологийн сонирхол татсан нээлт болсон юм. Судлаач Анжела Майкол эдгээрийг анх таньсан байна. (Google Earth-н зураг)/ 29.3071° N, 30.8429° E /

4 талт, пирамид хэлбэртэй, ойролцоогоор 42 метрийн өргөнтэй ба 3 жижиг толгод нь Гизагийн пирамид шиг тэгш байрлалтай харагддаг.
 (Google Earth-н зураг)/ 29.3071° N, 30.8429° E /

Файюм нуурын ойролцоо байрладаг, нийтдээ 100 метр орчим урттай толгодын гинжин хэлхээтэй.

Зарим геологичид үүнийг байгалийн тогтоц гэж үзэж байна.Жэймс Харрелл (Толедогийн Их Сургуулийн геологич) Эдгээрийг өндөрлөгөн хэлбэртэй хад чулуу байж болзошгүй бөгөөд элэгдлийн улмаас зөөлөн хөрс алга болж, хатуу давхаргууд үлдсэнээр ийм пирамид хэлбэртэй болж харагдда г хэмээн тайлбарлаж байгаа аж.

 Археологийн судалгаа хийгдээгүй учир одоогоор эдгээр байгууламж нь хүн бүтээсэн гэх нотолгоо байхгүй, хээрийн товлолт судалгаа, бодит малтлага хийж байж эцсийн шийдэлд хүрнэ

НУУЦАТ ЭЛСЭН АРАЛ "SANDY ISLAND"

 “Элсэн арал” (Sandy Island) нь Google Earth болон бусад газрын зурагт олон жилийн турш тэмдэглэгдсэн ч бодитоор оршдоггүй, сүнстэй арал хэмээн алдаршсан газар юм.​

Энэхүү арал нь Шинэ Каледони улсын баруун хойд хэсэгт, Корал тэнгисийн нутаг дэвсгэрт байрладаг хэмээн тэмдэглэгдсэн байсан бөгөөд Google Earth дээр олон өнцөгт хар дүрстэй харагддаг байна.

2012 онд Австралийн судлаачид R/V Southern Surveyor судалгааны хөлгөөр уг арал орших ёстой газарт очиход, тэнд ямар ч арал байгаагүй бөгөөд далайн ёроол нь 1300 метрийн гүнд байжээ. Ингэж “Элсэн арал” нь бодитоор оршдоггүй болохыг баталсан юм. ​

“Элсэн арал” нь 19-р зууны сүүлчээр далайн газрын зурагт анх тэмдэглэгдсэн бөгөөд тухайн үед Velocity нэртэй хөлөг онгоцны бүртгэлд “элсэн арал” хэмээн тэмдэглэсэн байжээ. Үүний дараа олон газрын зурагт тусгагдсан ч, бодит судалгаа хийгдээгүй тул алдаатай мэдээлэл үргэлжилсээр ирсэн байна. ​

2012 оны 11-р сард “Элсэн арал”-ыг бодитоор оршдоггүй болохыг баталсны дараа Google Maps, National Geographic зэрэг байгууллагууд уг аралтай холбоотой мэдээллийг газрын зургаасаа хассан байна.

ЦӨЛИЙН АМЬСГАЛ DESERT-BREATH

 

Цөлийн амьсгал desert-breath (Google Earth-ын зураг)  / 27°22'54.6"N 33°37'48.5"E /


Desert Breath-Цөлийн амьсгал бол Египетийн Сахарын цөлд орших, гайхамшигтай хэмжээтэй газар дээрх урлагийн бүтээл юм. Энэ нь 1997 онд Грекийн D.A.ST. Arteam-ын уран бүтээлчид болох  Данае Страту, дизайнер Александра Страту, архитектор Стелла Константинидис нар бүтээсэн байна. Тэдний зорилго нь цөлийн орчныг ашиглан хязгааргүй байдлыг илэрхийлэх явдал байжээ.​

Desert Breath-Цөлийн амьсгал бол Египетийн Сахарын цөлд орших, гайхамшигтай хэмжээтэй газар дээрх урлагийн бүтээл юм. Энэ нь 1997 онд Грекийн D.A.ST. Arteam-ын уран бүтээлчид болох  Данае Страту, дизайнер Александра Страту, архитектор Стелла Константинидис нар бүтээсэн байна. Тэдний зорилго нь цөлийн орчныг ашиглан хязгааргүй байдлыг илэрхийлэх явдал байжээ.​

