Эрүүл мэндийн үнэлгээ гаргадаг ухаалаг толийг танилцууллаа
Эрүүл мэндийн үнэлгээ гаргадаг  ухаалаг толийг танилцууллаа

Канадын “NuraLogix” компани Consumer Electronics Show 2026 үзэсгэлэн дээр “Longevity Mirror” нэртэй ухаалаг толио танилцууллаа. Энэхүү толь нь ердөө 30 секундийн турш хүний нүүрний дүрсийг шинжилж, эрүүл мэндийн одоогийн байдал болон цаашдын эрсдэлийг тооцоолж, нэгтгэсэн оноо болгон харуулдгаараа онцлог юм. Танилцуулагдсан даруйдаа уг төхөөрөмж технологи, эрүүл мэндийн салбарынхны анхаарлыг ихээхэн татжээ.

“Longevity Mirror” нь Consumer Electronics Show 2026 үзэсгэлэнгийн үеэр хамгийн их яригдсан эрүүл мэндийн шинэ төхөөрөмжүүдийн нэг болсон байна. CES буюу Consumer Electronics Show бол жил бүр АНУ-ын Лас Вегас хотод болдог дэлхийн хамгийн том технологийн үзэсгэлэн бөгөөд 2026 оны 1-р сард болсон уг үзэсгэлэнд 4,500 гаруй компани оролцож, дэлхийн 140 гаруй орноос 141,000 орчим зочин хүрэлцэн ирсэн байна. Учир нь энэ нь зүүлт, бугуйвч гэх мэт нэмэлт мэдрэгч ашиглахгүйгээр хүний биеийн олон үзүүлэлтийг зөвхөн нүүрний дүрсээр хэмжих боломжтой гэж танилцуулагдсан юм.

Хэрхэн ажилладаг вэ?

Уг толин дотор байрлуулсан камераар хэрэглэгчийн царайны бичлэг авч, хиймэл оюун ухаанаар боловсруулдаг. “NuraLogix” энэ технологио “арьсаар дамжуулан цусны урсгалын өөрчлөлтийг илрүүлэх оптик технологи” буюу transdermal optical imaging гэж нэрлэдэг. Энгийнээр тайлбарлавал, хүний нүдэнд шууд харагддаггүй арьсан доорх цусны урсгалын өөрчлөлтийг камерын зургаар тайлж уншиж, түүн дээр үндэслэн эрүүл мэндийн мэдээлэл гаргадаг гэсэн үг.

Нүүрний дүрсийг хиймэл оюунаар шинжилж дараах үзүүлэлтүүдийг тооцоолж харуулна. Үүнд:

  • зүрхний цохилт, судасны ачаалал, зүрхний хэмнэл алдагдсан эсэх;
  • цусны даралт;
  • амьсгалын хэмнэл;
  • стресс, нойрны чанар, түгшүүрийн түвшин;
  • бодисын солилцоо болон “физиологийн нас” зэрэг багтана.

Эдгээр мэдээллийг нэгтгэн урт наслалтын индексийг 0-ээс 100 хүртэлх оноогоор гаргадаг. Энэ оноо нь хэрэглэгч амьдралын хэв маягаа сайжруулах явцад эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь хэрхэн өөрчлөгдөж байгааг хянахад туслах зорилготой. Энэхүү толь цаг хугацаа өнгөрөх тусам хэрэглэгчийн мэдээллийг илүү сайн танин мэдэж, өгч буй зөвлөгөөгөө шинэчилдэг байна.

Компанийн мэдээлснээр “Longevity Mirror” нь 100 гаруй үзүүлэлтийг ямар нэгэн зүүдэг төхөөрөмж, мэдрэгчгүйгээр хэмжих боломжтой. Үүнээс гадна уг толинд суулгасан хиймэл оюун нь хэмжилтийн үр дүнг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар тайлбарлаж, нойр, стресс, хөдөлгөөн, хооллолтын талаар хувийн зөвлөгөө өгдөг байна.

Хүмүүсийн анхаарлыг татаж байна

Consumer Electronics Show үзэсгэлэнгийн үеэр олон хүн энэхүү ухаалаг толийг туршиж үзжээ. Зарим хэрэглэгч өөрийн бодит наснаасаа “залуу” гэсэн үнэлгээ авсан бол заримынх нь үр дүн эсрэгээр гарсан нь сошиал орчинд хурдан тархсан байна. Үүний улмаас “Longevity Mirror” нь зөвхөн нэг шинэ төхөөрөмж бус, гэрийн нөхцөлд ашиглах ирээдүйн эрүүл мэндийн туслах байж болох талаар технологийн шинжээчид онцолж эхэлжээ.

Ирээдүй?

Ийм төрлийн төхөөрөмжүүд хөгжихийн хэрээр хүмүүс эрүүл мэндийн өөрчлөлтөө эрт мэдэх, өдөр бүр биеийн байдлаа хянах, өөрт тохирсон зөвлөгөө авах боломжтой болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуны тусламжтайгаар хүн зүгээр л толинд хараад эрүүл мэндийнхээ гол мэдээллийг шууд авах цаг ойртож байна.

“NuraLogix” нь энэ салбарт шинээр гарч ирсэн компани биш. Тус компани өмнө нь 11 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, АНУ-д 17 патент эзэмшдэг байна. Мөн зүрхний цохилт, амьсгалын хэмнэл, цусны даралт зэрэг үндсэн гурван хэмжилтээ АНУ-ын Хүнс, эмийн газраар батлуулахаар хүсэлт гаргажээ. Хэрэв зөвшөөрөл авбал “Longevity Mirror”-ийн эдгээр хэмжилт эмнэлгийн төхөөрөмжийн түвшинд үнэлэгдэх боломжтой юм.


Мэдээ бэлтгэсэн ЭША Т.Лхамжав


Бусад мэдээлэл