Дэлхийн хамгийн дэвшилтэт 5 AI систем 2023 оны байдлаар
OpenAI стартап компанийн 2022 оны 11-р сарын 30-нд бүтээсэн хиймэл оюун ухааны шинэ систем дэлхий нийтийг гайхшируулж байна. Анх худалдаанд гарахад дэлхий нийтээрээ түүний онцлог, боломжуудын талаар ярилцаж байсан ба хамгийн сонирхолтой нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 5 сая орчим хэрэглэгчтэй болсон байна.
Энэхүү хиймэл оюуны технологийг ChatGPT гэж нэрлэдэг. ChatGPT нь хүчирхэг хэлний том загваруудын нэг бөгөөд интернэтээр олон тэрбум текст, өгөгдөл дээр сургагдсан томоохон нейрон сүлжээ юм. ChatGPT нь хүний яриаг ойлгож, хариу өгөх чадвартай. ChatGPT бол дэлхий дээр байдаг дэвшилтэт хиймэл оюуны системүүдийн зөвхөн нэг жишээ юм. Энэхүү нийтлэлээрээ 2023 оны байдлаар дэлхийн хамгийн дэвшилтэт 5 хиймэл оюуны системийг толилуулж байна.
1. GPT-3 (OpenAI)
Жагсаалтын нэгдүгээрт Generative Pre-trained Transformer 3-ын товчлол GPT-3 нь OpenAI-ийн боловсруулсан үр бүтээлтэй хэлний загваруудын гурав дахь цуврал юм. GPT-3 бол текст бичих, хүний хэл яриаг ойлгох чадвартай том хэмжээний нейрон сүлжээ юм.
GPT-3 нь 175 тэрбум параметртэй олон их
наяд байтаар хэмжигдэх өгөгдөл ашиглан сургалт хийгдсэн хэлний хамгийн том
загваруудын нэг юм. Майкрософтын Turing NLG загвар нь GPT-3-тай харьцуулбал
хамаагүй бага буюу 17 тэрбум параметр ашигласан
байна.
GPT-3 нь төсөлд зориулан код бичих, дипломын ажил бичих, YouTube-ийн видеонд зориулан текст бичих гэх мэт олон зүйлийг хийж чаддаг. Жишээлбэл, GPT-3-аас "1 кг хөвөн эсвэл 1 кг төмрийн аль нь илүү жинтэй вэ, " гэж танин мэдэхүйн асуулт асуувал хоёулаа ижил жинтэй гэж хариулах болно.
OpenAI-ийн эрдэмтэд, судлаачид GPT-3-ийн сайжруулсан GPT-3.5 хувилбарыг бий болгосон ба энэ загвар нь хүмүүстэй яриа өрнүүлэх, дараалсан асуултуудад хариулах чадвартай.
2. AlphaGo (Google DeepMind)
AlphaGo бол Alphabet Inc-ийн охин компани болох DeepMind-ийн бүтээсэн хиймэл оюун ухаан юм. AlphaGo нь 2016 онд дэлхийн хамгийн ухаалаг Го даамын тоглогч Ли Седолыг тав дараалан хожсоноор алдаршжээ.
Го даам бол энгийн дүрэмтэй боловч хүний зөн совингүйгээр тоглох боломжгүй, тоглоход төвөгтэй эртний Хятадын ширээний тоглоом юм. Энэ тоглоом нь асар олон тооны нүүдэлтэйн улмаас тоглоход үнэхээр хэцүү, маш төвөгтэй, машин сурах боломжгүй гэж олон эрдэмтэд тухайн үед бодож байсан.
Гэтэл AlphaGo нь зөн совинг хүний түвшинд хүртэл “хөгжүүлж” тоглоомыг хэнээс ч илүү бүтээлчээр тоглодог.
АlphaGo-г Deep Reinforcement Learning гэж нэрлэгддэг машин сургалтын аргаар сургасан. Reinforcement Learning арга бол алдаан дээрээсээ суралцах зарчимд тулгуурладаг.
DeepMind-ийн хиймэл оюун ухааныг Го тоглохоос гадна олон төрлийн зорилгод ашиглаж болно. Жишээлбэл инженерүүд түүнийг Google дата төвүүдийн хөргөлтийн системийг хянах, уураг нугалах[1] гэх мэт бусад төрлийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж байна.
[1] уураг нугалах - уургийн гинжийг үндсэн гурван хэмжээст бүтцэд шилжүүлэх физик үйл явц бөгөөд энэ нь ихэвчлэн "атираат" конформаци болж, уураг нь биологийн функциональ болдог.
