КРИПТОВАЛЮТ
КРИПТОВАЛЮТ

Сүүлийн үед иргэд, байгууллагууд криптовалютад хөрөнгө оруулах сонирхол эрс ихэссэнтэй холбоотой биет бус мөнгө буюу криптовалютын танилцуулга, мэдээллийг хүргэж байна. 

2008 онд биткойны танилцуулгыг компьютер судлаач Сатоши Накамото гаргаж, криптовалютын анхны санааг дэвшүүлжээ. Ямар нэг санхүүгийн байгууллагын оролцоогүйгээр (төвлөрсөн бус), блокчэйн болон криптографик ашиглан санхүүгийн гүйлгээ, бичилт нь хийгддэг валютыг Накамото санал болгосон байна. Өөрөөр хэлбэл, банкны тогтолцооноос гадуур (жишээлбэл свифт код ашиглахгүйгээр), онлайнаар, дэлхий дахинд тэрбум доллар ч байсан маш хурдан, нууцлалын өндөр түвшинд, маш бага зардалтай шилжүүлэг хийх санаа гаргасан юм. Энэхүү валютын гүйлгээний бүртгэл нь нийтэд ил тод байх бөгөөд хүссэн хүн бүхэн татан авах боломжтой.

Өнгөрсөн зуунуудын түүхэнд төвлөрсөн бус валютын зарчмыг хэд хэдэн овог аймаг хэрэглэдэг байсан байна. Үүний нэг жишээ нь Микронез дахь Яп арлын хүмүүс юм. Рэй зоос гэж нэрлэгдэх Яп мөнгө нь маш том шохойн чулуун зоос байсан бөгөөд зарим нь хүнээс ч илүү том хэмжээтэй байжээ. Энэхүү зоосны өмчлөлийн бүртгэл нь дансанд бүртгэгддэггүй, харин хүмүүсийн ой ухаанд үлддэг байсан байна. Зоосны өмчлөл өөрчлөгдөхөд арлын бүх хүмүүс мэддэг бөгөөд өмчлөл нь нийтээр хүлээн зөвшөөрснөөр баталгааждаг байжээ. Биткойн нь үүнтэй төстэй бөгөөд бүх хүмүүст ил тод байдаг блокчэйн гэдэг төвлөрсөн бус нийтийн данс бүртгэлийг ашигладаг ба койны өмчлөл нь криптографик аргачлалаар баталгааждаг.

Рэй зоосыг Номхон далай гатлаад, зуу зуун километрийн цаанаас авчирдаг байсан учир олборлоход хэцүү, үнэ өртөг ихтэй байсан нь зоос нэг бүрт өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгож байжээ. Үүнтэй нэгэн адил, олборлолт гэдэг системийг ашиглан компьютерт маш түвэгтэй бодлого бодож шийдвэрлэх замаар биткойн дансанд бүртгэгдэн бий болдог. Өөрөөр хэлбэл тэрхүү түвэгтэй бодлого шийдвэрлэгдэхэд шинэ койн олборлогдоно. Хэдийгээр койны үнэ цэнэ нь оргүй хоосноос бий болж буй мэт боловч энэхүү олборлолтын тооцооллыг хийх компьютерууд болон тэдгээрийг цахилгаанаар хангах, хөргөх зэрэг үйл ажиллагаа нь үнэ өртөг ихтэй. Тиймээс биткойн нь өөрийн гэсэн өртөгтэй бөгөөд математикийн хувьд олборлоход хэцүү учир Рэй зоостой нэгэн адил үнэтэй, ховор гэсэн шинж чанаруудыг агуулж байгаа юм.

Биткойны суурь зарчмууд нь бусад криптовалютуудын үндэс болдгоос гадна биткойн нь нийт криптовалютын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг учир энэхүү нийтлэлд биткойныг голчлон авч үзсэн байгаа. Гэхдээ өөр олон төрлийн криптовалютууд чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Тэдгээрийн нэг нь Этэр буюу Этэриум гэдэг блокчэйнд суурилсан криптовалют юм. Этэриум нь өөрийн програмчлах боломжтой гэрээний системээр дамжуулан блокчэйнд суурилсан бирж, дуудлага худалдаа болон бусад төрлийн арилжааны үйл ажиллагааг маш уян хатан болгож байна. Өөрөөр хэлбэл энэхүү ухаалаг гэрээний технологи нь хууль, журмыг автоматжуулах боломжийг олгосон. 