"Цөлийн амьсгал" нь Египетийн Улаан тэнгисийн эрэгт орших Эль Гуна хотын ойролцоо, Сахарын зүүн хэсэгт байрладаг. Тус байгууламж нь хоёр давхаргат спираль хэлбэртэй бөгөөд 89 шовгор хэлбэрийн овоо ба , 89 хонхорхой хэлбэрийн хотгорууд бүхий төвөөсөө гадагш тэлэх байдлаар зохион байгуулагдсан. Урьд нь төв хэсэгт 30 метрийн диаметртэй усан сан байсан ч одоо хатаж ширгэсэн байна. Бүтээлийг хийхэд нийт 8000 м³ элсийг шилжүүлсэн бөгөөд хотгоруудаас гарсан элсыг өндөрлөгүүдийг байгуулахад ашигласан. ​

"Desert Breath" нь байгалийн элэгдэлд өртөн, өөрчлөгдөж байгаа нь цаг хугацааны нэгэн нэгэн төрлийн "хэмжүүр" болно гэж уран бүтээлчид үздэг. ​Live Science

ХЯТАДЫН ГОВЬ ДАХЬ НУУЦЛАГ ХЭЭ

Хятадын цөлийн нууцлаг хээ (Google Earth-ын зураг)  / 40°27'07.6"N 93°44'31.6"E/

Хятадын цөлд Google Earth-ийн илрүүлсэн нууцлаг бүтэц, хээ угалз нь олон нийтийн анхаарлыг татаж, янз бүрийн таамаг дэвшүүлж байв. Зарим нь эдгээрийг пуужингийн туршилтын талбай, хиймэл дагуулын чиглүүлэлтийн хяналт шалгалтын тэмдэглэгээ, эсвэл бүр харь гарагийнхантай холбоотой гэж үзэж байжээ.​ Гэтэл  Аризонагийн Их Сургуулийн Марс Судалгааны Төвийн судлаач Жонатан Хилл эдгээр бүтэц нь Хятадын тагнуулын хиймэл дагуулуудыг калибровк хийх зорилготой гэж тайлбарласан. Тухайлбал, 1.15 км урт, 1 км өргөнтэй, цагаан шугамуудаас бүрдэх тор хэлбэрийн бүтэц нь хиймэл дагуулын камерын чиглэл, нарийвчлалыг тохируулахад ашиглагддаг. Эдгээр шугамууд нь будаг эсвэл өөр төрлийн материал ашиглан зурсан байж болзошгүй бөгөөд байгалийн ус зайлуулах суваг дээр тасалдсан байдлаар харагддаг. ​CBS News

ТРЕМЕНТИНАГИЙН БААЗ

 Трементинагийн бааз ( Google Earth-ын зураг) / 35°31'28.6"N 104°34'20.2"W /

Трементинагийн бааз (Trementina Base) нь АНУ-ын Нью-Мексико мужийн Трементина хотын ойролцоо байрлах, Сайентологийн Сүнслэг Технологийн Сүм (Church of Spiritual Technology, CST)-тэй холбоотой нууцлаг байгууламж юм. Энэхүү байгууламж нь Сайентологийн үндэслэгч Л. Рон Хаббардын бичвэр, аудио бичлэг, кино зэргийг ирээдүйд хадгалах зорилгоор баригдсан бөгөөд 1980-аад оны сүүлчээр байгуулж байжээ

Трементинагийн бааз нь уулын дотор байрлах гүнзгий агуулах, хувийн нисэх зурвас (San Miguel Ranch Airport, NM53), хэд хэдэн орон сууц болон CST-ийн лого бүхий агаарын тэмдэглэгээнүүдээс бүрдэнэ. Эдгээр тэмдэглэгээ нь зөвхөн агаараас харагдах бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр, ирээдүйд сансрын аяллаар буцаж ирэх Сайентологчдод зориулсан "буцах цэг" гэж үздэг. ​Wikipedia

Баазын гол зорилго нь Л. Рон Хаббардын бүтээлүүдийг зэвэрдэггүй ган хавтан дээр сийлж, титан капсулд хадгалах замаар олон мянган жилийн турш хамгаалах явдал бөгөөд  цөмийн сүйрэл мэтийн гамшгийн үед ч хадгалагдаж, ирээдүйд хүн төрөлхтний соёл иргэншлийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. ​

