Т.ЖАНЛАВ "ТОО БОДОХ МИНИЙ ХОББИ"
Т.ЖАНЛАВ "ТОО БОДОХ МИНИЙ ХОББИ"

Хүн эмчлэх, хүүхэд эх барих, яаралтай дуудлаганд явах гээд эмнэлгийн бүхий л үйлчилгээг хариуцан ажиллаж явсан төмөр замын өртөөний бага эмч, нутгийн хүмүүсийн хүндлэл хүлээсэн залуухан хархүү Жанлав доктор хожим Төрийн шагналт математикч болсон түүх сонирхолтой.

“Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлага үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол” зэрэг цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Танд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн соёрхлыг хүртээв” гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй өргөмжлөл түүнд хадгалагджээ.

Багш, шавийн хэлхээ холбоотой манай дөрвөн тоочин өнгөрсөн жил Улс тунхагласны баяраар багаараа Төрийн шагнал хүртсэн билээ. Тэдний нэг нь МУИСийн Математик, компьютерийн сургуулийн багш, Төрийн шагналт, академич, профессор Тугалхүүгийн Жанлав. Төрд үнэлэгдэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн буурал эрдэмтэн шунан дурласан судалгаа шинжилгээний ажлаа өнөө хэр үргэлжлүүлсээр. Басхүү оюутан залууст мэдлэг түгээх, эрдэмтэн багш нараа мэдлэгийн далайгаас сувд шүүрэхэд нь замч болж, соён гэгээрүүлэх ажилдаа хүчин зүтгэж яваа түүнийг “Хүмүүс” буландаа урилаа.

-Эмч хүн яагаад математикч болсон нь сонирхол татлаа. Хэн таныг тоо руу урвуулчихав?
-1965 онд МУИС-ийн Физик, математикийн факультетийн Математикийн ангид элсэлтийн шалгалт өгч тэнцлээ. Би чинь арван жилийн сургуулиа төгсөөгүй хүн шүү дээ. Ховд аймгийн Зэрэг сумын долоон жилийн сургуулийг онц төгсөөд, аймгийн арван жилийн сургуульд орохоор болов. Гэтэл манайх Улаанбаатар руу шилжих болж, би наймдугаар ангидаа орж чадаагүй.

Ингээд 1958 онд Хүн эмнэлгийн техникумд орж, хүний бага эмч болсон. Сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Айраг сумын Улаан-Уулын өртөөний эмнэлэгт томилогдон хоёр жил гаруй ажилласан. Би дээд сургуульд сурах хүсэлтэй. Хот руу шилжье гэхэд Төмөр замын эмнэлэг намайг ажлаас халж, Эрүүлийг хамгаалах яамны мэдэлд шилжүүлчихлээ. Яамны дарга нар болохоор “Хөдөө аль нэг суманд дахин гурван жил сайн ажиллавал дээд сургуульд орох боломжтой” гэдэг байгаа.

Гурван жил гэдэг дэндүү урт хугацаа санагдсан тул би эмчийн ажлаа бүрмөсөн орхисон. Тэгээд Улаанбаатар хотын Худалдаа удирдах газрын харьяа хүнсний барааны 13 дугаар дэлгүүрт ачигчаар ажиллаж, оройгоор аравдугаар ангид суралцаж 1965 онд гэрчилгээ авсан юм. Ингэж дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөх эрхтэй боллоо.

-Бага эмч хүн их эмч болох сонирхолгүй байсан хэрэг үү?
-Би Хүн эмнэлгийн техникумыг онц төгссөн л дөө. Тухайн үед онц төгссөн ганц хүүхдийг Анагаахын дээд сургуульд шууд элсүүлдэг байлаа. Анагаахын дээд сургуульд элсэх сонирхол надад байсан. Сурлагын амжилтаараа би тэнцсэн ч сахилгагүйгээсээ болж хасагдсан байх. Магадгүй тэр нь миний аз ч байсан юм бил үү.

-Та тоондоо сайн байсан учир математикч мэргэжлийг сонгоо юу?
-Би шүлэг, зохиол сонирхдог учир их сургуулийн Монгол хэлний ангид орох хүсэлтэй. Элсэлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга багштай уулзаж, учир явдлаа хэлэхэд “Монгол хэлний ангид хуваарь байхгүй ээ. Харин чи математикийн ангид шалгалт өгч чадвал нэг хуваарь байна” гэсэн. Дунд сургуульд тооны хичээлдээ толгой өвддөггүй байсны хэрэг юу билээ, зөвшөөрлөө. Надад математикаас өөр сонголт байгаагүй. Гэхдээ шүлэг, зохиол сонирхдог байсан минь математикийн ангид ороход тус болсон шүү.

