Нийтлэсэн
ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн нь шинжлэх ухааны салбарын судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зориулалттай Тооцоолон бодох төв байгуулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2019 оны 9 сард Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтаас 96 сая төгрөгийн (2 343 080 рубль) өртөг бүхий өндөр хүчин чадалтай FUJITSU брэндийн сервер компьютер хүлээлгэж өглөө.
Тус сервер нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай NVIDIA V100 график процессор, 64 сувагтай төв процессор, 192GB санах ой, 1.2TB багтаамжтай SSD дискээр тоноглогджээ. Хэрэглэгчийн файл системд зориулан 20TB багтаамжтай файл серверийг тус хүрээлэнгээс нэмэлтээр холбоод байна. Мөн бодлого хуваарилах болон хэрэглэгчийн удирдлагын систем зэрэг тооцоолох төвд шаардлагатай системүүдийн тохиргоо хийгдсэн болно.
Тооцоолох төв нь 2020 онд ШУА-ийн 85 сая төгрөгийн санхүүжилтээр 2 ширхэг DELL брэндийн Power Edge R740 сервер компьютероор хүчин чадлаа нэмэгдүүлээд байна. Тус сервер нь өндөр хүчин чадал бүхий 96 сувагтай төв процессор, 320GB санах ой, 1.5TB багтаамжтай SSD хард дискээр тоноглогдсон. Мөн тооцоолон бодох төв нь Santak брендийн 20кВ-ийн чадал бүхий тог баригчтай холбогдсон тул эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангагдан ажиллаж байна.
Одоогоор тус серверт их энерги, материал судлал, молекулын динамик загварчлал, уургийн бүтэц, загварчлалын чиглэлийн програм хангамжуудыг суулгасан бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтээр шаардлагатай програм хангамжуудыг нэмэлтээр суулгаж судалгааны ажилд ашиглах боломжтой. Ингэснээр манай улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиудад хийгдэж буй судалгааны ажлуудын тооцооллыг хийх бүрэн боломж бий болж эхэлж байна.