ВОСТОК АРАЛ
Vostok Island (Google Earth-ын зураг)  /10°03'45.0"S 152°19'59.9"W/

Восток арал нь Номхон далайн төв хэсэгт орших, Кирибати улсын харьяа жижиг, хүн амьдардаггүй арал юм. Google Earth -с харахад энэ арал бараг "харлуулсан сүүдэр" мэт харагддаг бөгөөд энэ нь олон хүний анхаарлыг татаж, янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргэдэг боловч ямар нэгэн нууж хаасан зүйл, цэргийн нууц бааз огт биш харин арал бүхэлдээ "Pisonia" нэртэй навчис нь маш нягт хар ногоон өнгөтэй өтгөн ой модоор бүрхэгдсэн байдаг нь хиймэл дагуулын зурган дээр нарны гэрлийн өнцөг, сүүдэр зэргээс шалтгаалан хар өнгөтэй мэт харагддаг байна. 

Восток арал нь хүн амьдардаггүй учраас маш цэвэр, эвдрээгүй далайн экосистем бөгөөд шувуу, далайн амьтадын амьдрах таатай орчин болохыг 2009 онд далайн экологич Энрик Сала судалгаагаар тогтоожээ.

МОЗАМБИКИЙН ЛИКО УУЛ


Мозамбикийн Лико уул. (Google Earth-ын зураг) /15°07'43.0"N 37°52'15.0"E/

Хүн төрлөхтөн өөрсдийгөө дэлхийн өнцөг булан бүрийг судлаж үзсэн судлагдаагүй бие амьтан байхгүй гэж тунхаглаж байсныг 2012 онд Британи судлаач Жулиан Бэйлисс Google Earth ашиглан Мозамбикийн Лико уулыг олж илрүүлснээр дэлхийн судлагдахүүн арвин байгааг баталжээ. Лико уул нь тус улсын хойд хэсэгт, Замбезия мужийн Альто Молокү дүүрэгт орших, 1,100 метрийн өндөртэй тусгаарлагдсан 700 метрийн өндөртэй эгц хадан ханатай бөгөөд орой дээрээ 30 га талбай бүхий ширэнгэн ойтой. Энэхүү ой нь олон мянган жилийн турш хүний нөлөөнд өртөөгүй байж болзошгүй гэж үздэг. ​ 2018 оны тавдугаар сард олон улсын багийг удирдан уулын орой дээрх ойд судалгаа хийжээ. Энэхүү экспедицийн үеэр шинэ төрлийн эрвээхэй, пигмей хамелеон зэрэг амьтан, ургамлын шинэ зүйлүүдийг нээсэн байна. ​Mongabay

Лико уулын энэхүү онгон дагшин экосистем нь байгалийн судалгаа, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр чухал ач холбогдолтой бөгөөд дэлхий дээрх хамгийн онгон, судлагдаагүй ширэнгэн ойд тооцогддог.

LANDLOCKED LIPS

Landlocked lips (Google Earth-ын зураг) / 12°22'13.32"N, 23°19'20.18"E./

Уруул шиг” харагдах энэхүү тогтоц нь Суданы Дарфур мужийн Гарб нутагт орших уулын формаци юм. Google Earth дээр харахад уруулын хэлбэртэй ногоон өндөрлөг хоёр хөндий дунд оршдог бөгөөд яг л хүний уруул шиг сэтгэл татам дүр зурагтай.

Энэ “уруул”-ын дүрс нь уулын эгц налуу, голд нь бага зэрэг хонхойсон байдалтай өндөрлөг газраас бүрддэг, тод ногоон өнгө, уруул шиг төвгөр хэлбэр нь хиймэл дагуулын зураг дээр онцгой содон харагддаг бөгөөд байгалийн элэгдэл, салхи, борооны нөлөөгөөр ийм өвөрмөц хэлбэр үүссэн гэж үздэг бөгөөд Google Earth-ийн “анамали” буюу хачирхалтай байгалийн дүрслэлийн нэгэнд тооцогддог ямар нэгэн хүний бүтээл биш, цэвэр байгалийн гаралтай геологийн бүтэц юм.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

https://www.youtube.com/watch?v=Qh9_CJ_ftXE

https://www.livescience.com/28828-10-strangest-sights-google-earth.html

Secrets revealed: Researchers explore unique, isolated forest in Mozambique

Trementina Base - Wikipedia

Mysterious patterns in Gobi Desert deciphered - CBS News

«Дыхание Пустыни» в Египте | АрабМир
Мэдээ бэлтгэсэн: ЭША Г. Булган

 


Бусад мэдээлэл