"Artemis II" хөлгийн гишүүд сансраас нарны хиртэлтийг анх удаа харжээ.
"Artemis II" хөлгийн гишүүд сансраас нарны хиртэлтийг анх удаа харжээ.

“Artemis II” аяллын хөлөг 2026 оны 4-р сарын 1-нд дөрвөн нисгэгчтэй хөөрч, 4-р сарын 6-нд сарыг тойрон нислэг хийж, 4-р сарын 10-нд Дэлхийд буцаж ирэв.

2026 оны 4-р сарын 6-нд Үндэсний Агаарын Тээвэр ба Сансрын Нислэгийн Захиргаа (NASA)-ны нисгэгчид Рид Уайзман, Жерими Хансен, Кристина Кох болон Виктор Гловер нар 1970 оны “Apollo” 13 аяллаас хойш хүн төрөлхтний хамгийн алс — Дэлхийгээс 248,655 миль буюу ойролцоогоор 400,000 км-ийн зайд хүрч, хуучин рекордыг шинэчиллээ.

Хиртэлт — Зөвхөн тэдэнд харагдсан үзэгдэл

Ихэнх хүмүүс нарны бүтэн хиртэлтийг хэзээ ч харж амждаггүй. Харин “Artemis II”-ийн дөрвөн нисгэгч хэн ч өмнө нь мэдэрч байгаагүй зүйлийг — сарны яг дээрээс нарны бүтэн хиртэлтийг — харах завшаан тохиосон юм.

Дэлхий дээр нарны бүтэн хиртэлтийн үед  нар бүрэн далдлагдах хугацаа хэдхэн минут л үргэлжилдэг. Харин “Orion” хөлгөөс харахад нарны хиртэлт  8:35-аас 9:32  хүртэл нийт 57 минут үргэлжилсэн нь маш их ялгаатай байв.

Дэлхийгээс нарны хиртэлт харахад сар маш хурдтай хөдөлж байгаа мэт санагддаг, учир нь бид дэлхийтэй хамт эргэлдэж байдаг бөгөөд сарны сүүдэр цаг тутамд хэдэн зуун км хурдтай шилждэг. “Orion” хөлөг сарны яг ар талд, сарны сүүдэрт нисэж байсан тул удаан хугацаанд харагдаж  байсан юм. Нэмж хэлэхэд, сарнаас нар руу харах өнцөг нь дэлхийгээс харахаасаа огт өөр тул нар бүрэн далдлагдах хүртэл хамаагүй урт хугацаанд хадгалагдана.

“Artemis II”-ийн нисгэгчид сарны ар тал руу нисэх явцдаа сарны бүтэн дискийг нэг харааны өнцгөөс харах боломжтой байсан бөгөөд тодорхой цэгт сар нь нарыг бүрэн далдалж, зөвхөн тэдний байрнаас харагдах өвөрмөц хиртэлтийг бий болгов. Энэ бол Дэлхийгээс хэзээ ч харагдахгүй хиртэлтийн төрөл юм.





Шинжлэх ухааны ач холбогдол

“NASA”-гийн “Orion” хөлгөөс нарны титэм буюу гаднах уур амьсгалын давхарга нь нарны гэрэл бүрэн далдлагдсан үед тод гэрэлтэй цагариг хэлбэрээр харагдсан байна. Энэ нөлөөлөл нь нарны титмээс үүдэлтэй эсэх, зодиакийн гэрлийн нөлөөтэй холбоотой эсэхийг шинжлэх ухааны баг  судалж байна.

Нарны титэм бол нарны физикийн хамгийн нууцлаг хэсгүүдийн нэг юм. Нарны гадаргуугийн температур ойролцоогоор 5,500°C байдаг бол титмийн температур хэдэн сая градус хүрдэг — энэ огцом ялгааны шалтгааныг эрдэмтэд өнөөдрийг хүртэл бүрэн тайлбарлаж чадаагүй байна. Дэлхийгээс хиртэлтийн үеэр хэдхэн минут л ажиглах боломжтой байдаг бол “Artemis II”-ийн нисгэгчид 57 минутын турш титмийг тасралтгүй ажиглаж, өмнөхөөсөө хавьгүй их өгөгдөл цуглуулах боломж бүрдсэн нь цаг хугацааны хувьд үнэлшгүй давуу тал болсон юм.

Сарыг тойрон нисэх явцдаа “NASA”-гийн “Orion” хөлгийн нарны панелийн камераар 2026 оны 4-р сарын 6-нд нарны хиртэлтийн үеэр сарыг зураглажээ.



“Artemis II” аялал нь зөвхөн рекорд тогтоогоод зогсохгүй, хүн төрөлхтөнд байгалийн хамгийн сүр жавхлант үзэгдлийг огторгуйн өндрөөс харах цонх нээж өгсөн үйл явдал болон түүхэнд үлдлээ.

Эх сурвалж:

NASA —Сарны гадаргуугийн зурагнууд, 2026.04.07

 https://www.nasa.gov/gallery/lunar-flyby/

NASA —Аяллын рекорд, техникийн дэлгэрэнгүй мэдээлэл

Artemis II Crew Eclipses Record for Farthest Human Spaceflight nasa.gov/news-release/nasas-artemis-ii-crew-eclipses-record-for-farthest-human-spaceflight/

Space.com —Хиртэлтийн дэлгэрэнгүй тайлбар, НАСА-гийн шинжлэх ухааны баг

The Artemis 2 astronauts saw a rare solar eclipse from beyond the moon space.com

Бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар ЭША С. Сонинжаргал


Бусад мэдээлэл