КВАНТ ЭДИЙН ЗАСАГ
КВАНТ ЭДИЙН ЗАСАГ

Физикийн маш микро түвшний өгөгдөл, хэмжилт, тодорхойгүй байдлыг тайлбарласан математик загварыг квант механик загвар гэнэ. Уламжлалт эдийн засагт үнэ цэнэ(value) болон үнэ ханш(price) хоёрыг адилхан гэж үздэг бол квант эдийн засагт ялгаатай гэж үздэг.

Өгөгдлийн хэмжилт болон тодорхойгүй байдал нь хоорондоо салшгүй холбоотой.

Өгөгдөл

Уламжлалт физикт өгөгдөл нь унтраасан эсвэл асаалттай, болсон эсвэл болоогүй, 1 эсвэл  0 гэх мэт бит-ээр тодорхойлогддог. Харин квант механикийн үед квантбит(кубит) нь  0 ба 1 ийн аль алинийг илэрхийлэх мэдээллийг хэмжиж, тодорхойлдог. Кубит бол мэдээллийг байрлал, инерци, орчил гэх мэтчилэн кодлдог. Ажиглаж буй өгөгдөл нь суперпозицид байна гэдэг нь нэгэн зэрэг хоёр төлөвт байна гэсэн үг юм. Кубит бол яг л алгебрийн анхан шатны ойлголт болох координатын систем юм. Энд электрон, фотон зэрэг бодит зүйлсийг авч үзэж байгаа хэдий ч энэхүү координатын систем нь төсөөллийн хавтгайд байна. Өөрөөр хэлбэл х тэнхлэг нь бодит тоон утгатай бол у тэнхлэг нь төсөөллийн тоон утгатай байна гэсэн үг.

Хэмжилт

Энд ажиглаж буй өгөгдөл нь суперпозицид буюу төсөөллийн координатын системийн хаа нэгтээ байна. Хэмжилт хийснээр энэхүү өгөгдөл нь хоёр хэмжээст төсөөллийн координатаас нэг хэмжээст бодит тоо болон хувирдаг. Өөрөөр хэлбэл уламжлалт болон квант өгөгдлийг хэмжилт холбодог гэсэн үг.

Тодорхойгүй байдал

Уламжлалт физикт туршилтын үр дүнгээс хамаарч тодорхойгүй байдал хэмжигддэг буюу  туршилтын дараахи хэмжилтээр олж авсан мэдээлэл болон тодорхойгүй байдлын хэмжээ нь нэг зоосны хоёр тал шиг байдаг.

Квант механикийн үед байрлал, импульс гэх мэт хоорондоо салшгүй холбоотой ажиглалтын утгуудыг хэмжихэд эхний ажиглалтын утгын хэмжилт нь нөгөөгийнхөө ажиглалтын үр дүнд нөлөөлж, мэдээллийг орхигдоход хүргэдэг.

Өөрөөр хэлбэл хэмжилтийн үйл явц нь үр дүнд нөлөөлдөггүй, хэмжилтийн дарааллаас үр дүн нь хамаардаггүй бол уламжлалт физик, харин хэмжилт хийхийн өмнө ажиглалтын утга нь суперпозицитэй, хэмжилт болон хэмжилтийн дараалал нь үр дүнд нөлөөлдөг бол квант механик болно.

Квант эдийн засаг ба мөнгө

Неоклассик онол нь санхүүгийн гүйлгээний загварчлалд мөнгийг оруулдаггүй ба мөнгийг зөвхөн бартерыг оролдог гэж дутуу үнэлдэг. Мөнгийг зүгээр л идэвхигүй солилцооны хэрэгсэл гэж үзэх  нь үнэ(ханш) бол үргэлж тухайн бүтээгдэхүүний бодит үнэ цэнийг(value) илэрхийлнэ гэсэн үг юм.

