Машин сургалт нь ирээдүйд тохиолдож болох гамшгийг урьдчилан таамаглахад тусална.
Тооцооллын загварчлал (computational modelling) гэдэг нь математик, физик, компьютерын шинжлэх ухааныг ашиглан нарийн төвөгтэй системийг дуурайж, судлахыг хэлдэг.
Энэ загварчлалыг газар хөдлөл, халдвар, тахал зэрэг байгалийн аливаа гамшиг үйл явдлуудыг урьдчилан таамаглахад ашиглагддаг. Статистикийн хувьд эдгээр үйл явдлууд маш ховор тохиолддог тул хэзээ дахин тохиолдохыг нарийн таамаглахын тулд урьдчилан таамаглах загваруудыг ашиглах шаардлагатай. Үүний тулд хангалттай их өгөгдөл хэрэгтэй байдаг.
Брауны их сургууль болон Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаачид хамтран үнэн зөв, үр дүнтэй таамаглал гаргахад бага өгөгдөл шаарддаг статистик алгоритмуудыг машин сургалтын техниктэй хослуулсан байна. Браун их сургуулийн Хэрэглээний математик, инженерчлэлийн профессор, Жорж Карниадакис хэлэхдээ “COVID-19 гэх мэт халдвар тахлын дэгдэлт, Мексикийн булан дахь байгаль орчны гамшиг, газар хөдлөлт, томоохон хэмжээний түймэр, 30 метрийн өндөртэй давлагаа зэрэг ховор тохиолдох аюулт үзэгдлүүдийг судлахад судлаачдад тийм ч их өгөгдөл байдаггүй” гэжээ. Эдгээр байгалийн ховор тохиолдлуудыг судлахад шаардлагатай ашиглаж болох хамгийн сайн өгөгдөл юу вэ? гэсэн асуулт бидний өмнө тулгарч байна.
Эрдэмтэд дараалсан түүврийн арга ашиглан active learning аргыг боловсруулсан ба энэ төрлийн статистикийн алгоритмууд нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тооцоолж буй үр дүнд илүү чухал шинэ өгөгдлүүдийг тэмдэглэж авах боломжтой. Энэ нь судлаачдын судалгаанд ашигласан машин сургалтын загварт чухал ач холбогдолтой юм. DeepOnet гэж нэрлэгддэг энэхүү загвар нь хүний тархины нейронуудын холболтыг дуурайдаг дараалсан давхаргад хоорондоо холбогдсон зангилаануудыг ашигладаг хиймэл мэдрэлийн сүлжээний нэг төрөл юм. Судалгааны баг active learning техниктэй хослуулан DeepOnet загварыг олон тооны өгөгдөл байхгүй үед ч сургаж болохыг харуулахыг зорьсон байна.
Судлаач Карниадакис өөрийн судалгааны тухай дурдахдаа "Зорилго нь боломжит бүх өгөгдлийг авч, системд оруулах биш, харин ховор тохиолдлуудыг илтгэх үйл явдлуудыг идэвхтэй хайх явдал" гэж хэлсэн байна. Мөн "Бодит үйл явдлын жишээ бидэнд тийм ч олон байхгүй байж болох ч бид математикийн тусламжтайгаар тэдгээрийг тодорхойлж, бодит үйл явдлуудын хамт операторыг сургахад тусална" гэжээ. Судлаачдын дэвшүүлсэн энэхүү шинэ арга нь уламжлалт загварчлалын аргуудаас илүү ажиллаж байгаа бөгөөд бүх төрлийн ховор тохиолдлуудыг үр дүнтэй илрүүлж, урьдчилан таамаглах боломжийг олгох юм.
Энэхүү судалгааны баг нь урьдчилан таамаглах загварын нарийвчлалыг нэмэгдүүлэхийн тулд туршилтыг хэрхэн төлөвлөх талаар тусгасан болно. Мөн судлаач Карниадакис нь байгаль орчны эрдэмтэдтэй хамтран хар салхи зэрэг цаг уурын үйл явдлыг урьдчилан таамаглахад өөрийн боловсруулсан аргыг ашиглахаар ажиллаж байна.
Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Дэлгэрмаа
Эх сурвалж : 1. https://www.