ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

МАЙДАРЖАВЫН ГАНЗОРИГ

(1949 - 2021)

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Сансрын нисэгч Майдаржавын Ганзориг 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр таалал төгсөж, Монгол Улсын ард түмэн, шинжлэх ухаан салбарт хүнд гарз учирлаа.

Майдаржавын Ганзориг нь 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 1968 онд Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг, 1975 онд ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургуулийг дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер мэргэжлээр төгссөн. Тэрээр 1975-1978 онд Улаанбаатар хотын Нэгдүгээр цахилгаан станцад автоматикийн инженерээр ажиллаж, үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр бүтээлийн аварга болж байжээ.

М.Ганзориг 1978 оноос ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, мөн оны 3 дугаар сараас Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийг бэлтгэх төвд сансрын нислэгийн бүрэн курс төгсөж, сансрын нисэгч, шинжлэн судлаач болсон юм. 1981-1984 онд ЗХУ-ын ШУА-ийн Сансрын шинжилгээний хүрээлэнд судалгааны ажил хийж техникийн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалан, Монгол улсын сансрын тандан судлалын салбар дахь анхны эрдэмтэн болсон билээ.

М.Ганзориг нь 1984-1990 онд ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнгийн Агаар, сансрын мэдээлэл боловсруулах эрдэм шинжилгээ, арга зүйн лабораторийн эрхлэгч, 1990-2014 онд өөрийн үүсгэн байгуулсан Информатикийн хүрээлэнгийн захирлаар, 2015 оноос Физик, технологийн хүрээлэн, 2019 оноос Математик, тоон технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, сэдвийн удирдагчаар амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл ажиллаж, шинжлэх ухаан ба сансар судлалын үйл хэрэгт бүхий л ухамсарт амьдралаа зориулсан юм.

Монгол улсын зайнаас тандан судлалын анхны эрдэмтэн, тус салбарыг үндэслэгч, доктор М.Ганзориг нь “Агаар-сансрын мэдээллээр байгалийн биетүүдийн төлөвийг тодорхойлох арга” аналитик тойм, “Сансрын Союз-39” “Салют-6” “Союз -Т-4” цогцолбор дээр явуулсан эрдэм шинжилгээний туршилтууд” хамтын бүтээл, “Сансрын байгаль судлал”, “Мартагдашгүй 7 хоног”, “Зайнаас тандах судлал, газарзүйн мэдээллийн зарчмууд”, “Газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд”, “Зайнаас тандах судлал, дүрс мэдээнд тоон боловсруулалт хийх зарчмууд”, “Газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд”, “Радарын тандан судлал”, “Зайнаас тандан судлах хиймэл дагуулууд болон төхөөрөмжүүд” зэрэг 10 гаруй ном туурвиж, 170 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод гадаадын сэтгүүлүүдэд нийтлүүлсэн, олон тооны эрдэмтэн шавь төрүүлсэн, шинжлэх ухааны салбарын нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, ШУА-ийн бага чуулган, Үндэсний Инженерийн академийн гишүүн, Улаанбаатарын их сургуулийн профессор байлаа.

М.Ганзоригийн Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгт оруулсан гарамгай хувь нэмэр, нислэгийн дараа хийж бүтээсэн нөр их бүтээлч хөдөлмөрийг нь Монгол Улсын Төр өндрөөр үнэлэн, 1981 онд “БНМАУ-ын сансрын нисэгч” цол хүртээж, Сүхбаатарын одонгоор, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд “Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор тус тус шагнасан юм. Мөн М.Ганзоригийг ОХУ-ын Найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, ОХУ-ын сансрын нисэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медаль, Гагарины алтан медаль, Америкийн газарзүйн нийгэмлэгээс геоинформатикийн салбарын Дэлхийн шилдэг эрдэмтэнд олгодог О.Миллерийн алтан медалиар шагнажээ.

Монголын ард түмний хайртай хүү, хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч Майдаржавын Ганзоригийн гэгээн цоглог дүр төрх ард түмнийхээ сэтгэл зүрхэнд өнө мөнхөд дурсагдах болно.

 

МАТЕМАТИК , ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

 


Бусад мэдээлэл