Үндсэн агуулга руу

Мэдээ

Зах зээлийн төгс эдийн засаг гэж байх уу?

2023.08.21  |  МэдээfX⧉

ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨГС ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ БАЙХ УУ?

Байж болох бүх мэдээллийг боловсруулснаар зах зээлийн үнэ тогтохыг төгс зах зээл гэдэг. Тиймээс илүү буюу дутуу үнэлэгдсэн хөрөнгө гэж байхгүй буюу зах зээлийн үнээс хожил олох боломжгүй гэж уламжлалт эдийн засагчид үздэг.

· Өнгөрсөн дэх бүх мэдээллийн нөлөө хөрөнгийн үнэлгээнд орсон гэж үзэх нь төгс зах зээл дээрх хамгийн муу таамаг юм.

· Төгс зах зээлийн арай гайгүйд орох таамаг бол суурь болон техникийн шинжилгээнээс гадна агшин зуурын шинэ мэдээллүүдийг хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглах явдал юм.

· Хамгийн гайгүйд тооцогдох төгс зах зээлийн таамаг бол олон нийтийн болон дотоод бүх мэдээнүүд үнэлгээнд ашиглагдах буюу зах зээлээс ямар ч хөрөнгө оруулагчид ашиг хүртэхгүй байх тохиолдол юм.

Төгс зах зээл дээрх таамаглалын оновтойг нотлохын тулд дараах хоёр нөхцөл биелэх хэрэгтэй.

1. Мэргэжлийн бус арилжаачид(дамын наймаачид) системчлэгдсэн байх ба сүргийн сэтгэлгээ гэж зүйл байх ёстой.

2. Тодорхой нөхцлийн дагуу дамын наймаачид их хэмжээний ашиг олж урт хугацаанд оршин тогтнох шаардлагатай.

Эндээс харахад төгс зах зээлийн таамаг нь учир дутагдалтай болох нь харагдаж байна.

Физикийн хуулийн дагуу мэдээлэл хүлээн авах, боловсруулахад энерги зарцуулах хэрэгтэй. Төгс зах зээлийн таамаг нь мэдээллийг олж авах, хадгалах, боловсруулахад шаардлагатай термодинамикийг авч үздэггүй. Суперкомпьютер ашиглан алгоритмын арилжаа хийдэг том корпорациуд хүртэл мэдээллийн энтропи болон термодинамикаас шалтгаалан бүх мэдээллийг, агшин зуурт ашиглаж, боловсруулж чаддаггүй. Тиймээс арилжаанд орж буй бусад хувь хүмүүс болон хөрөнгө оруулалтын сангийн менежерүүдийн бүх мэдээллийг агшин зуурт ашиглаж, боловсруулах чадвар нь ямар байх нь ойлгомжтой. Төгс зах зээлийн таамаг нь мэдээллийг үнэгүй гэж үздэг бол бодит байдал дээр харин ч эсрэгээрээ юм.