Квант эдийн засаг нь мөнгөний шинэ шинжлэх ухаан бөгөөд энд мөнгийг эдийн засгийн цохилох зүрх гэж үзэн, үнийг тухайн бүтээгдэхүүний бодит үнэ цэнийг илэрхийлдэггүй гэж тооцдог. Санхүүгийн гүйлгээ хийхийн өмнө бодит үнэ цэнийн хэмжээ тодорхойгүй байдалтай байдаг буюу гүйлгээг хийх, хийхгүй гэсэн суперпозицитэй байдаг. Үүнийг дээр дурдсан хэмжилтийн нэг адил, гүйлгээ хийгдмэгц үнэ цэнэ нь хоёр хэмжээст төсөөллийн координатаас нэг хэмжээст бодит тоо болон хувирч, үнэ тодорхойллогддог гэж тайлбарлаж болно. Мөнгө нь энэхүү хоёрдмол байдлын материаллаг илэрхийлэл буюу зээлийн дүн, эсвэл бодит цаасан мөнгө хэлбэрээр илэрч буй юм.

Хувьцааны үнэ болон хувьцааны үнийн өөрчлөлтийн үзүүлэлтүүд нь бие биетэйгээ салшгүй холбоотой ажиглалтын утгуудын нэг жишээ юм. Компанийн үнэлгээ болон түүний хувьцааны үнийг олох үед фундаменталист болон техник аналистуудын хооронд үүсдэг маргааныг жишээ болгон авч үзье. Тухайн компанийн үнэлгээг олохдоо тоон болон чанарын үзүүлэлтүүд болох санхүүгийн эрүүл байдал, эдийн засгийн үзүүлэлтүүд, салбарын чиг хандлага, удирдлагын баг зэрэг мэдээллүүдийг авч үзэх хэрэгтэй гэж фундаменталистууд үздэг. Өөрөөр хэлбэл тэд компанийн одоогийн  нөхцөл байдалд үндэслэн бодит үнэлгээг гаргадаг.  Харин техник аналистууд хувьцааны хэв маяг, чиг хандлагыг тодорхойлохдоо арилжигдсан хэмжээ болон түүхэн үнийн график мэдээлэллийг голчлон шинжилдэг. Тэд фундаментал болон бусад бүх мэдээллийг зах зээлийн үнэ агуулдаг гэж үздэг ба түүхэн үнийн мэдээлэл нь ирээдүйн үнийн хөдөлгөөнийг таамаглахад тусалдаг гэдэгт итгэдэг. Өөрөөр хэлбэл, техник аналистууд үнийн өөрчлөлтийн хурд эсвэл импульсид төвлөрч хувьцааны үнийг тогтоодог.

Квант эдийн засаг нь фундаментал болон техник аналистуудыг аль альнийг нь буруу ч гэж харуулдаг, зөв ч гэж харуулдаг. Учир нь тэд аль аль талдаа хэмжилт нь үр дүнд нөлөөлдөг, бие биетэйгээ салшгүй холбоотой үзүүлэлтүүдийг агуулж байдаг.

Үүнийг GameStop(GME) компанийн хувьцааны үнийн жишээн дээр авч үзье.

Ковид-19-ийн өмнө тус компанийн хувьцааны үнэ бага, фундаментал болон бусад үзүүлэлтүүд муу байсны улмаас хедж сангууд энэхүү хувьцааг зарж(шорт хийж) эхэлсэн. Яг энэ үетэй зэрэгцээд онлайн арилжаа хийдэг техник аналистууд зохион байгуулалттайгаар тус компанийн хувьцааны үнийг хурдацтай өсөхөд хүргэсэн шуум гаргаж(догдлол үүсгэж) шорт хийсэн арилжаачдыг шийдвэрээ өөрчлөхөд хүргэсэн. Энэ үйл явдал нь үнэ(ханш) бол түүхэн бүх мэдээллээс урган гарч, ирээдүйн үнийн таамгийн чиг хандлагыг тодорхойлдог гэсэн неоклассик үзэл баримтлалыг няцаахад хүргэсэн. 

