Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан болон робот техникийн хөгжил эрчимжиж, хүн дүрст (humanoid) роботуудыг бодит ажлын орчинд ашиглах боломж улам бүр нэмэгдэж байна. Microsoft болон Hexagon зэрэг технологийн компаниудын хамтын ажиллагаа нь үйлдвэрлэл, логистик, агуулахын үйл ажиллагаанд ашиглагдах робот системийг хөгжүүлэх шинэ үе шатыг эхлүүлж байна. Урьд өмнө нь судалгаа, туршилтын түвшинд байсан хүн дүрст роботууд одоо бодит үйлдвэрлэлийн орчинд нэвтрэх нөхцөл бүрдэж байна.
Хүн дүрст роботын системийг үр дүнтэй хөгжүүлэх, удирдах, тасралтгүй сайжруулахад Cloud тооцооллын дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэдэг. Роботуудын үйл ажиллагааны явцад их хэмжээний өгөгдөл үүсдэг бөгөөд үүнд дүрс болон видео мэдээлэл, мэдрэгчийн хэмжилтийн өгөгдөл, LIDAR технологид суурилсан орон зайн зураглал, мөн роботын ажиллагааны телеметрийн мэдээлэл зэрэг орно.
Эдгээр их хэмжээний өгөгдлийг зөвхөн роботын дотоод тооцооллын системээр боловсруулах нь техник, нөөцийн хязгаарлалтаас шалтгаалан хүндрэлтэй байдаг. Иймээс Cloud тооцооллын платформ нь өгөгдлийг хадгалах, боловсруулах, мөн алгоритмын сургалтыг гүйцэтгэхэд илүү өргөн боломжийг бүрдүүлдэг. Cloud системийг ашигласнаар роботын програм хангамжийг алсаас шинэчлэх, сургалтын өгөгдлийг төвлөрCloud боловсруулах, мөн системийн ажиллагааг тасралтгүй сайжруулах боломж бүрддэг.
Hexagon компанийн боловсруулж буй AEON зэрэг робот платформууд нь үйлдвэрлэлийн орчинд практик хэрэглээнд нэвтрэхээр төлөвлөгдөж байна. Эдгээр роботууд нь агуулахын логистик, эд анги болон бараа материал зөөвөрлөх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шалгах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой.
Хүн дүрст бүтэцтэй байх нь роботуудыг хүмүүсийн ажиллах орчинд илүү хялбар дасан зохицох боломжийг олгодог. Үйлдвэр, агуулах, оффисын орчин нь ихэвчлэн хүний биеийн бүтэц, хөдөлгөөний онцлогт тохируулан зохион байгуулагдсан байдаг тул хүнтэй төстэй робот системүүд ийм орчинд ажиллахад илүү тохиромжтой гэж үздэг.
Хүн дүрст роботуудыг үйлдвэрлэлийн орчинд ашиглах нь аж үйлдвэрийн автоматжуулалтыг шинэ шатанд хүргэх боломжтой гэж үзэж байна. Ялангуяа ажиллах хүчний хомсдол, аюултай орчинд ажиллах шаардлага, давтагддаг механик ажиллагаанууд зэрэг асуудлыг шийдвэрлэхэд робот системүүд чухал үүрэг гүйцэтгэж болно.
Хэдийгээр хүн дүрст роботуудын өргөн хэрэглээ одоогоор эхний шатандаа байгаа боловч ойрын ирээдүйд үйлдвэрлэл, логистик болон үйлчилгээний салбарт тэдгээрийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна.
Мэдээ бэлтгэсэн: ЭША Н.Билгүүтэй