Рэнцэнгийн Энхбат
ШУА-ийн Mатематик, тоон технологийн хүрээлэнгийн Mатематикийн салбарын эрхлэгч, ШУ-ны доктор
Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2022.09.27
Хиймэл
оюун ухаан (ХОУ) нь компьютерын шинжлэх ухааны салбар бөгөөд компьютерын
программ хангамжаар бүтээгдсэн, хүний сэтгэхүйг загварчилж дуурайлгасан, хүний
бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэх чадвартай болохыг зорьсон технологийн төрөл
юм. ХОУ-ны хөгжлийн эхэн үед ХОУ-ыг хүн төрөлхтөн робот, компьютерын тоглоомоор
төсөөлж байсан ба эдгээр нь зөвхөн урьдчилан төлөвлөн зохиосон алгоритмын
дарааллаар ажилладаг байв. Дэлхийн 2-р дайны дараа эрдэмтэд оюун ухааны машиныг
зохиохоор ажиллаж эхэлсэн түүхтэй.
Английн суут математикч Алан Тюринг 1947 онд энэхүү оюун ухааны машины ажиллах онолын үндэслэлийг анх удаа дэвшүүлсэн. Машин бүтээхээс илүү компьютерын программын аргаар асуудлыг шийдэх нь түүний гол санаа юм. Дашрамд хэлэхэд, Алан Тюринг нь орчин үеийн компьютерын шинжлэх ухааны онолын үндэслэгч, хиймэл оюун ухааны эцэг гэж зүй ёсоор тооцогддог. “BBC” түүнийг 20-р зууны гарамгай эрдэмтнээр тодруулсан төдийгүй, түүний хөрөг Английн 50 фунтийн мөнгөн дэвсгэрт дээр хэвлэгддэг гэж бодохоор ямар хэмжээний эрдэмтэн гэдэг нь ойлгомжтой.
Харин “Хиймэл
оюун ухаан” гэсэн нэр томьёог Америкийн эрдэмтэн Жон Маккарти 1955 онд анх
өөрийн бүтээлдээ ашигласан. ХОУ-ны дараагийн хөгжил нь 1980-аад оноос хөгжиж
эхэлсэн машин сургалтын үе юм. Машин сургалт нь өгөгдсөн мэдээллийг тусгай
зааварчилгаа, аргачлал ашиглалгүйгээр өгөгдлийн зүй тогтол, хэв шинж, холбоо
хамаарлыг тогтоож, өөрөө өөрөөсөө суралцан судалдаг, процессын ирээдүйн чиг
хандлага, хэтийн төлөвийг урьдчилан таамаглах чадвартай алгоритм юм. Хүн
төрөлхтөн түүхийн өмнөх үйл явцаас суралцан, амьдралын хэв загвараа өөрчлөн
сайжруулж, дэвшил хөгжлөө тодорхойлж ирсэн бол машин сургалт нь өгөгдлийн түүхээс
өөрөө суралцан шинэ хэв загваруудыг тодорхойлж, өөрчлөн хөгжүүлэх чадвартай.
