"ТАТВАРЫН ОНОЛ, ОНОВЧЛОЛ ЗАГВАРЧЛАЛ" НОМЫН ТАНИЛЦУУЛАГА
"ТАТВАРЫН ОНОЛ, ОНОВЧЛОЛ ЗАГВАРЧЛАЛ" НОМЫН ТАНИЛЦУУЛАГА

Доктор (Sc.D) Р.Энхбат, Доктор (Ph.D) Б.Лхагважав, Ч.Анхбаяр нарын “Татварын онол, оновчлол, загварчлал” хэмээх бүтээл хэвлэгдэв.

    Зах зээлийн эдийн засгийн нэг гол элемент нь татварын тогтолцоо бөгөөд орчин цагийн соёлт нийгэмд татварыг улсын орлогын үндсэн хэлбэр гэж үздэг төдийгүй татвар нь эдийн засгийн нэгэн хөшүүрэг болж үүгээр дамжуулан төрөөс зах зээлийн эдийн засагт нөлөөлж байдаг. Энэхүү бүтээлд авч үзсэн татварын шинэчлэл нь эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, далд эдийн засгийг ил болгоход чухал нөхцөлийг бүрдүүлж өгнө.

    Татвар байх шаардлага нь төр улсын үйл ажиллагаанаас улбаатай. Монголын эзэнт гүрний үед аж ахуйн үйл ажиллагааны сэтгэлгээнд татварын ойлголт үүссэн байдаг.

    Татварын онол практик нь төр эрхзүй, түүний практик үйл ажиллагаатай хамтдаа хөгжиж ирсэн. Татвар нь улсын орлогын гол эх үүсвэр, иргэдийн  үүрэг хариуцлага байсан ба одоо ч хэвээр. Энэ утгаараа Бенжамин Франклины (1706-1790)  хэлсэн “Амьдралд үхэл, татвар хоёр л гарцаагүй” гэдэг нь одоо ч утга учиртай хэвээр байгаа юм.

  Хүмүүнлэг иргэний нийгэмд татварын шинэчлэл, бодлого нь татварын үүргүүдийг харилцан уялдаатайгаар биелүүлдэг тийм тогтолцоотой болох тал руу чиглэгдэх ёстой. Нийгэм эдийн засгийн хөгжил, эдийн засгийн глобалчлалтай холбоотойгоор бодлого боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд тулгуурлах зайлшгүй шаардлага бий болж татварын орчныг шинэчлэх, түүний онолын үүргүүдийн хэрэгжилтийг хангахад орчин үеийн онолын үзэл баримтлал, шинжлэх ухааны аргуудыг судлан нэвтрүүлэх нийгмийн хэрэгцээ бий болсон өнөө үед татварын онол, аргазүйг оновчлолын онолын үүднээс авч үзэн орчин үед татварын онол нь бүхэлдээ оновчлолын онол дээр суурилсан гэдгийг харуулсан бүтээл боллоо. Уг бүтээлд нийгмийн ханамж, сайн сайхан байдлыг дээшлүүлэхээр төрийн оновчтой бодлого явуулахад чиглэсэн Рамсейн загвар, татварын орлогын оновчтой бүтцийг тогтоох Марковицын загвар, эдийн засгийн өсөлтийг татвараар хангах Скуллийн загвар зэргийг авч үзэн тэдгээрийг Монголын эдийн засагт хэрхэн хэрэглэх аргазүйг дэвшүүлсэн.

    Нөгөө талаар Нобелийн шагналт эдийн засагч Эрнандо Де Сото 2010 онд Монголд ирж Эдийн засгийн анхдугаар форумд 1989 онд хэвлэгдсэн "Өөр зам" номынхоо далд эдийн засгийн ойлголтод эргэлтийн чанартай өөрчлөлт авчирсан гол нээлтээрээ илтгэл тавьсан. Уг илтгэлд хөгжиж буй орнуудад эргэлтэд явж байгаа үйлдвэрлэл үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний цаана бүртгэлээс зугтсан, татвар хураамжаас зайлсхийсэн далд эдийн засгийн хэлбэрүүд байнга дагалддаг тухай илтгээд, Монгол улс “хүн, хөрөнгө, ажил гүйлгээг тоолох, бүртгэх нь гол гарц болох” тухай зөвлөсөн байдаг билээ (Сото, 2010). Иймд зохиогчид татварын онол, Монгол улсын татварын хөгжил, шинэчлэл, төлөвшил,  бүртгэлд суурилсан татварын шинэчлэлийн асуудлыг энэ бүтээлд тусгасан.

Энэ ном нь их дээд сургуулийн оюутан, магистрант, докторантууд, судлаачид, төр засгийн байгууллагын ажилтнуудад хэрэгцээтэй гарын авлага болно гэж үзэж байна.


Бусад мэдээлэл