-Яаж тэр вэ?
-Элсэлтийн шалгалтыг математик, физик, орос, монгол хэлний хичээлээр авсан. Ачигч хийж байсан хүүхэд математикийн шалгалтандаа хамгийн өндөр оноо авлаа гэцгээж байв. Харин монгол хэлний шалгалтад Б.Ринченгийн “Мангаа доогийн зүүд” өгүүллэгийн тухай бич гэсэн асуулт таарав. Үнэндээ би тэр зохиолыг унших нь бүү хэл сонсоо ч үгүй байсан. Манаач хүн юу зүүдэлж болох вэ гэж бодож байгаад хэдэн бадаг шүлэг цаасан дээр буулгаад хураалгачихсан. Би асуултад зөв хариулаагүй нь ойлгомжтой. Энэ хүүхдэд уран зохиолын авьяас байна гэж анзаарсан уу, тэр багш надад дунд тавьсан.

-Та эмнэлэгт ажиллахдаа хүүхэд эх барьж авч байсан биз дээ?
-Хүний бага эмч, эх баригч гэсэн дипломтой. Тэгэхээр эх баригч ч хийнэ. Хүүхэд, хөгшид бүх насныхныг үзнэ, дуудлагаар явна. Хөдөө газарт бүх ажлыг нэг л эмч нугална шүү дээ. Манай эмнэлэг их эмчгүй, хоёр бага эмчтэй байлаа. 19-тэй хүүхэд хөдөө толгой даан хоёр жил ажиллажээ. Аз болоход хүн эндсэнгүй. (инээв)

-Элсэлтийн шалгалтаа хаана өгч байв?
-Их сургуулийн дугуй зааланд. Оройгоор аравдугаар анги төгссөн надад их сургуульд элсэх томилолт байсангүй. Багш нараас надад нэг хуваарь өгөөч гэж гуйгаад ч ачигч хүнийг авч хэлэлцэхгүй. Тэр үед Элсэлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга Д.Шагдар багш намайг бүртгэж авсан. Комиссын дарга нь их сургуулийн хичээлийн эрхлэгч байсан, сүүлд Боловсролын сайдаар арван жил ажилласан Ишцэрэн гэж хүн байлаа. Тэр хүн миний материалыг үзчихээд “Энд яагаад томилолтгүй хүүхэд орж ирсэн юм” гэж байна. Тэндээс Шагдар багш босоод “Би энэ хүүхдийг математикийн шалгалтаа гайгүй өгсөн учир гудамжнаас авч бүртгэсэн юм. Гайгүй хүүхэд байна лээ, математикийн ангид оруулъя гэж бодож байна” гэж аварч билээ.

Оюутан байхад багш нар тоглоом, шоглоомоор намайг “Шагдарын гудамжнаас олсон хүүхэд ямар сурч байна” гэж хор малтана. Яах вэ, би багшийнхаа нүүрийг улайлгаагүй. Таван жил арван семистрт онц сураад, Их сургуулийг Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсөж байлаа. Шагдар багш маань сүүлд миний багш болсон. Бид олон жил хамт ажилласан даа. Багш минь “Манай Жанлав миний нүүрийг улайлгаагүй ээ” гэж хэлдэгсэн. Би хожуу 27 настайдаа их сургууль төгссөн. Тэнд ажиллаж байсан Г.Гүнжээ, Л.Өвгөн багш нар “Тооцон бодох математикийн чиглэлээр анхны анги төгсөж байна. Энэ чиглэлээр залуу багш авах шаардлагатай гэж хэлэлцээд намайг авсан. Би 1970 онд их сургуулиа төгсөөд, багшаар үлдсэнээс хойш 44 дэх жилдээ ажиллаж байна даа.

-Таныг шүлэг найраг бичдэг, уран яруу сэтгэлгээтэй гэж багш нар хэлэх юм билээ?
-Залуудаа шүлэг бичиж үзээгүй хүн байдаггүй гэдэг. Надад хэвлүүлдэгг үй л болохоос багагүй хэмжээний гар бичмэл бий. Би шүлэг, өгүүллэг оролддог, зохиолч болно гэж боддог байлаа. Хүн эмнэлгийн техникум төгс сөн Төрийн соёрхолт, яруу найрагч Тоомойн Очирхүү, яруу найрагч Л.Лув сандорж нар манай ангийнх. Бид шүлэг зохиол бичдэг байлаа. Тооны ухаанд гүнзгийрэх тусам шүлэг, найргаас хөндийрсөн. Шүлэг, тоо хоёр хүний нэг зэрэг хийх ажил биш юм. Гэхдээ аливааг задлан дүгнэж, бодож сэтгэх урлагт шүлэг найраг л намайг сургасан гэж боддог. Үүгээрээ математик, яруу найраг хоёр төстэй мэт санагддаг.