Нөгөө талаас машин сургалт нь математик загварчлалыг автоматжуулах өгөгдлийн
шинжилгээний арга бөгөөд компьютерыг их хэмжээний өгөгдөл ашиглан өөрөөр нь
сургахыг судалдаг компьютерын шинжлэх ухааны аргачлал юм. Машин сургалт нь
оролт ба гаралтын өгөгдлийг хоёуланг нь ашигладаг удирдлагатай сургалт, зөвхөн
оролтын өгөгдлийг бүлэглэн боловсруулж ашигладаг удирдлагагүй сургалт,
өгөгдлөөс суралцах явцдаа алдаагаа багасгаж ажилладаг зарчим болох хүчитгэсэн
сургалт гэж 3 хэсэгт хуваагддаг. ХОУ ба машин сургалтын дараагийн хөгжлийн үе
нь 2000 оноос хөгжиж буй гүн сургалт юм. Гүн сургалт нь машин сургалтын нэг
төрөл болох нейроны сүлжээнд суурилж, асар их хэмжээний тоон мэдээлэл буюу их
өгөгдөл боловсруулан хөгжиж байна. Энэ төрлийн аргууд нь хүний тархины бүтцийг
дуурайлган загварчилж ажилладаг онцлогтой. Гүн сургалтын аргад олон давхар
нейроны сүлжээ ашиглах ба давхарга бүр дээр загварын оновчтой параметр
жингүүдийг тогтоох замаар оновчлолын бодлогууд бодогдож байдаг. ХОУ, машин
сургалт ба гүн сургалт нь судалж буй процессын талаарх мэдээлэл, одоо болон
өнгөрсөн үеийн түүхэн өгөгдөл, их хэмжээний тоон өгөгдөл дээр тулгуурлаж
математик загвар, боловсруулалт хийдэг. ХОУ нь юмс үзэгдлийн мөн чанарыг зөвхөн
тоон өгөгдөл рүү хувирган дүгнэлт гаргадаг. Тэртээ 2500 жилийн өмнө Пифагорчууд
“Бүх юмс тоо” гэсэн оюун санааны зарчим баримталдаг байсан бол үүнийг батлах
мэт орчин үеийн ХОУ, машин сургалт нь их өгөгдөл, их тооны тухай шинжлэх ухаан
болон хөгжиж байна. Машин сургалт, гүн сургалтын үндсэн суурь нь математик
арга, загварчлал юм. Машин сургалт нь өгөгдлийг өөрөө боловсруулж, өгөгдлөөс
өөрөө суралцан түүнийгээ сайжруулж, дүн шинжилгээ хийн оновчтой шийдвэр гаргах
чадвартай бол гүн сургалт нь текстэн бичлэг, дүрс зураг, видео бичлэг зэрэг их
хэмжээний өгөгдлөөс автоматаар суралцах боломжийг өгдөг. Хамгийн өндөр
нарийвчлалтай, оновчтой шийдвэр гаргахын тулд ХОУ нь их өгөгдлийн тархалтын
хуулийг хэсэгчлэн тогтоож, тохирох загварын оновчтой параметрүүдийг олдог.
Үүнтэй холбоотойгоор хэрэглээний математикийн статистик, оновчлолын аргууд түгээмэл ашиглагдаж байна. Судалж буй
процессын хэтийн таамаглал дэвшүүлэх, ерөнхий чиг хандлагыг тогтооход оновчлолын
аргууд өргөн хэрэглэгдэж байна. Түүнчлэн их өгөгдлийг салган тусгаарлах,
ангилахад ашиглагддаг ХОУ-ны кернел функцийн аргууд нь угтаа бол оновчлолын
аргууд юм. ХОУ-ыг тухайн нэг салбарт нэвтрүүлэхтэй холбоотойгоор өгөгдлийн шинжээч
гэдэг шинэ мэргэжил үүслээ. ХОУ нь үндсэндээ математик, компьютерын шинжлэх
ухаан ба өгөгдлийн шинжлэх ухааны нийлмэл цогц болон хөгжиж байна. Өгөгдлийн шинжээч
мэргэжил нь дээрх гурван салбарын мэдлэг, чадвартай байхыг шаардаж байдаг.
Компьютерын үүсэл, хөгжил нь математикаас угшилтай, мөн их өгөгдөл нь математик-статистикийн
аргуудыг шаарддаг учир ХОУ ны салбарт
нэн тэргүүнд математикчид давамгайлах хандлага ажиглагдаж байна. Сүүлийн
жилүүдэд АНУ-д хийсэн судалгаагаар өгөгдлийн шинжээчийн мэргэжил нь хамгийн
эрэлттэй мэргэжлээр тодорсон байна. Суут Платоны академийн үүдэнд “Геометр
мэдэхгүй хүн бүү ор” гэсэн бичиг өлгөөтэй байдаг шиг орчин цагт математикийн
гүнзгий боловсролгүй хүн ХОУ-руу орох боломжгүй болсон гэдэг нь харагдаж байна.