“Термодинамикийн хууль”-ийг хүний тархиар төлөөлүүлэн авч үзье,

Бидний өдөр бүр авч буй илчлэгийн хэмжээгээр тархины нийт мэдрэлийн эс болон бусад биеийн хэрэглэх энергийн хэмжээ хязгаарлагддаг. Хүний тархи нь биеийн жингийн 2% орчмыг эзэлдэг ч нийт энергийн 25%-ийг зарцуулдаг. Бусад хөхтөн амьтад түүхий хүнс хэрэглэдэг учир хоол боловсруулахдаа ихэнхи энергээ зарцуулдаг бол хүмүүс гадны энергийг ашиглан хоолоо урьдчилан боловсруулснаар тархиндаа илүү энерги зарцуулах боломжтой болдог. Тархи нь энгийн шугаман функц ашиглан тооцон боддог бөгөөд тооцон бодох чадвар нь тархины хэмжээнээс хамаардаггүй, харин мэдрэлийн эсүүдийн тооноос хамаардаг. Хүн төрөлхтөн нь бусад амьтадтай харьцуулахад хамгийн их буюу 86 тэрбум орчим мэдрэлийн эстэй учир хамгийн сайн мэдээлэл боловсруулах чадвартай. Онолын хувьд тархи нь өдөрт 73*  гигабайт мэдээ боловсруулах боломжтой. Тиймээс термодинамикийн хуулиар бол илүү их мэдээлэл боловсруулахын тулд илүү их энерги хэрэгтэй болж байгаа юм. Хангалттай мэдээ цуглуулж шийдвэрийг оновчтой болгох тусам энергийн хэрэглээ нэмэгдэж зардал өснө гэсэн үг. Тархинд  1 ба 2 дугаар систем гэж байдаг. Систем1 нь илүү идэвхигүй хэлбэрээр хурдан хугацаанд бодож бага энерги зарцуулдаг. Систем2 нь илүү системчилсэн байдлаар удаан хугацаанд бодож их энерги зарцуулдаг. Систем2 горимд удаан хугацаагаар юм бодох нь хүмүүст хэцүү байдаг тул тархи нь автоматаар өөрөө Систем1-д шилжиж энергиийн хэрэглээг багасгаж, тохируулдаг.Тархи нь аль болох бага энергээр, хурдан хугацаанд, тодорхой хэмжээний мэдээллийг боловсруулж(хангалттай их биш) оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоос нь өргөсөж, нарийсаж байдаг бөгөөд өргөсөх тусам 2 мэдрэлийн эсүүдийн хооронд цахилгаан гүйдэл сайн урсаж тухайн 2 мэдрэлийн эс нь нэг олонлогт байх магадлал өснө. Тархи нь 0 ба 1 гэсэн логикоор ажилладаг байсан бол тухайн мэдрэлийн эс нь тухайн олонлогт харьяалагдана, харьяалагдахгүй гэсэн 2 шийдвэр л гарах байсан. Гэтэл мэдрэлийн эсийн холбоосууд нь энэхүү шийдвэрийг тодорхой магадлалтайгаар гаргах функийн үүргийг гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл гурав буюу түүнээс дээш тооллын логиктой гэсэн үг. Хэрвээ тархи нь хоёртын тооллын логикоор ажилладаг байсан бол мэдрэлийн эсүүдийн холбоосын өргөний хэмжээ нь яг хоорондоо адилхан байх байсан. Бидний мэдрэлийн эсүүд гаднаас маш их хэмжээний замбараагүй, тодорхойгүй мэдээллийг хүлээн авдаг бөгөөд тархи нь эдгээр мэдээллийг параллелиар боловсруулж тухайн өгөгдлүүдийг тодорхой нэг олонлогт хамаарах магадлалыг тооцоолон гаргаж олон тооны өгөгдлийн олонлог үүсгэдэг. Энэхүү үйлдэл нь ийнхүү явсаар тодорхойгүй мэдээллүүдийг тодорхой болгох алгоритм болж хувиран аль болох оновчтой шийдвэр гаргадаг. Тухайн нэг сэдвийг суралцаж илүү сайн мэддэг болох тусам магадлалын хувийг ихэсгэдэг буюу мэдрэлийн эсүүдийн хоорондох холбоос өргөснө. Оновчтой, ижил төстэй үр дүн гарах тоолонд магадлалын түвшин ихэснэ.

Энд “Мэдлэгийн тодорохой бус байдал”-ыг мөн тайлбарлах хэрэг гарна,

Мэддэг

Мэддэггүй

Мэддэг

Мэддэгээ мэддэг.

Мэдлэгийн тодорхой бус байдал 0%.

Мэддэг гэж бодож байсан боловч дараа нь бүрэн мэддэггүй байсан гэдгээ ойлгох. Мэдлэгийн тодорхой бус байдал > = 0% and < 100%.

Мэддэггүй

Мэддэг боловч ойлгодоггүй. Мэдлэгийн тодорхой бус байдал > = 0% and < 100%.

Мэдлэгийг ойлгох чадалгүй, боломжгүй. Мэдлэгийн тодорхой бус байдал 100%.

Холбогдох бүх мэдээлэл гэж яг юуг хэлэх вэ? гэдгийг тодорхойлоход асуудал үүснэ. Үнийн мэдээллийг сараар, өдрөөр, цагаар, секундээр, миллисекундээр эсвэл наносекундээр авах уу? Түүхэн мэдээллийг компанийн үүсэн байгуулагдсан үеэс авах уу, тухайн улсад хөрөнгө арилжигдсан үеээс үү, тухайн улс тусгаар тогтносон үеээс үү, эсвэл хүн төрлөхтөн бартер хийж эхэлсэн үеэс үү? Холбогдох бүх мэдээлэл гэдгийн утгыг жоохон оролдвол ийнхүү тодорхойгүй болж байна.