-Мэргэжил бүхэн өөр өөрийн араншинтай. Математикийн ухаан хүнийг хэрхэн хүмүүжүүлдэг бол?
-Математикийг сурах, теором томъёог гүнзгий ухаарахын тулд их суух хичээх, бодлого бодох шаардлагатай. Энэ явцад хөдөлмөрч, тэвчээртэй болдог. Нэг бодлого бодохын тулд нэлээд сууна, янз бүрээр бодож үзнэ, ухаан задарна, сэтгэдэг болно, ихээхэн ур чадвар шаардана. Тэгж хөдөлмөрлөсөөр юмыг зөв цэгцтэй сэтгэж сурдаг. Урлагийн хүнд авьяас нэлээд чухал үүрэгтэй шиг математикч хүнд ч авьяас хэрэгтэй. Түүний хажуугаар хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Та мэргэжлийнхээ чиглэлээр олон төрлийн судалгаа шинжилгээ хийсэн байх, тийм үү?
-Тэгсэн. Би долоон жил багшлаад, аспирантурын шалгалт өгч Зөвлөлтөд Новосибирскийн Улсын их сургуулийн аспирантурт гурван жил суралцахаар болсон. Тэнд сурч байхдаа тооцон бодох математикийн чиглэлээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Тухайн үед дунд сургуулийн дөрвөн хүүхдээ орхиж, алс хол явах нь надад амаргүй байсан ч ирээдүйгээ бодоод зориглон зүтгэсэн. Орос багш нар маань өгөөмөр сэтгэлтэй, нөмөр нөөлөг ихтэй ч бэлэн хоол өгөхгүй, хатуу шаардлагатай. Тэд шинжлэх ухаанд байр сууриа олж, улмаар өөрийн хувь нэмрийг хэрхэн оруулдгийг биеэрээ үлгэрлэж байсан нь намайг шинжлэх ухааны туйлбартай бөгөөд чанд дэг жаягт сургасан. Би шинжлэх ухааны мөр хөөсөн өөрийн замналыг бодож шавь нартаа “Залуу хүний хувь заяа, ирээдүй зөвхөн өөрийн тань гарт бий” гэж хэлэх дуртай.

-Дубна хот дахь Цөмийн шинжил гээний нэгдсэн институтэд ажиллаж байсан тань хэдэн он бэ?
-Зөвлөлтөд сурах хоёр дахь завшаан гарсан нь 1985 он. Би 1992 он хүртэл долоон жил Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажиллаад, тус институтэд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш их сургуульдаа багшилж байна. Дубнад орчин үеийн цөмийн шинжилгээний бүх салбар хөгжсөн, 6-7 том лабораторитой шинжлэх ухааны том төв юм. Тэнд хуучин социалист орны эрдэмтэд очиж судалгаа, шинжилгээ хийдэг байсан бол одоо барууны орны эрдэмтэд ч ажиллаж байна.

Манай сургуулиас бидэнтэй хамт Төрийн шагнал хүртсэн О.Чулуунбаатар 1999 онд Дубна явж, дэд эрдэмтэн, докторын зэрэг хамгааллаа. Одоо14 дэх жилдээ ажиллаж байна. ШУТИС-д багшилж байсан бас нэг шавиа би тийш нь явуулсан. Дэд эрдэмтэн Б.Батгэрэл маань Дубнад гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ мэтээр Дубнатай сүүлийн 30 гаруй жилд тасралтгүй харилцаа, хамтын ажиллагаатай байгаа.

Дубнагийн Цөмийн шинжилгээний институт цөмийн физик төдийгүй онолын физик, тооцон бодох математикийн арга боловсруулах чиглэлээр өндөр түвшинд хөгжсөн. Шинжлэх ухааны салбарт шинэ ойлголт, шинэ чиглэл, арга боловсруулдаг. Эрдэм шинжилгээний бүтээл туурвина гэдэг мэдлэг үйлдвэрлэж байна гэсэн үг.

-Та Дубнад долоон жил ажиллахдаа ямар судалгаа хийж байв?
-Онолын физикийн олон янзын шугаман бус бодлогуудыг бодоход өргөн хэрэглэдэг Ньютоны арга гэж байдаг. Тэр аргыг хөгжүүлж, өргөтгөл хувилбаруудыг гаргасан. Мэргэн бууч овоо хараагаа онилж, наана цаана нь буудаж байгаад онодог шүү дээ. Түүнтэй адил бодлогын шийд хоёр талаасаа ойртож нийлдэг. Тэр төлөв байдлыг тэнд байгаа параметрийн тусламжтайгаар удирдах боломжтойг харуулсан ажлуудыг хийсэн л дээ. Би Дубна дахь Цөмийн шинжилгээний институтэд жил болгон очиж, судалгааны ажил хийдэг. Тэнд миний багш, ОХУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор И.В.Пузынин гэдэг хүн бий.