ХОУ, өгөгдлийн шинжээчээр гадаадад мэргэжил эзэмшсэн анхны Монгол эрдэмтэд төрөн
гарч амжилттай ажиллаад эхэлжээ. Тухайлбал, Лондонгийн их сургуулийг (Imperial
College London) математикч мэргэжлээр төгссөн Энхбаярын Цацрал нь Facebook (Meta)
компанид ахлах өгөгдлийн шинжээчээр ажиллаж байгаа бол доктор Төрмөнхийн Болор нь
Apple компаний өгөгдлийн шинжээч, машин сургалтын инженер-менежерээр ажиллаж
байна. ХОУ-ны дэлхийн тэргүүлэх эрдэмтэд гэвэл Японы Рицүмэйкан их сургуулийн
профессор Joo-Ho Lee, Тайваны Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн
профессор Tung-Kuan Liu, Луизианагийн их сургуулийн профессор Т.Warren Liao, Францын
Шинжлэх ухаан, судалгааны үндэсний төвийн захирал Malik Ghallab нар юм. Тэд хүн,
машин хоорондын харилцан үйлчлэлийг бий болгох илүү дэвшилтэт интерфейс,
алгоритм, системийн судалгааг хийж, оновчлолын арга, алгоритмуудын дизайныг
боловсронгуй болгосон.
ХОУ нь
бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглээг олсоор байна. Үүний тод жишээ бол
гар утасны аппликейшнууд юм. ХОУ нь ухаалаг гар утсаар дамжин хүний эрүүл
мэндийг хянах болсон билээ. Судасны даралт, зүрхний цохилт, өдөр тутмын
алхалтын тоо зэрэг эрүүл мэндийн анхан шатны үзүүлэлтүүдийг ХОУ гүйцэтгэж бидэнд
мэдээлэл өгч байна. ХОУ нь эрүүл мэндийн салбарт хүний өвчний онош тогтоох,
эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, шинээр эм бүтээх, мэс засал хийх, шаардлагатай
эрхтэн хэвлэж өгөх (орлуулах) зэрэг асар нарийн үйлдлүүдийг гүйцэтгэх нь ойрын
ирээдүйд биеллээ олно. Эрүүл мэндийн салбарт ХОУ-д суурилсан AlphaFold-DeepMind
шиг программуудыг нэвтрүүлснээр олон эмийн судалгаа хийгдэж, шинэ эмүүд бүтээгдэн
эрүүл мэндийн салбарын хурдацтай хөгжлийн зам нээгдэнэ. Түүнчлэн ХОУ нь эрүүл
мэндээ хайхардаггүй, өвчнөө эмчилдэггүй хүмүүсийг илрүүлэх, хяналт тавих, мөн
цаашлаад тийм нөхдүүдийг торгох зэрэг үүргүүдийг ч ирээдүйд гүйцэтгэхээр байна.
Өөрөөр хэлбэл, ХОУ нь бидний дотны гэрийн эмчийн үүрэг гүйцэтгэх болно. ХОУ нь мөн
гэрийн үйлчлэгчийн үүрэг гүйцэтгэж, гэрийн эзэнд цаг агаарын мэдээ хэлж өгөн,
хүссэн дууг нь эгшиглүүлэн, цай кофег нь дөхүүлж өгч байна. Аливаа байгууллагын
хэрэглэгчид үйлчилгээний цаг товлох, зөвлөгөө авахдаа ХОУ ашиглаад эхэлсэн
байгаа бол ойрын ирээдүйд радио, телевизийн мэдээг ХОУ-аар бүтээгдсэн хүн
бидэнд уншиж өгөх болно. Ухаалаг бугуйн цагаар л гэхэд ХОУ нь бидний эрүүл мэндийн
шаардлагатай өгөгдлийг олж аван боловсруулж чадаж байгааг харвал ХОУ нь ирээдүйд
бидний сэтгэл хөөрөл, гуниг, баярыг хуваалцан хариу үйлдэл үзүүлэх боломжтой
гэдэг нь тодорхой байна. Жишээлбэл, сэтгэл гутралд орсон үед ХОУ нь тухайн хүнд
тохирсон тайвшруулах хөгжмийн ая тавьж өгч, сэтгэл зүйд нь нөлөөлөх, баяр
хөөртэй байлгах хөгжмийг зохион өгч болох юм. Нэг үгээр хэлбэл ХОУ нь гэрийн
сэтгэл зүйчийн үүрэг мөн гүйцэтгэх нь ээ.
