Ангараг дээр суурьшил байгуулах боломж
Ангараг дээр суурьшил байгуулах боломж

Ангараг дээр суурьшил байгуулах нь зөвхөн инженерийн асуудал биш, мөн логистикийн асуудал юм. Сонсоход төдийлөн сонирхол татахгүй мэт боловч логистик нь эцсийн дүндээ хүн төрөлхтөн олон гаригт амьдрах чадвартай болох уу, эсвэл Дэлхийдээ үлдэх үү гэдгийг шийдэх чухал хүчин зүйл байж мэднэ. Ангарагийн суурьшлын баазад юу үнэхээр хэрэгтэйг бодоод үзье. Хоол хүнс, хүчилтөрөгчөөс гадна бусад материалууд ч шаардлагатай. Барилга байгууламж барихад ган, тоног төхөөрөмжид хөнгөн цагаан, багаж хэрэгсэлд төмөр хэрэгтэй бөгөөд эдгээр нь цаг хугацааны явцад элэгдэж, эвдэрч, байнга солигдож байдаг. Гэвч энэ бүхнийг Дэлхийгээс байнга тээвэрлэх нь урт хугацаанд бодит шийдэл биш. Нэг тонн ачааг сансарт хөөргөхөд хэдэн арван сая доллар шаардлагатай бөгөөд Ангараг руу нисэхэд 6–9 сар зарцуулдаг. Ийм нөхцөлд шаардлагатай материалыг тогтмол нийлүүлэх боломжгүй.
Иймээс Швейцарын EPFL(École Polytechnique Fédérale de Lausanne)-ийн arXiv хэвлэлийн санд нийтлэгдсэн шинэ судалгаа нь гарагуудаас металл олборлож, түүнийг шууд Ангарагт хүргэх боломжийг математик тооцооллоор судалжээ.

Нарны аймагт сая сая жижиг гараг байдаг бөгөөд тэдгээрийн дунд төмөр, никель болон бусад үнэ цэнтэй материалын асар их нөөцийг агуулсан жижиг гарагууд байдаг.
Гол асуудал нь бид тэдгээрт хүрч чадах уу, шаардлагатай материалыг нь олборлож чадах уу, мөн түүнийг Ангарагт эдийн засгийн хувьд ашигтайгаар хүргэж чадах уу гэдэгт оршиж байна. Хариулт нь бол “боломжтой, гэхдээ тодорхой нөхцөлтэй” гэсэн эерэг дүгнэлт юм.
Судалгааны баг ханган нийлүүлэлтийн олон хувилбаруудыг харьцуулж, хамгийн оновчтой шийдлийг олохын тулд мянга мянган өөр хувилбарыг туршдаг компьютерын программ ашигласан.

Тэд жижиг гараг болон Ангараг хооронд зорчиход шаардагдах энерги, бодитоор олборлож болох металлын хэмжээ, мөн буцах замд шаардлагатай түлшийг тооцоондоо оруулсан. Энд нэг сонирхолтой шийдэл бий. Зарим жижиг гарагууд нүүрстөрөгч болон усыг (мөс хэлбэрээр) их хэмжээгээр агуулж байдаг тул сансрын хөлгийн түлшийг тэдгээр жижиг гарагууд дээр үйлдвэрлэх боломжтой бөгөөд ингэснээр Дэлхийгээс буцах түлш тээвэрлэх шаардлагагүй болно.
Судалгаанд энэ боломжийг ханган нийлүүлэлтийн тооцоонд шууд тусгасан байна. Үр дүнгээс харахад одоогийн сансрын технологиор хүрч болох, очих ба буцах зардал нь харьцангуй бага хэд хэдэн жижиг гарагийг тодорхойлжээ. Судлаачид зөв жижиг гарагийг сонгох нь хамгийн чухал гэдгийг онцолж байна.
Судалгааны үр дүнд одоо байгаа технологиор хүрч болох, эдийн засгийн хувьд үр ашигтай хэд хэдэн жижиг гарагийг тодорхойлжээ. Энэ нь уг ажлын гол ач холбогдол болж байна. Өөрөөр хэлбэл, Ангараг дээр суурьшихад шаардлагатай материалыг сансраас ханган нийлүүлэх боломжтой тогтолцоог онолын түвшинд тодорхойлсон байна. Судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг эх сурвалжаас үзэх боломжтой.

Мэдээ бэлтгэсэн: Б.Дөлгөөнтуяа Математикийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан
Эх сурвалж: 1. https://phys.org/news/2026-04-solar-world.html


Бусад мэдээлэл