Судлаачид хиймэл оюун ухааны (AI) аргыг
ашиглан ямар амьтад хүнд халдварлаж буй шинэ төрлийн коронавирус үүсгэж болохыг
урьдчилан таамаглахыг хичээж байна. (Уг ажлыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.)
Эрдэмтэд дэлхий даяар тархаж буй цар тахал
COVID-19 өвчнийг үүсгэгч шинэ коронавирус нь сарьсан багваахайнаас эхэлсэн байх
магадлалтай гэж үзэж байгаа. Тэгээд хүнд халдварлахаасаа өмнө өөр амьтан руу уг
вирус дамжсан.
Шинэ тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг
арга бол дэлхийн өнцөг булан бүрд ямар амьтад коронавирус үүсгэх магадлал өндөр
байгааг тогтоох явдал юм. Шинэ коронавирус үүсэх нэг боломж нь вирусын хоёр өөр
хувилбар нэг амьтанд халдварлах явдал юм гэж судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл
вирусын генетикийн материал эсэд “дахин нэгтгэгддэг” буюу холилдоно. Үүний үр дүнд коронавирусын шинэ хувилбар
гарч ирж магадгүй юм.
Коронавирусын
генетикийн бүтцийн талаарх өгөгдөл болон янз бүрийн хөхтөн амьтдын талаарх
мэдээллийг ашиглан судлаачид хиймэл оюунаар тооцоолол хийх компьютерын алгоритм
боловсруулсан. Судалгаанд ашиглаж буй зарим алгоритм нь хиймэл оюуны нэг хэлбэр
болох машины сургалтаар дэмжигддэг.
Судалгаагаар ирээдүйн коронавирусын тээвэрлэгч
байж болох олон тооны хөхтөн амьтдыг тодорхойлсон бөгөөд энэ нь амьтан, хүнд
аль алинд нь халдварлаж болзошгүй юм. Судалгааны багийнхан судалгааныхаа үр
дүнг саяхан Nature Communications сэтгүүлд хэвлүүлсэн.
Уг судалгааг удирдсан Майя Вардех нь
Ливерпулийн Их Сургуулийн Халдвар, Мал эмнэлэг, экологийн шинжлэх ухааны
хүрээлэнтэй хамт ажилладаг. Тэрээр хэлэхдээ, өнөөг хүртэл янз бүрийн
коронавирусыг тээгч хөхтөн амьтад хэрхэн халдварладаг талаар нэг их судалгаа
хийгдээгүй гэжээ. Гэхдээ энэ чиглэлийн судалгаа нь "вирусын дахин нэгдэл
хаана үүсэж болохыг олж мэдэх боломжтой" гэсэн.
Машин сургалтаар 411 өөр коронавирусын
хувилбар, 876 хөхтөн амьтдын төрөл зүйлийг судлав. Зорилго нь хам халдвар авах
болон шинэ коронавирус тээх магадлалтай хөхтөн амьтдыг тодорхойлох явдал байв.
Үр дүнгээс харахад хөхтөн амьтдын төрөл зүйл
ба коронавирусын хувилбаруудын хооронд урьд өмнө тогтоогдож байснаас
ойролцоогоор 11 дахин их холбоо хамаарал байна. Түүнчлэн уг машин сургалтын
систем нь коронавирусын дөрөв ба түүнээс олон өөр (төрлийн) халдвар авч болох
хөхтөн амьтдын төрлийг өнөөг хүртэл ажиглагдсанаас 40 дахин ихээр урьдчилан
таамагласан.
Уг судалгаанд оролцогч Маркус Благров
судалгааны үр дүн нь эрдэмтдэд янз бүрийн хувилбар болж хөгждөг шинэ
коронавирусыг илүү сайн ойлгоход нь туслах болно гэжээ.
Коронавирус тээгч амьтан ихэвчлэн шинэ
хувилбар коронавирусээр халдварладаг бөгөөд улмаар хүнд халдах магадлал нь
ихэсдэг. Тиймээс "Нийгмийн эрүүл мэндэд хамгийн ойр аюул заналхийлж байгаа
нь бусад коронавирусыг SARS-CoV-2-тай дахин нэгтгэх явдал юм" гэж тэр хэллээ.
SARS-CoV-2 бол шинэ коронавирусын шинжлэх ухааны нэр юм.
Одоогийн коронавирусыг судлаад багийнхан машин
сургалтын систем нь SARS-CoV-2 рекомбинацид орж болох тээгч амьтдыг тогтоосон
гэж мэдэгджээ. Энэ нь шинэ коронавирустэй байж болох хүнээс өөр төрөл зүйлийн
амьтан хамгийн багадаа 126 байгааг урьдчилан таамагласан.
Судалгааны явцад эрдэмтэд коронавирусын
халдвар авах боломжтой амьтдын зарим зүйлийг жагсаав. Эдгээрт Зүүн Азид
түгээмэл тархсан боловч сайн судлагдаагүй бага Азийн шар сарьсан багваахай
хэмээх сарьсан багваахайн төрөл багтдаг. Бусад нь жирийн зараа, Европын туулай,
гэрийн муур байв.
Эрдэмтэд үр дүнг хязгаарлагдмал мэдээлэлд
үндэслэсэн болохыг тэмдэглэсэн бөгөөд
цаашид сайжруулах судалгаа хийх шаардлагатай байна гэжээ. Гэсэн хэдий ч тэд
шинэ коронавирусын халдвар авах боломжтой хөхтөн амьтан дээр дэвшүүлсэн
аргачлалыг туршиж үзсэн нь уг систем таамаглалыг баталж байгааг харуулсан.
Энэхүү судалгааны үр дүнг коронавирусын шинэ
хувилбар амьтнаас хүнд халдахаас нь өмнө олж мэдэхэд ашиглаж болно гэж
судлаачид үзэж байна. Судлаачид коронавирусын бусад тээгчдийг бүхэлд нь судлах
зорилгоор шувууны төрөл зүйлүүдийг багтаасан судалгааг цаашид хийхээр төлөвлөж
байна.
Bryan Lynn, Voice of America
Эх сурвалж: Machine Learning Used to Predict Where New Coronaviruses Might Develop Next (voanews.com)
Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбарын гэрээт ЭША Р.Мижиддорж (PhD)