Энэхүү хиймэл оюун нь бүдэг зургийг HD дүрслэл бүхий компьютерийн зураг болгон хувиргадаг. АНУ-ын Дьюк /Duke/ их сургуулийн судлаачид хүмүүсийн нүүр царайны бүдэг, танигдах боломжгүй зургийг урьд өмнө байгаагүй өндөр нарийвчлалтай компьютероор бүтээсэн зураг болгон хувиргадаг хиймэл оюуны аргыг боловсруулжээ.
Өмнө хэрэглэж байсан аргууд нь анхны зургийг 8 дахин их нягтралтай болтол нь сайжруулах боломжтой байсан бол Дьюк багийнханы дэвшүүлсэн арга нь бүдэг зургийн чанарыг 64 дахин сайжруулах боломжтой юм. Энэхүү системийг хүний царайг танихад ашиглах боломжгүй. Судлаачид хэлэхдээ: Энэ нь хяналтын камерт танигдахгүй байгаа хүний бодит тод зургийг бий болгож чадахгүй. Харин тухайн бүдэг зурганд хамгийн ойролцоо тохирох бодит мэт “шинэ” царайг дүрслэх чадвартай. Судлаачид энэхүү аргаа PULSE гэж нэрлэсэн бөгөөд 2020 оны 6-р сарын 14-ээс 19-ний хооронд зохион байгуулагдсан "Компьютерийн хараа ба хэв танилт 2020" чуулганы үеээр танилцуулсан юм.
Уламжлалт арга нь бага нарийвчлалтай зургийг авч, тэдгээрт тохирох нэмэлт пикселийг таамаглаж зургийг сайжруулдаг бөгөөд компьютерт өмнө нь хадгалагдсан өндөр нарийвчлалтай зургуудын пикселүүдтэй дөхүүлж өгдөг байсан. Ингэж дөхүүлснээр үс болон арьсны хэсгүүд нь бүрэн төгс болж чаддаггүй. Харин Дьюк баг бага нарийвчлалтай зураг авч, шинэ пикселүүдийг таамаглаж аажмаар нэмэхийн оронд хиймэл оюун ухааны үүсгэсэн өндөр нарийвчлалтай зурагнуудыг бий болгож, ижил хэмжээтэй жижигрүүлэх үед аль болох анхны зураг шиг харагдах зургийг хайж олох аргыг хэрэглэжээ. Тэдний баг "generative adversarial network " буюу GAN гэж нэрлэгддэг машин сургалтын аргыг хэрэглэсэн бөгөөд энэ нь ижил зурган өгөгдлийн багц дээр бэлтгэгдсэн хоёр нейроны сүлжээг ашигладаг. Нэг сүлжээ нь хиймэл оюунаар бүтээгдсэн хүний нүүр царайг гаргаж ирдэг бөгөөд нөгөө хэсэг нь энэ гаргасан зургийг авч бодит зураг мэт андуурмаар, хангалттай үнэмшилтэй болсон эсэхийг тогтоодог. Хоёр дахь сүлжээ түүний ялгааг олж чадахгүй болтол эхний сүлжээ нь сайжруулалтаа хийсээр байдаг. PULSE нь бусад аргуудын үр дүн гаргаж чадахааргүй чанар муутай өгөгдлөөс ч бодит мэт харагдах дүр төрхийг бий болгож чаддаг гэж Дьюк багийг удирдсан компьютерийн ухааны эрдэмтэн Синтия Рудин хэлжээ. Хүний нүүрний хэсгийн бүдэг зургаас өөр хүн шиг харагддаг олон хувилбар гаргаж чадах бөгөөд ер бусын, бодит мэт төрхийг гаргаж чадна. Энэхүү арга нь 16x16 пикселийн нүүрний зургийг хэдхэн секундийн дотор 1024 x 1024 пиксел болгон хөрвүүлж, саяас илүү пиксел нэмж HD нягтралтай болгож чадна. Бага нягтаршилтай зургуудад үл үзэгдэх нүх, үрчлээ, үсний сэв зэрэг нарийн хэсгүүд нь ч тодорч харагддаг байна.
Судлаачид 40 хүнээс PULSE ба өөр таван аргыг ашиглан үүсгэсэн 1440 зургийг нэгээс тав хүртэл үнэлэхийг хүссэн бөгөөд PULSE нь хамгийн сайн, бодит хүмүүсийн зурагтай адил өндөр чанартай байна гэсэн үнэлгээ авсан юм.
Дараах линкээр судалгааны материалтай танилцана уу: http://pulse.cs.duke.edu/
Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбар - ЭША Б.Төмөрхуяг
Эх сурвалж: https://www.sciencedaily.com/