Үүлэн тооцоолол ба түүний чиглэлүүд
Үүлэн тооцоолол ба түүний чиглэлүүд

Үүлэн тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон программ хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг удирдан зохицуулах программ хангамж болон үйлчилгээний цогцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүх хэрэгцээт программ хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернэт дэх сервер дээр байршуулж хэрэглэх боломжтой гэсэн үг юм. Үүлэн тооцоолол нь хэд хэдэн үндсэн чиглэл рүү түлхүү хөгжиж байгаа бөгөөд эдгээрээс дараах чиглэлүүдийг авч үзье.

Virtualization: Үүлэн тооцоолол дахь виртуалчлалын технологи нь үүлэн сервер үйлчилгээ үзүүлэгчдэд олон төрлийн үйлдлийн системийг нэвтрүүлэх боломжийг олгохын тулд компьютерын боломжит виртуал хувилбарыг бий болгох тусгай програмчлалын техникийг ашигладаг бөгөөд компьютерын системүүдийг нэг виртуал машинд суулгаж, нэг байгууллага эсвэл олон байгууллагын доторх олон хэрэглэгчдэд программыг үр ашигтай, хэмнэлттэй, тохиромжтой байдлаар түгээх боломжтой. Энэхүү виртуалчлалын технологи нь техник хангамжийн маш уян хатан нөхцөлийг санал болгож, мэдээллийн технологийн засвар үйлчилгээ, дэд бүтцийн зардлыг мэдэгдэхүйц бууруулдаг.

Service-Oriented Architecture (SOA): Үйлчилгээнд чиглэсэн архитектур нь үүлэн тооцооллын хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд олон төрлийн үйлчилгээг нэгтгэсэн багц архитектур юм. Энэ нь хэрэглэгчдэд тодорхой үйлчилгээг үзүүлэхийн тулд хоорондоо холбогдсон байх шаардлагатай төрөл  бүрийн программууд болон үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгүүдийн хамаарлыг зохицуулах үүрэгтэй байдаг.

Grid Computing: Үүлэн тооцоололд хэрэглэгддэг өөр нэг технологи бол Grid тооцоолол юм. Энэ нь олон тооны компьютерын тооцоолох нөөцийг сүлжээгээр дамжуулан нэгтгэж ашиглах боломжийг олгодог. Grid тооцоолол нь Distributed болон параллель тооцооллын нэг хэлбэр бөгөөд их хэмжээний тооцооллыг гүйцэтгэхэд тохиромжтой байдаг. Энэ нь тооцоолох ажлыг жижиг дэд хэсгүүдэд хувааж, сүлжээгээр тарааснаар, олон тооны тооцооллын төхөөрөмжүүдийг ашиглаж тооцооллоо гүйцэтгэдэг.

Utility Computing: Utility computing буюу хэрэглээнд суурилсан тооцоолол нь "Үүлэн тооцоолол гэж юу вэ?" гэсэн асуултын хамгийн оновчтой хариултын нэг байж болох юм. Хэрэглээнд суурилсан тооцооллын дэд бүтэц нь хэрэглэгчдэд ашигласан хэмжээгээрээ төлбөрөө төлөх боломжтой программ хангамжийн үйлчилгээг хүргэх технологийн загвар юм. Энэ нь хэрэглэгчид тухайн үйлчилгээг ашиглахдаа урьдчилж өндөр үнээр худалдан авахгүйгээр, зөвхөн тухайн ашигласан үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх боломжийг олгохын зэрэгцээ үйлчилгээгээ өөрчлөх, зогсоох уян хатан нөхцөлтэй давуу эрхийг бий болгодог.

Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбар, ЭША, Б. Төмөрхуяг

Эх сурвалж:      https://mn.wikipedia.org/wiki/

    https://www.jigsawacademy.com/


Бусад мэдээлэл