EDGE COMPUTING-ийн тухай
EDGE COMPUTING-ийн тухай


2021 оны технологийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох Edge computing нь хэрэглэгчдийн ашиглаж буй программ хангамж ба өгөгдлүүдийг IoT төхөөрөмж эсвэл дотоод серверт хэрэглэх зориулалттай distributed computing буюу тархсан тооцооллын орчны нэг төрөл юм. Орчин үеийн IoT төхөөрөмжүүдийн хүчин чадал болон эрчимтэй өсөлт нь өдөр ирэх тутамд асар их хэмжээний мэдээлэл, өгөгдлийг бий болгосоор байна. Мөн 5G сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн тоог нэмэгдүүлэхийн хэрээр мэдээллийн хэмжээ нэмэгдсээр байх болно. Тиймээс цаашид зөвхөн cloud буюу үүлэн тооцооллын серверүүдийг ашиглахад хүндрэл үүсэж байна. Учир нь төхөөрөмжөөс үүссэн бүх өгөгдлийг төвлөрсөн мэдээллийн төв эсвэл үүлэн серверт илгээх нь зурвасын өргөн, хугацааны хоцролтын асуудал үүсгэхээс гадна ач холбогдолгүй өгөгдлүүдийг дамжуулж, серверийн ачааллыг нэмэгдүүлдэг. Үүнийг Edge computing-ийн тусламжтай шийдэх боломжтой.

                


Edge computing нь өгөгдлийг үүсгэсэн цэгийн орчинд боловсруулж, хадгалж, дүн шинжилгээ хийх боломжтой жижиг дата төв юм. Өгөгдөл нь үүлэн сервер эсвэл мэдээллийн төвлөрсөн системрүү дамжихгүй тул хугацааны хоцролт мэдэгдэхүйц буурдаг. Энэ нь тооцоолол, өгөгдөл хадгалалтыг өгөгдөл үүсгэж буй газрын ойролцоо буюу Edge nodes-д хэрэгжүүлж, өгөгдлийг илүү сайн хянах, дамжуулалтын зардлыг бууруулах, хугацааны хоцролтгүй хариу үйлдэл үзүүлэх, тасралтгүй ажиллуулах боломжийг олгодог.

Edge nodes-д өгөгдлийг боловсруулж хадгалснаар өгөгдөлүүдийг эрэмбэлж, хэрэгцээгүй өгөгдлүүдийг устгах, мөн хэрэгцээт мэдээллүүдийг үүлэн серверт дамжуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл Edge computing нь үүлэн тооцоололтой өрсөлдөхгүй тул хамтад нь хослуулж хэрэглэхэд тохиромжтой. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр үүсгэж буй өгөгдлийн 10%-ийг edge computing-ийн тусламжтайгаар боловсруулж байгаа бөгөөд 2025 он гэхэд аж ахуйн нэгжийн үүсгэж буй өгөгдлийн 75%-ийг боловсруулдаг болох хандлагатай байна.

Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбар, ЭША,  Б. Төмөрхуяг

Эх сурвалж: https://www.ibm.com/cloud/what-is-edge-computing

 

 


Бусад мэдээлэл