Их
өгөгдлийг ашиглан бэлтгэгдсэн математик загваруудыг ашигласнаар ХОУ нь бүх
салбарт нөлөө үзүүлдэг болж, хүн төрөлхтний амьдралын хэв маягт өөрчлөлт
оруулсаар байна. ХОУ-ыг ашигласан Google-ийн
Waymo, Tesla-ын Autopilot зэрэг компаниудын нээлт нь тээврийн салбарын хөгжлийг
үндсээр нь өөрчлөх хандлагатай боллоо. ХОУ-аар тоноглогдсон компьютерын
удирдлагатай жолоочгүй автомашин хэрэглээнд нэвтэрч эхэлжээ. Жолоочгүй
автомашин замын ослыг 90% бууруулдаг гэсэн судалгаа ч байна. ХОУ-ны энэхүү
машинууд нь орчин тойрноо радар, GPS, лазер хараа, компьютерын дуран зэргээр
ажиглаж, эргэн тойрноо 360 градуст 1-100 метр зайнд бүрэн хянаж, бүх орчныг
мэдэрч, аюулгүй ажиллагааг хангаж явдаг тээврийн хэрэгсэл юм. Судлаачдын
тооцоолсноор 2040 он гэхэд нийт автомашины 75% нь жолоочгүй болно гэсэн таамаг
байна. Цаашлаад, ХОУ нь хэл зүйн шинжлэх ухаанд өргөн нэвтэрч байна. Өөрөөр
хэлбэл, хүний хэл яриаг компьютерээр ойлгуулж хариу үйлдэл үзүүлж байна. Үүний
тод жишээ нь Google Translator (орчуулагч) программ билээ. ХОУ-ны
тусламжтайгаар хүмүүс тухайн нэг төрөлх хэлийг ойлгон, тус хэл дээр өөрийн
хэлнээс хөрвүүлэн ярих боломжтой болж байна. Энэ төрлийн процесс нь дууны
долгионыг үг болон текст болгон хувиргаж байгаа юм. Энэхүү хөрвүүлэлтүүдийг хийх
явцад ХОУ-аар боловсруулах систем нь олон төрлийн даалгавруудыг гүйцэтгэх
замаар үг болон текстэнд хариу үйлдэл үзүүлж байдаг. ХОУ-ны тусламжтайгаар нарийн
төвөгтэй ажлуудыг гүйцэтгэдэг үг, өгүүлбэрийн алдаа шалгагч болон засагч
программ, машин орчуулгын систем, хүний яриа таних систем, бичвэрийг ярианд
хөрвүүлэгч программ зэрэг зүйлсүүд үүссээр байна. Эдгээрийг ашиглаж буй тод
жишээ нь ухаалаг гар утсанд байдаг олон хэлний орчуулгын толь бичгийн
аппликейшн юм. Үүнийг ашигласнаар дэлхийн ямар ч орны хүнтэй тэдний хэлээр
ойлголцож, ярилцах боломж үүссэн юм. Өөрөөр хэлбэл та утсан дээрээ төрөлх
хэлээрээ ярьж тэр хэл рүү орчуул гэдгийг заахад л хангалттай. Танд текстэн
хэлбэрээр орчуулж өгөхөөс гадна бас тухайн хэлээр дуудаж өгнө. Орон орны
судлаачид өөрсдийн төрөлх хэлийг гаднын олон орны хэл рүү орчуулах судалгааг
хийсээр байна, тун удахгүй дэлхийн бүх хэлээр ярих боломж бий болно гэсэн үг.