Бодит үнэ цэнийг нь яг тодорхойлох боломжгүй, биет бус хөрөнгүүд болох худалдааны тэмдэг, франчайз, гүүдвил(нэр хүнд), брэнд зэрэг нь фундаментал үзүүлэлтүүдэд багтдаг ба эдгээрийн үнэ цэнэ нь зар сурталчилгаа болон брэндийн танигдсан байдлаас голчлон хамаардаг. Дээрх жишээнд, техник аналистууд хувьцааны тухайн агшны импульс дахь мэдээллийг их хэмжээгээр, хурдан олж авч, цааш тараах тусам дээр дурдсан биет бус хөрөнгийн шинж чанараас шалтгаалан хедж сангууд фундаментал өгөгдлүүдийг тодорхой таамаглаж мэдэх боломжгүй болж байна.

Энд нэг өгөгдлийн хэмжилт нь нөгөө өгөгдлийн мэдээллийг тодорхойгүй байдалд оруулж байгаа ба эдгээр хоёр төрлийн өгөгдлийг нэг агшинд  хоёуланг нь бүрэн олж авах боломжгүй байгаа юм.

Неоклассик эдийн засгийн онолын үед худалдагч болон худалдан авагч нар нь хоёр талдаа нэг нэгнийгээ орлож болохуйц салшгүй өгөгдлийг агуулж буйг мэддэггүй ба тухайн бүтээгдэхүүний бодит үнэ цэнийг хоёулаа мэдэж байна гэж боддог. Харин квант эдийн засаг ялгаатай өгөгдлүүд нь хэрхэн бие биендээ нөлөөлж бие биенээ харилцан нөхөж байдгийг харуулдаг. GME хувьцааны үнэнд тодорхойгүй байдал үүсч, хедж сангууд энэхүү нэмэлт тодорхойгүй байдлыг тооцож чадалгүй таамаглаж байсан ашгаа олж чадахгүйд хүрсэн. Хоёр тал хувьцааны үнийг хэмжиж байх үедээ үнийг төсөөллийн координатаас бодит тооруу шилжүүлдэг гэсэн үг юм. Энд үнэ тодорхойлогдох үед биет бус үзүүлэлтийн мэдээлэл нь алдагдал хүлээсэн талд тодорхойгүй байдал үүсгэсэн байна.

Дүгнэлт

 

Квант эдийн засгийн загвар нь квант болон уламжлалт эдийн засгийн өгөгдөл, тэдгээрийн хэмжилт, тодорхойгүй байдал зэргээс урган томьёологддог. Үнэ цэнэ нь квант механикын зарчмаар тодорхойлогддог бол үнэ ханш нь нөгөө салшгүй нэг хэсэг болох уламжлалт механикаар тодорхойлогддог. Хэмжилтийн үед кубит нь бит-рүү шилжих үед хувьцааны үнэ цэнэ нь тодорхой ханшруу шилжиж байгаа юм. Дээрхи авч үзсэн жишээнээс үзэхэд, хедж сангууд нь хувьцааны үнийг санхүүгийн нөхцөл байдалд нь тулгуурлаж таамагласан бол цахим арилжаачид хувьцааны үнийг тухайн агшны инерцид нь тулгуурлан таамагласан. Эдгээр бие биетэйгээ салшгүй холбоотой үнийг(value&price) хэмжих явцад нэгнийх нь талаар илүү мэдээлэлтэй болох тусам нөгөөгийнх нь мэдээлэл тодорхойгүй болж байдаг. Хэмжилтийн үйл явц нь аль нэг салшгүй хэсгийг тодорхойгүй болгож байдаг бөгөөд нэгэн зэрэг хоёр хэсгийг төгс тодорхойлох боломжгүй болгодог. Хедж сангууд нь энэхүү тодорхойгүй байдлыг тооцоолж чадаагүй юм.

 

 Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантигмаа

 

Эх сурвалж: “Money, Value and Gamestop”, An introduction to quantum economics, The Actuary Magazine, October 2023

 


Бусад мэдээлэл