Судлаачид өндөгний хэлбэрийн ерөнхий томьёог эцэслэн гаргажээ
Судлаачид өндөгний хэлбэрийн ерөнхий томьёог эцэслэн гаргажээ


Кентийн их сургууль, Байгаль орчны нөхөн сэргэлтийн судалгааны хүрээлэн болон Vita-Market Ltd-ийн судлаачид байгальд байдаг ямар ч шувууны өндгийг дүрслэх боломжтой математикийн ерөнхий томъёог нээж илрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү томьёоллыг хийх оролдлогууд амжилтгүй байсан байна.

Өндөгний хэлбэр нь аналитик талаасаа математикч, инженер, биологичидын анхаарлыг татсаар  ирсэн. Энэхүү хэлбэр нь үлэг гүрвэлийн үеэс эхлээд 10,500 төрөл зүйлийн амьтдын амьдралын эхлэл болж эволюцид орох явцдаа үр хөврөл багтахуйц том, өндөглөх үед биеэс хамгийн эвтэйхэн гарах хэмжээний жижиг, гадаргуу дээр унахдаа өнхөрдөггүй,  бүтцийн хувьд жингээ даах чадвартай байх зэрэг чанаруудыг бүрдүүлжээ. Өндөгний хэлбэрийг "төгс хэлбэр" гэж үзэж иржээ.

Бүх өндөгний хэлбэрийг шинжлэхдээ бөмбөрцөг, эллипс, зууван, лийрэн хэлбэр (конус) гэсэн геометрийн 4 дүрс ашигласан ба лийрэн хэлбэрийн математик томъёог хараахан гаргаагүй(батлаагүй) байна.

Ямар ч өндөгний хэлбэрийг тодорхойлж болох эллипсэн бөмбөрцөг дүрсний сүүлийн хувилбар болох цоо шинэ геометрийн дүрсийг илүү нарийвчлалтай гаргахын тулд судлаачид математикийн загварыг хөгжүүлж, зууван хэлбэрийн томъёонд нэмэлт функц оруулсан.

Өндөгний хэлбэрийг тодорхойлох энэхүү ерөнхий математикийн томъёо нь өндөгний урт, хамгийн их өргөний хэмжээ, босоо тэнхлэгийн шилжилт, өндөгний уртын дөрөвний нэг дэх диаметр гэсэн дөрвөн параметр дээр суурилдаг.

Удаан хугацааны туршид эрэлхийлж ирсэн энэхүү ерөнхий томъёо нь өндөгний хэлбэр, төдийгүй түүний хэрхэн, яагаад үүсч хөгжсөнийг ойлгоход чухал алхам болсон бөгөөд биологийн болон технологийн салбарт өргөн хэрэглээтэй болох боломжтой.

Өндөгний ерөнхий хэлбэрийн математик тодорхойлолт нь хүнсний судалгаа, механик инженерчлэл, хөдөө аж ахуй, биологийн шинжлэх ухаан, архитектур, нисэхийн салбарт аль хэдийн хэрэглээгээ олж чаджээ. Жишээлбэл, энэхүү томъёолол нь жирийн бөмбөрцгөн өндөг хэлбэрээс илүү бат бөх, нимгэн ханатай өндгөн хэлбэрийг инженерчлэн байгуулах боломжийг бий болгож байна.

Энэхүү шинэ томъёо нь хэд хэдэн чухал дэвшлийг авчирсан юм. Жишээ нь:

1. Биологийн биетийн шинжлэх ухааны нарийвчилсан тодорхойлолт. Өндгийг математикийн томъёогоор дүрслэх боломжтой болсноор биологийн системчлэл, технологийн параметрүүдийн оновчлол, өндөг дарах болон тахиа сонгох зэрэг ажлууд маш хялбар болсон.

2. Биологийн биетийн физик шинж чанарын энгийн, үнэн зөв тодорхойлолт. Өндөгний гадаад шинж чанар нь өндгийг дарах, боловсруулах, хадгалах, ангилах технологийг хөгжүүлдэг судлаач, инженерүүдэд нэн чухал юм. Эзэлхүүн, гадаргуугийн талбай, муруйлтын радиус зэрэг  үзүүлэлтүүдийг ашиглан өндөгний ерөнхий дүрсийг энгийнээр тодорхойлох арга барил хэрэгтэй байсан ба энэхүү томъёолол энэ хэрэгцээг хангаж байна.

3. Биологиос санаа авсан инженерчлэл. Өндөг нь инженерийн системүүд болон  сүүлийн үеийн технологиудын загварыг гаргахад тусалсан байгалийн биологийн систем юм. Өндөгний хэлбэртэй геометрийн дүрсийг архитектурт ашигладаг. Жишээ нь Лондон хотын захиргааны төв байрны дээвэр болон Gherkin барилга зэрэгт ашигласан юм. Хамгийн бага материал ашиглан хамгийн их даацтай барилга угсрах асуудлыг шийдэхэд энэхүү томъёо нь шууд хэрэглэгдэнэ.

Судалгааны талаар Кентийн Их Сургуулийн генетикийн профессор, төслийн эмнэлзүйн судлаач Даррен Гриффин ийнхүү хэлжээ"Биологийн эволюцын судалгааны үндэс болгож өндөгний үүсэл хөгжил зэрэг эволюцын процессуудын математик загварчлалыг энэхүү томъёоллоор харуулсны дагуу гаргаж, судлах ёстой. Энэхүү томъёог суурь шинжлэх ухааны салбарууд, ялангуяа хоол хүнс, шувууны аж үйлдвэрт ашиглах боломжтой бөгөөд өндгийг судалгааны объект болгосон санаа нь дараа дараачийн судалгаанд ихээхэн түлхэц болно.

"Энэхүү томъёо нь математик болон биологийн хоорондын философи, зохицлын тухай бидний ойлголт, үнэлэмжийг илүү сайжруулж байна. Цаашлаад, манай дэлхий ертөнц нэг өндөгний хэлбэрээр нарийвчлан тайлбарлагджээ” гэж Кентийн Их Сургуулийн судалгааны түр ажилтан,доктор Майкл Романов хэлжээ.

“Соёл урлаг, технологи, уран барилга, газар тариалан зэрэг салбаруудад энэхүү томъёо нь өргөнөөр хэрэглэгдэхийг бид тэсэн ядан хүлээж байна. Энэхүү амжилт нь шинжлэх ухааны салбар хоорондын хамтын судалгааны ажил яагаад ийм чухал байдгийг харууллаа ” гэж Кентийн их сургуулийн судалгааны түр ажилтан байсан доктор Валерий Нарушин хэлжээ.

Энэхүү судалгаа нь Нью-Йоркийн Шинжлэх Ухааны Академийн жилийн үйл явдлын тоймд  гарчээ.

Эх сурвалж: https://phys.org/news/2021-08-reveals-ancient-universal-equation-egg.html

Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбар, ЭША, Ш.Идэрбаяр


Бусад мэдээлэл