QR код уншуулахдаа юуг анхаарах вэ?
QR код уншуулахдаа юуг анхаарах вэ?

Сүүлийн жилүүдэд QR код бидний өдөр тутмын хэрэглээнд өргөн нэвтэрч байна. Дэлгүүр, ресторан, банк, төлбөр тооцоо, арга хэмжээний бүртгэл, бүтээгдэхүүний мэдээлэл зэрэг олон зүйлд QR код ашигладаг болсон.

QR код нь гаднаасаа жижиг дөрвөлжин зураг шиг харагддаг. Харин дотороо веб хуудасны холбоос, текст, төлбөрийн мэдээлэл, байршил зэрэг мэдээллийг агуулж чаддаг. Ухаалаг утасны камераар уншуулахад тухайн код дотор байгаа мэдээллийг нээж өгдөг.

Гэхдээ QR код бүр аюулгүй гэсэн үг биш юм. Зарим цахим гэмт этгээд QR код ашиглан хүмүүсийг хуурамч веб сайт руу оруулж, нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг авахыг оролддог байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ QR кодыг өөрчилж, хэрэглэгчийг хортой сайт руу чиглүүлэх тохиолдол гардаг талаар анхааруулсан байдаг.  

Мөн АНУ-ын Холбооны худалдааны комисс /FTC/ QR код нь жинхэнэ мэт харагдах хуурамч сайт руу оруулах, эсвэл төхөөрөмжид хортой программ суулгах эрсдэлтэйг сануулжээ.  

Иймээс QR код уншуулахдаа эхлээд хаана байрласан, хэн байрлуулсан, ямар сайт руу оруулж байгааг шалгах хэрэгтэй. Ялангуяа гудамж, самбар, төлбөрийн төхөөрөмж дээр наасан үл таних QR кодыг шууд уншуулахгүй байх нь зүйтэй.

Хэрэв QR код уншуулсны дараа нууц үг, банкны картын дугаар, нэг удаагийн код, хувийн мэдээлэл шаардаж байвал тухайн сайт үнэхээр албан ёсны эсэхийг нягтлах хэрэгтэй. Эргэлзээтэй санагдвал QR кодоор биш, тухайн байгууллагын албан ёсны веб сайт эсвэл аппликейшнээр дамжуулан үйлчилгээгээ авах нь илүү аюулгүй.

QR код нь мэдээллийг хурдан авах, төлбөр хийх, үйлчилгээ ашиглахад хэрэгтэй технологи юм. Харин зөв ашиглаж, эх сурвалжийг нь шалгаж хэвшвэл эрсдэлээс хамгаалах боломжтой.

Эх сурвалж:
FBI Internet Crime Complaint Center /IC3/ – Cybercriminals Tampering with QR Codes to Steal Victim Funds
Federal Trade Commission /FTC/ – Scammers hide harmful links in QR codes to steal your information
Мэдээ бэлтгэсэн: ЭША Х.Тэмүүлэн


Бусад мэдээлэл