-Төрийн шагнал авсан бүтээл тань багш, шавь болсон та дөрвөн эрдэмтний олон жилийн судалгааны үр дүн байх, тийм үү?
-Тооцон бодох математик, оптимизацийн онол хоёр хэрэглээний математикийн гол хоёр багана болсон ухаан шүү дээ. Энэ чиглэлээр О.Чулуунбаатар, Р.Энхбат, Р.Алтаннар бид дөрвийн хамтын бүтээлийг төр өндрөөр үнэллээ. Шинжлэх ухааны олон улсын сэтгүүлүүдэд бидний 180-аад бүтээл хэвлэгдсэн. Тэдгээр өгүүллийг гадаадын мэргэжлийн хүмүүс өөрийнхөө бүтээлд 800 гаруй удаа иш татсан байна. Шинжлэх ухааны судалгааны ажлын чансааг ишлэлээр нь үнэлж дүгнэдэг ёс бий. Эрдэмтдийн судалгааны үр дүн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд гарч байна гэдэг хамгийн гол шалгуур. Сэтгүүлд гарна гэдэг эрдэмтдийн бүтээл үйлдвэрлэлд нэвтэрч байна гэсэн үг. Тэр сэтгүүлийг уншиж танилцсанаар шинэ мэдлэг олж авч, өөрийн бүтээлд хэрхэн тусгаж ашиглах, эсвэл тэр чиглэлийг цааш хэрхэн хөгжүүлэх зэргээр бүтээлчээр хандаж, шинэ санаа авч байдаг учиртай.

-Та 40 гаруй жил тоо боджээ. Одоо толгойгоо амраая гэж бодохгүй байна уу?
-Тоо бодох нь миний хэзээ ч уйдахгүй хобби. Нас өндөр болсон учир их сургуульдаа цагийн багшаар ажиллахын зэрэгцээ Математикийн хүрээлэнд секторын эрхлэгч хийдэг. Манай хүрээлэнгийнхэн Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр “Шугаман бус бодлогын шийдийн тоон ба чанарын судалгаа” сэдвээр судалгааны ажил хийж байна.

-Таныг тооцон бодох математикийн чиглэлээр Монголд шавь сургууль хөгжүүлсэн гэдэг.
-Тийм ээ, би дөрвөн хүн удирдаж доктор, 10 гаруй магистр удирдаж хамгаалуулсан. Шавь нар минь Монголын томоохон их, дээд сургуулиудад багшилж, судалгаагаа хамтарч хийгээд явж байна.

-Манай улсад математикийн шинжлэх ухаан ямар түвшинд хүрсэн гэж үздэг вэ?
-Энэ салбар боломжийн түвшинд хөгжсөн. Арван жилийн хүүхдүүд олон улсын олимпиадад жил бүр явж, сүүлийн жилүүдэд тогтмол медаль тай ирэх болсон. 100-гаад орноос 30-40-д орно гэдэг бол муугүй үзүүлэлт шүү.
Хүүхдүүд олон улсын олимпиадад сайн оролцоно гэдэг Монголд математик сэтгэлгээ гайгүй байгааг илтгэнэ. Манай эрдэмтэд социалист орнуудад эрдмийн зэрэг, цол хамгаалдаг байлаа. Зах зээл хөгжсөнөөс хойш Япон, Солонгос, Герман, Америк зэрэг оронд аспирантур, докторантурт суралцсан, шижигнэсэн залуус багшилж байна.

-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байна уу?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд өөрсдийн сонирхлоор голдуу банк, санхүүгийн мэргэжил эзэмшээд ажиллаж байна. Оросын том математикчдын хүүхдүүд математикч болсон тохиолдол цөөнгүй. Манайд бол тийм зүйл алга. Гэхдээ би харамсдаггүй. Хэдийгээр хүүхдүүд мэргэжлийг минь өвлөөгүй ч хүүхдүүдээсээ ялгаагүй гарын хэдэн сайхан шавь бэлтгэж, хүмүүжүүлсэндээ би сэтгэл хангалуун явдаг. Шавь нар минь миний үйл хэргийг үргэлжлүүлнэ шүү дээ.

Эх сурвалж: https://gogo.mn/r/128370




Бусад мэдээлэл