“Болор
цом” яруу найргийн тэмцээний бүтээлийг жил бүр үзэгчид тэсэн ядан хүлээдэг
билээ. Тэгвэл ХОУ-ны олон амжилтыг “Болор цом”-д хэрхэн хэрэглэж болохыг авч
үзье. “Болор цом”-ын тэмцээний үеэр тайзан дээр уншигдаж буй яруу найрагчдын
шүлгийг ХОУ нь шууд танин орчуулж, текстэн хэлбэр рүү шилжүүлэн, автоматаар
эмхэтгэн, тэр даруй товхимол болгон хэвлэж үзэгчдэд хүргэх боломжтой. Өөрөөр
хэлбэл, үзэгч “Болор цом”-ын товхимлыг удаан хүлээхгүйгээр шууд авна гэсэн үг.
Үүнийг Монголын ХОУ-ны мэргэжилтнүүд болон яруу найрагчид ойрын ирээдүйд
хамтран бүтээдэг болно.
ХОУ нь
үйлдвэрлэлийн процессоос эхлээд банк санхүү, барилга, тээвэр зэрэг олон
салбаруудад өргөн цар хүрээтэй нэвтэрч эхлээд байна.
Иргэдийн хүйс, боловсрол, нас, өрхийн
гишүүдийн тоо, ажилласан жил, зээлийн түүх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан
иргэдэд зээл олгох асуудлыг ХОУ аль хэдий нь шийдчихсэн, бид хэрэглээд явж
байна. Энд ХОУ нь тухайн харилцагчийн хэр зэрэг найдвартай зээлдэгч вэ гэдгийг
тодорхойлох үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн орон сууцны талбайн хэмжээ, дулаан
хадгалалт, дуу чимээ, барилгын материал, зогсоол, зам, агаарын бохирдол,
сургууль, цэцэрлэгээс алслагдах зай зэрэг үзүүлэлтүүдийг ашиглан ХОУ нь орон
сууцны бодит үнэ цэнийг тогтоож байна. Түүнчлэн, ХОУ нь хүний нөөцийн
мэргэжилтний үүрэг гүйцэтгэж, тухайн хүний намтрыг үндэслэн ажлын байранд авах
эсэх шийдвэр гаргадаг боллоо. Гэмт хэрэг, залилан мэхлэх үйл явдлыг урьдчилан
таамаглах, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд ХОУ-ыг мөн ашиглаж байна.
Иргэдийн
санхүүгийн мэдээллийг үндэслэн ХОУ нь эдийн засгийн гэмт хэрэг болох мөнгө
угаалт, авилгалын асуудлыг ч шийдэж өгч чадна. “Мөнгө мөртэй” гэж эдийн
засагчид үздэг болохоор авилгалын асуудал ХОУ-аар харин ч амархан шийдэгдэх
боломжтой. Иймд АТГ-д ХОУ-ны мэргэжилтнүүд шаардлагатай болно. Цаашилбал, ХОУ
нь дэлхийн мэдээний сүлжээнүүдээс сэтгүүлчдэд хамгийн чухал хэрэгтэй мэдээг нь
хүргэдгээрээ сэтгүүл зүйд нэвтэрч байгаа бол хууль дүрмийг боловсронгуй болгох,
хууль зүйн экспертиз хийхэд ХОУ-ыг мөн ашиглаж байна. ХОУ-ыг цаг агаарын мэдээг
үнэн зөв таамаглахад аль хэдийн нэвтрүүлчихсэн. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын
технологийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох 3D принтер, автомат тээврийн
хэрэгсэл, биотехнологи, нанотехнологи, квант тооцоолол, робот, интернэт зэргүүд
нь бүгд ХОУ дээр үндэслэгдсэн.