Аливаа олонлог нь тухайн зорилтод үр дүнг хэсэгчлэн эсвэл бүрэн бус илэрхийлэхийг мэдлэгийн тодорхой бус байдал гэнэ. Бид шинээр төрсөн хүүхдийг залуухан, 100-аас дээш насны хүнийг хөгшин гэж хялбархан тодорхойлж чадна. Гэтэл яг 25,35,40,65 гэх мэт наснаас залуу байж байгаад хөгшин болно гэдэг тодорхой нэг агшнийг тодорхойлох боломжгүй. Мөн газраас тэнгэр рүү хараад үүлний хүрээ, зах хязгаарыг хялбархан тодохройлж болох бол онгоцоор ойртоод очвол нөгөө хил хязгаар замхран алга болно. Үүнтэй адилаар мэдлэгийн тодорхой бус байдал нь ямар нэг хэмжээгээр заавал оршин байх бөгөөд мэдлэгийн төгс тодорхой байдал гэж байх боломжгүй(энтропи үргэлж оршин байна). Энэ нь хоёртын тоолол (ж: үнэн, худал) гэсэн логик ойлголтоос давж гуравт(ж: цагаан, саарал, хар) буюу түүнээс дээш тоолол руу шилжин өргөжиж буй хэрэг юм. Үүнээс улбаалан холбогдох бүх мэдээллийг мэдлэгийн тодорхой бус байдал нь 0% байх өгөгдлийн олонлог гэж тодорхойлж болно. Ийм олонлогийг үүсгэхийн тулд хязгааргүй их өгөгдөл, мөн хязгааргүй их энерги зарцуулах шаардлага үүснэ. Тиймээс зах зээлд арилжаанд орж буй субьект бүхэн тодорхой түвшинд дамын наймаачид(төгс мэдээ, мэдлэггүй буюу мэдлэгийн тодорхой бус байдал нь 0%-ээс их) байна гэсэн үг бөгөөд энэ нь төгс зах зээлийн таамаглал гэсэн ойлголтыг няцааж байгаа юм. Учир нь мэдлэгийн тодорхойгүй байдал нь термодинамикийн хуулиар зохицуулагддаг шүү дээ. Тухайн нэг хүний хэрэггүй гээд орхисон өгөгдөл нь өөр нэг хүний алтан боломж болж байдаг. Энтропи үргэлж өсөх хандлагатай байдаг учраас ямар ч хөрөнгө оруулагчид тодорхойгүй байдлыг байнга даван туулж, зах зээлээс найдвартайгаар хожил авна гэж байхгүй.

Хөрөнгийн үнэ нь хязгааргүй их өгөгдлийг боловсруулсны үр дүнд тогтдоггүй бөгөөд харин төгс бус мэдээлэл дээр үндэслэгдсэн наймаачдын тохиролцооны үр дүнд тогтдог. Үнийн өөрчлөлт нь мэдээллийн өөрчлөлтөөс илүү хурдан гэсэн үг. Мэдээлэл бага байх тусам үнийн хэлбэлзэл ихэснэ. Дутуу үнэлэгдсэн, эсвэл хэт үнэлэгдсэн гэдэг ойлголт нь зөвхөн наймаачдын тохиолцооноос хамаарна. 2021 онд болсон GameStop-ийн шуугиан болон бусад олон жишээгээр үүнийг нотлоход хялбархан.

Эдгээрийг дүгнэж үзэхэд төгс зах зээлийн таамагт эргэлзэх гарцаагүй байдал үүсч байна. Хоёр хөрөнгийг ямар ч үнэ өртөггүйгээр солилцоход тухайн хоёр хөрөнгө нь ижил үнэтэй байна гэсэн төгс зах зээлийн хууль бий. Гэтэл мэдлэгийн тодорхойгүй байдал болон эмх замбараагүй байдлыг (энтропи) авч үзвэл хоёр хөрөнгийн үнэлгээ үнэхээр адилхан байна гэдэгт та итгэх үү? Бүх зүйл тодорхой байсан ч агшин зуурын үл мэдэгдэх өөрчлөлт хүртэл хөрөнгийн үнэнд маш их нөлөөлдөг. Ямар нэг тодорхойгүй байдлын хүрээнд үнэ ханш тогтмол өөрчлөгдөж байдаг нь өнөөгийн үнэ цэнийн аргаар хөрөнгийг үнэлэхэд түвэгтэй байдлыг үүсгэж байгаа юм. Тиймээс эдийн засагчид хүн төрөлхтөний зан төлөвийг илүү судлах нь зүйтэй болох нь харагдаж байна.

Орчуулан, найруулсан:

Г.Гантигмаа, ЭША, МТ, МТТХ

Эх сурвалж:

Bryon Robidoux, “The Actuary” journal, July 2021