avatar
Б Билгүүн

Нийтэлсэн

  • 2024-07-03
  • 4

Мэндчилгээ

 

Шинжлэх Ухааны Академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн цахим хуудаст тавтай морилно уу. 

 

    Тус хүрээлэнгийн үүслийг ШУА-ийн Физик-Химийн хүрээлэнд Математик, онолын физикийн тасгийг 1967 онд байгуулснаар эхэлсэн хэмээн үздэг. Улмаар хэд хэдэн удаагийн бүтцийн өөрчлөлтөд орж байсан түүхтэй. Орчин үеийн дэлхий дахины техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, “Аж үйлдвэрийн VI хувьсгал”-д бэлэн байх, хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах, судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх, нутагшуулах чиглэлээр 2019 онд Засгийн газрын 328-р тогтоолоор Математик, тоон технологийн хүрээлэнг шинэчлэн зохион байгуулсан билээ.

     Хүрээлэн нь онолын болон хэрэглээний математик, тоон технологийг хөгжүүлэх гэсэн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон ажиллаж байгаа бөгөөд хиймэл оюун, их өгөгдөл боловсруулах, ухаалаг төхөөрөмж зохион бүтээх, автоматжуулах, компьютерын шинжлэх ухааныг хөгжүүлж шинэ мэдлэгийг бүтээхээр зорин ажиллаж байна. Мөн ШУА-ийн дэргэдэх өндөр хүчин чадал бүхий “Тооцоолон бодох төв”-г байгуулан ажиллаж байгаа бөгөөд үндэсний “Суперкомпьютер” болгон өргөжүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Ирэх таван жилд “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөж буй хээрийн ба говь, цөлийн экосистемийн эмзэг байдлыг үнэлэх математик загварчлал болон мониторингийн сүлжээний цахим платформыг хөгжүүлэх” сэдэвт Монгол-Японы хамтарсан техник хамтын ажиллагааны (Science and Technology Research Partnership for Sustainable Development) судалгааны төслийг бусад хүрээлэнгүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр болсон нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг итгэлтэй байна.

Эрдмийн их үйлст өндөр амжилтыг хүсэн ерөөе!

ШУА-ийн, Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал, доктор 

 

            А.Мөнх-Эрдэнэ