Хүний
сэтгэн бодох үйл ажиллагааг ХОУ-аар дуурайлган гүйцэтгэхэд шатрыг загвар болгон
ашиглах нь туйлын тохиромжтой юм. Алан Тюринг бүр 1948 онд шатрын анхны
компьютерын программыг зохион бүтээж, туршиж байсан. AlphaZero нь Google-ийн “DeepMind”
компаний ХОУ дээр суурилсан шатрын программ юм. Энэхүү программ нь ХОУ-ны гүн
сургалтын нейрон сүлжээний хүчитгэсэн сургалтын арга дээр суурилдаг. AlphaZero
нь зөвхөн шатрын нүүдлийн дүрмээр 1 секундэд 70 сая өргийн байрлалыг үнэлэн
тооцоолдог ба машин сургалтын зарчмаар өөрөө өөртэйгөө 9 цагийн дотор 44 сая
өрөг тоглох чадвартай. 2017 оны 12 сарын 5–нд AlphaZero нь дэлхийн хамгийн
хүчирхэг шатрын программ “Stockfish”-тэй 100 өрөг тоглосноос 28 хожиж, 72 тэнцэж
нэг ч хожигдолгүйгээр үнэмлэхүй амжилтыг үзүүлсэн билээ. Энэхүү үйл явдал нь
ХОУ-ны хөгжил дэвшил, хүч чадлыг хүн төрөлхтөнд харуулсан бөгөөд тооцон бодох,
гүйцэтгэх чадвараараа ХОУ нь хүнээс хол давж чаддагийг түүхэнд мөн илтгэсэн билээ.
Үүнийг энгийнээр хүний хүчин чадалтай харьцуулж үзвэл, хүн 5 наснаас 90 нас хүртэл өдөр бүр цагт 6
өрөг 12 цагийн турш тоглодог гэвэл, 85 жилийн турш нийт ердөө л 2,203,200 өрөг
л тоглох юм.
ХОУ-ны
бас нэг гайхамшигтай ололт нь радио телескопын олон улсын сүлжээ болох Event
Horizon Telescopes (EHT) нь ХОУ-ны тусламжтайгаар 5PB(petobytes) их өгөгдлийг
боловсруулсны үр дүнд 2019 оны 4 сарын 10-нд дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн
зайд орших “Мессье-87” галактикийн төвд байрлах, нарнаас 6.5 сая дахин илүү
жинтэй сансрын хар нүхний зургийг хүн төрөлхтөнд анх удаа толилуулсан. Дашрамд
хэлэхэд, Английн физикч, математикч Роджер Пенроуз нь хар нүхний судалгаагаар 2020
оны физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.
2022 оны
6-р сарын 20-22-нд ШУА, МУИС, Хүмүүнлэгийн
ухааны их сургууль ба Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль
хамтран “Оновчлол, Симуляци ба Оновчтой удирдлага” нэртэй олон улсын 7 дахь
хурал зохион байгуулсан. Дэлхийн 16 орны
судлаачид оролцсон уг хуралд ХОУ-ны чиглэлээр Монглоын судлаачид сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн. Тэдгээрээс
дурдвал: Төрийн соёрхолт эрдэмтэн Ч.Алтаннарын “Машин сургалтыг эмнэлгийн болон
биологийн өгөгдлүүдэд ашиглах нь”, ШУА-ны Математик, тоон технологийн
хүрээлэнгийн доктор Д.Ууганбаатарын “Монгол хүний нүүр царай, яриаг танихад ХОУ-ыг
ашигласан нь”, эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонсувдын “Хиймэл оюун ашиглан
уран зургийг таних нь”, МУИС-ийн доктор Ж.Энхбаярын “Гэмт хэргийг илрүүлэхэд
нейроны сүлжээг ашиглах нь”, доктор Б.Баянжаргалын “Хөрсний бүтцийн шинжилгээнд
ХОУ-ыг ашиглах нь”, доктор М.Мэнд-Амарын “Замын хөдөлгөөний түгжрэлд ХОУ-ыг
ашиглах нь”, ХААИС-ийн доктор Д.Мөнхзаяагийн “Фермийн аж ахуйн менежментийг ХОУ-аар
удирдах нь”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор Б.Дагиймаагийн “Хиймэл
оюун ухаан ашиглан ярианы хандлага, сэтгэл хөдлөлийн байдлыг хэмжих нь” зэрэг
илтгэлүүд болно.
