Intel компани олон цөмтэй, өндөр хурдтай 13 дугаар үеийн Core брэндийн CPU-нүүдээ танилцууллаа.
Intel компани олон цөмтэй, өндөр хурдтай 13 дугаар үеийн Core брэндийн CPU-нүүдээ танилцууллаа.

    Intel компани өөрсдийн Core брэндийн Raptor Lake нэртэй 13 дугаар үеийн процессоруудаа танилцуулсан нь өмнөх 12 дугаар үеийн процессоруудын хүчин чадлаас 24%-иар илүү бөгөөд цахим тоглоомын хорхойтнуудад “дэлхий дээрх хамгийн шилдэг мэдрэмжийг хүргэх болно” гэжээ. Хүчин чадлын дэвшилтэд нөлөөлж буй гол хүчин зүйл нь нэмэгдсэн цөмийн (англи. Core) тоо, сувгуудын (англи. Thread) тоо, мөн боловсруулалтын давтамж (англи. Clock speed) юм. Жишээ нь Core i9-13900K загварын процессор нь 12 дахь үеийн загвараасаа 8 цөм, 8 сувгаар илүү бөгөөд ‘турбо’ тохиргоондоо 600 МГц илүү хурдтай юм.


    Түүнчлэн Core i9-13900K загварын хязгаарлалтгүй хувилбарын хамгийн дээд хурд нь 5.8 ГГц хүрэх боломжтой юм. Intel компанийн дэд захирал, Ширээний болон Воркстэшион компьютер хариуцсан ерөнхий менежер Mandy Mock “Ийнхүү бид дэлхий дээрх хамгийн хурдан ширээний компьютерын процессорыг шууд хэрэглэхэд бэлнээр зарж байгаа болно” гэжээ.


Олон сувгийн горимд ажиллах үед Core i9-13900К (65 Ватт) процессор Core i9-12900K (241 Ватт) процессороос 75%-ийн эрчим хүчний хэмнэлттэй байжээ. 

    13 дахь үеийн Raptor Lake процессорууд нь 12 дахь үеийн Adler Lake процессоруудтай үнийн хувьд ижил байх бөгөөд зөвхөн Core i5-13600K болон i5-13600KF загварууд нь $30-аар нэмэгдэж зарагдахаар байгаа юм байна. Ингэснээр өрсөлдөгч AMD компанийн Ryzen брэндийн процессорууд нь үргэлжийн хямд сонголт байхаа больж байгаа аж. Гэхдээ AMD компанийн зүгээс тэдний сүүлд гаргасан Ryzen брэндийн 7000 серийн процессорууд нь Intel компанийн худалдаанд гаргаж байгаа хамгийн шилдэг процессоруудаас хүчин чадлын хувьд илүү байж чадна хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Ryzen брэндийн 7950X загварын процессор нь өмнөх загвараасаа үзүүлэлтийн хувьд эрс сайжраад зогсохгүй үнийн хувьд $100 хямд худалдаанд гарах болсон нь хоёр компаниудын өрсөлдөөн улам  ширүүсэж буйг харуулж байна.

Intel компанийн мэдэгдсэнээр 13 дахь үеийн процессорууд нь ирээдүйд 6 ГГц хурдад хүрэх бөгөөд яваандаа ширээний компьютерт зориулагдсан 35 Ватт болон 65 Ватт бүхий S- цуврал, зөөврийн компьютерт зориулагдсан U-, P-, HX- цувралуудын нийт 50-аас доошгүй загварын процессоруудыг худалдаанд гаргах болно гэжээ.

Одоогийн байдлаар худалдаанд гарахад бэлэн болоод буй 13 дахь үеийн процессоруудын дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.


    Шинэ 13 дахь үеийн Core Raptor Lake чипүүдэд сайжруулсан хурдны зам бүхий шинэчлэгдсэн Raptor Cove боловсруулах цөм, 3 дахь үеийн SuperFin транзистор тус тус агуулагджээ. Intel компанийн процессорууд нь өндөр хүчин чадлын (англи. Performance) болон хэмнэлтийн (англи. Efficiency) гэх хосолсон архитектуртай байдаг бөгөөд өндөр хүчин чадлын цөмүүдийг идэвхтэй ашиглаж буй программуудад, хэмнэлтийн цөмүүдийг арын албанд ашиглаж буй программуудад хуваарилах зарчмаар ажилладаг.


    Intel компанийн цахим спортын сегментийн ерөнхий менежер Marcus Kennedy-ийн хуваалцсан доорх зургийн дагуу 13 дахь үеийн Core i9-13900К процессор нь олон янзын тоглоомуудад туршихад өмнөх үеэсээ 24% хүртэл хурдан ажиллаж байгаа нь харагдана.

    Эдгээр дэвшлүүд нь League of Legends болон DOTA зэрэг их хэмжээний CPU тооцоолол шаарддаг тоглоомууд дээр илүү мэдрэгдэх аж.


    График уран бүтээлчид энэхүү шинэ процессорын давуу талыг илүү сайн мэдрэх болно. Учир нь 13 дахь үеийн Raptor Lake процессор Adobe Media Encoder болон Adobe Photoshop оролцдог ажлууд дээр 27%, тоглоом хөгжүүлэлтийн Blender болон Unreal Engine оролцдог ажлууд дээр 34% илүү хурдан ажиллана гэж мэдэгджээ.


Эх сурвалж: https://www.pcworld.com/article/1073245/intel-13th-gen-core-cpus-raptor-lake-reveal.html

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША Э.Соджамц

Intel компанийн танилцуулга: https://www.intel.com/content/www/us/en/products/docs/processors/core/13th-gen-processors.html


Бусад мэдээлэл