3. Watson (IBM)
Ватсон бол IBM компанийн бүтээсэн хиймэл оюун ухааны систем юм. Хэлний дэвшилтэт боловсруулалт болон нейроны сүлжээнд суурилсан хүний асуултад хариу өгөх чадвартай чатбот хэлбэрээр Ватсонг анхлан бүтээжээ. Хожим нь IBM компани Ватсоныг "Jeopardy" нэртэй Америкийн алдартай асуулт хариултын шоунд хүмүүсийн эсрэг оролцуулахад Ватсон уг тоглолтын аваргуудыг хожиж, нэг сая ам.долларын шагнал хүртжээ.
Сүүлийн жилүүдэд Ватсон илүү чадварлаг болсон тул IBM-ийн инженерүүд түүнийг харилцагчийн үйлчилгээ, чатбот, виртуал туслах, зөвлөх үйлчилгээний систем гэх мэт олон хэрэгсэл, программуудыг бүтээхэд ашиглаж байна.
Ватсон хүний зургийг хараад арьсны хорт хавдар тусах магадлалыг урьдчилан хэлж чаддаг. Мөн хорт хавдар, зүрх судасны өвчин, зүрхний өвчин гэх мэт төрөл бүрийн өвчнүүдийг өндөр нарийвчлалтай илрүүлж, эмчилгээнд тохирох эмийг санал болгодог. Дэлхийн олон эрүүл мэндийн төвүүд, эмнэлгүүд Ватсоны эдгээр чадварыг үйлчилгээндээ ашиглаж байна.
4. Sophia (Hanson Robotics)
Hanson Robotics-ийн бүтээсэн София нь зөвхөн гайхалтай хиймэл оюун ухаан төдийгүй хүний дүр төрх, зан авирыг дуурайх зориулалттай хүн дүрст робот юм. София нь нүүрний хувирал, дохио зангаа, хэл яриагаар хүмүүстэй харилцах зорилгоор бүтээгдсэн.
София бол яриа таних, яриаг боловсруулах, ярианы синтез, роботын нүүрний хувирал, дохио зангаа, сэтгэл хөдлөлийн симуляци зэрэг хиймэл оюун ухааны хамгийн дэвшилтэт функцуудыг агуулсан робот юм.
Софиягийн бас нэг агуу чадвар бол туршлагаар дамжуулан шинэ зүйлийг сурч, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвар юм. Тэр шинэ зүйл сурах асар их нөөц бололцоогоор хангадаг интернэтэд холбогдсон байдаг.
София хүнтэй төстэй зан чанараараа олны анхаарлыг татаж алдартай болсон. 2017 оны аравдугаар сард Саудын Арабаас Софияд иргэншил олгож иргэншил авсан анхны робот болж түүхэнд бичигджээ.
5. Tesla Autopilot (Tesla Inc)
Tesla Inc нь цахилгаан автомашины салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус компанийн зорилго нь автомашин, ачааны машин гэх мэт цахилгаан машинуудыг өндөр технологиор бүтээх явдал юм. Тэд цахилгаан машин үйлдвэрлэхээс гадна хиймэл оюун ухааны бүхий л боломжийг ашиглаж автомашин жолоодохыг амар хялбар болгохоор ажиллаж байна.
Тэдний бүтээсэн Тесла автомат жолооч маш их алдартай. Тесла автомат жолооч камер, радар, хэт авианы мэдрэгч, GPS ашиглан тээврийн хэрэгслийг удирдах чадвартай хиймэл оюун ухааны цогц систем юм. Автомат жолооч нь автомашиныг хурдлуулж, удаашруулж жолоодож чадна. Энэхүү систем нь автомашины эргэн тойрон, замын нөхцөл байдлыг хараад өөрөө машинаа жолоодож, зогсоож, ухрааж чаддаг. Өөр нэг сонирхолтой баримт бол энэхүү хиймэл оюун ухаан нь ослыг 90-95 хувийн нарийвчлалтайгаар илрүүлж эрс багасгадаг.
Тесла автомат жолооч нь Computer Vision, Deep Learning, Sensor Fusion, Motion Planning зэрэг хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг ашигладаг бөгөөд хэрэглэгдэх явцдаа олж авсан туршлагаа ашиглан суралцахын тулд Deep Reinforcement Learning ашигладаг. Үнэндээ Тесла автомат жолооч нь зам дээр зөв шийдвэр гаргахын тулд байнга суралцаж өөрийн чадвараа сайжруулдаг байна.
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША, Б.Хажидмаа
Эх сурвалж:
- https://www.
pycodemates. com/2023/02/top-5-worlds-most-advanced-ai-systems. html - https://en.
wikipedia. org/wiki/Protein_folding