ХОУ-ны шинэ мэргэжил үүссэнтэй холбоотойгоор ирээдүйд ажилгүйдэл
ихсэх, шинэ мэргэжлүүд бий болох хандлага гарч ирнэ. ХОУ-ыг бүх салбарт үр
бүтээлтэй нэвтрүүлснээр ойрын 20 жилд зээлийн эдийн засагч, номын санч, хуулийн
зөвлөх, нягтлан бодогч, банкны теллер, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, орчуулагч,
хэлмэрч, эмийн санч, уул уурхайн инженер, уурхайчин зэрэг 700 гаруй ажил мэргэжил
устан алга болох судалгаа гарчээ. 2030 он гэхэд гараар хийх бүх үйл ажиллагааны
30% нь хиймэл оюун ухаанжсан байх тооцоо бий. ХОУ-ны шинэ ажлын байр нь өндөр
ур чадвар, боловсрол шаардахаас гадна хүмүүсийг мэргэжлээ дээшлүүлэхийг
шаардана. Боловсролын яам болон их, дээд сургуулиуд энэ чиг хандлагыг мэдэрч, боловсролоор
дамжуулан шинэ үеийн мэргэжилтнүүдийг нийгмийн хэрэгцээнд тохируулан бэлдэх
замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах үүрэг
гүйцэтгэх ёстой. 2021 онд “ХОУ-ны технологи нь орчин үеийн боловсролын чухал
асуудлыг шийдэх, сургалтанд дэвшилттэй инновацийг нэвтрүүлэх чухал арга
хэрэгсэл юм” гэж ЮНЕСКО үзэн, улс орнуудын төр засгийн удирдлага, шийдвэр
гаргагчдад зориулан зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид дунд сургуулиуд болон их,
дээд сургуулиудад хэрхэн ХОУ-ны технологийг нэвтрүүлэхийг алхам бүрээр заахыг
зөвлөжээ. Тухайлбал, ХОУ-ыг нэвтрүүлснээр
багш нь сурагчдын өмнө эрх зүйн ямар орчинд ямар үүрэг хүлээхийг, ажлаас
чөлөөлөгдөх нөхцөлийг, ямар мэргэжил эзэмшсэн байх ёстой зэргийг тодорхой
заасан байна. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиудад ХОУ-ны мэргэжилтэн
бэлдэх шаардлага гарч ирсэн төдийгүй уг зөвлөмжийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага
тулгарч байна.
ХОУ нь
хүний тархины үйл ажиллагааг бүрэн загварчилж, хүнээс ухаантай болж, хүн төрөлхтөнд
аюул учруулж болох уу гэсэн асуулт тавигдсаар ирсэн. Үүний хариу болгож Роджерс Пенроуз математикийн аксиомуудын дурын систем
гүйцэд биш байх тухай Гёделийн теоремыг ашиглан хүний уураг тархи ба
компьютерийн хоорондын зарчмын ялгааг харуулсан юм. Өөрөөр хэлбэл, логик
схемээр хязгаарлагдсан компьютер нь тооцоолон гүйцэтгэх талаараа хүнээс илүү
чадвартай байдаг ч хүний уураг тархины бүхий л үнэнийг гүйцэд мэдэх, шийдвэр
гаргах чадвартай байх ямар ч боломжгүй ажээ.