avatar
Б Билгүүн

Нийтлэсэн

  • 2024-07-03
  • 1

Симуляци, тооцоолол

“СИМУЛЯЦИ, ТООЦООЛЛЫН САЛБАР”

Танилцуулга

Тус салбарт академич Т.Жанлав, академич О.Чулуунбаатар, доктор Б.Батгэрэл, доктор Р.Мижиддорж, доктор Н.Жаргалан, докторант Х.Отгондорж, магистр Г.Ундрал, магистр А.Ууганзаяа, магистр М.Чагдаржав, магистрант Б.Төмөрхуяг нарын судлаачид болон магистрант инженер Б.Мөнхтөр ажиллаж байна.

Зорилго

Тус салбар нь

  • Тооцон бодох математикийн онолын судалгаа хийх;
  • Физик, хими, биологийн процессийн загварчлал, симуляци явуулах;
  • Өндөр хүчин чадалтай ТООЦООЛОН БОДОХ ТӨВ байгуулж найдвартай ажиллагаагаар хангах, ШУА-ийн хүрээлэнгүүд, Их сургуулиудад үйлчлэх зорилготой.
Төсөл хөтөлбөр

  • Сплайн функц болон итерацийн аргын онол, хэрэглээ /2018-2020 он Удирдагч: Доктор Р.Мижиддорж/

                Гүйцэтгэгчид: академич Т.Жанлав, академич О.Чулуунбаатар, докторант Х.Отгондорж, гэрээт ажилтнууд


  • Молекулын динамик загварчлал, хэрэглээ /2019-2021 он Удирдагч: Доктор Б.Батгэрэл/

                Гүйцэтгэгчид: доктор Н.Жаргалан, М.Чагдаржав, Б.Төмөрхуяг, гэрээт ажилтнууд 

Онцлох үр дүн, бүтээл

Тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан, академич Т.Жанлав, академич О.Чулуунбаатар нар шугаман бус бодлого бодох Ньютон төрлийн шинэ арга боловсруулан программ хангамжийг хөгжүүлсэн нь “Математикийн ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан” хэмээн үнэлэгдэж 2012 онд нөхдийн хамт МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛ хүртжээ.

ТООЦООЛОН БОДОХ ТӨВ

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн нь шинжлэх ухааны салбарын судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зориулалттай Тооцоолон бодох төв байгуулахаар ажиллаж байна. Тус хүрээлэнд 2019 оны 9 сард Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтаас 96 160 000 төгрөгийн (2 343 080 рубль) өртөг бүхий өндөр хүчин чадалтай FUJITSU брэндийн сервер компьютер хүлээлгэж өгөөд байна.


Тус сервер нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай NVIDIA V100 график процессор, 64 сувагтай төв процессор, 192GB санах ой, 1.2TB багтаамжтай SSD хард дискээр тоноглогдсон. Хэрэглэгчийн файл системд зориулан 40TB багтаамжтай файл серверийг хүрээлэнгээс нэмэлтээр холбоод байна. Мөн бодлого хуваарилах болон хэрэглэгчийн удирдлагын систем зэрэг тооцоолох төвд шаардлагатай системүүдийн тохиргоо хийгдсэн байна.

Мөн тооцоолох төв нь 2020 онд DELL брэндийн Power Edge R740 2 ширхэг сервер компьютероор хүчин чадлаа нэмэгдүүлээд байна. Тус сервер нь өндөр хүчин чадал бүхий 96 сувагтай төв процессор, 320GB санах ой, 1.5TB багтаамжтай SSD хард дискээр тоноглогдсон.


Одоогоор тус серверт их энерги, материал судлал, молекулын динамик загварчлал, уургийн бүтэц, загварчлалын чиглэлийн програм хангамжуудыг суулгасан бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтээр шаардлагатай програм хангамжуудыг нэмэлтээр суулгаж судалгааны ажилд ашиглах боломжтой.