Одоогоор зарим банкууд олон улсын гүйлгээгээ блокчэйнд суурилсан шилжүүлгийн системээр хийж байгаа ба олон төрлийн бизнесийн байгууллагууд өөрсдийн бараа, үйлчилгээгээ криптовалютаар борлуулж байна. Венесуэл улс бүр мөнгөн тэмдэгтээ шинээр тогтмол ханштай гаргасны дараа олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд криптовалютыг түшиглэн тус мөнгөн тэмдэгтээ газрын тостойгоо холбохоор зорьсон оролдлогууд хийсээр байна.

Биткойны суурь зарчим хүчтэй бөгөөд койн эзэмшигчдийн тоо хурдацтай өсч байна. Криптовалютын үнэ цэнэ нь Меткалфийн хуулиар(Metcalfe’s law) тодорхойлогддог ба энэхүү хууль нь аливаа сүлжээний үнэ цэнэ нь хэрэглэгчдийн тоог квадрат зэрэгт дэвшүүлсэнтэй пропорционал байна гэж тодорхойлсон байдаг.

Алдартай эдийн засагчид биткойныг понзи схем хэмээн шүүмжилж байсан. Харин Дэлхийн банкны нэг мэдээнд биткойныг анхнаасаа понзи схем үүсгэх зорилго агуулаагүй, хэрэглэгчид биткойны үнийг үндэслэлгүй таамаглаж арилжаанд оролцож байгаа нь өндөр хэлбэлзэл үүсгэж байгаа бөгөөд энэ хэлбэлзэл нь зориуд зохион байгуулалттай биш юм гэж мэдэгджээ.

Хамгийн том сул тал бол криптовалютын цахилгааны өндөр хэрэглээ юм. Одоогоор биткойны хэрэглэж буй цахилгааны хэмжээ жилд 90.2 сая метрик тоннтой тэнцэхүйц  ялгаруулж байгаа бөгөөд энэ нь нийт алт олборлолтын үйл ажиллагаанаас үүсч буй 81 сая метрик тонны   ялгаруулалтаас хэтэрсэн хэмжээ юм.

Хулгайн эрсдэл

Нийтийн болон хувийн нууц үгний дэд бүтэц хэрхэн ажилладагыг ойлгох нь криптовалютаа хулгайд алдах эрсдэлээс сэргийлнэ. Энэ сэдвийг энгийнээр тайлбарлахад хэцүү боловч биткойноор жишээ авч үзье. Биткойн хүлээж авч, илгээх чадвар бүхий нийтийн хаягууд нь 34 тэмдэгт бүхий хэлхээнээс бүрддэг бөгөөд Base58 хэлбэрт бичигдсэн байдаг. Base58 нь A-Z болон a-z үсэг, 1-9 тоонуудаас бүрдсэн (адил төстэй харагддаг үсэг, тоонууд болох том I, O, жижиг l нараас бусад) хоёртын тооллын өгөгдлийг текст хэлбэрт шилжүүлдэг кодлох систем юм. Энэхүү хэлхээ бүхий кодолсон хаяг нь энгийнээр бол нийтийн нууц үг бөгөөд хувийн нууц үгнээс нэг урсгалтай алгоритм ашиглан тооцоологддог. Хэрвээ та хувийн нууц үгтэй бол нийтийн бүх нууц үгийг тооцоолж чадна, гэхдээ нийтийн нууц үгнээс буцааж хувийн нууц үгрүү тооцоолол хийх ямар ч боломжгүй юм. Хувийн нууц үг ашиглан нийтийн нууц үгийг тайлах замаар биткойны шилжүүлэг хийнэ. Хувийн нууц үггүй бол шилжүүлэг хийх боломжгүй. Тиймээс криптовалютаа хамгаалахын тулд бид хувийн нууц үгээ хамгаалах хэрэгтэй. Нийтийн нууц үгтэй адил хувийн нууц үг нь үсэг, тоон дарааллаас бүрддэг ба компьютерт хадгалж, цаасан дээр бичиж, чулуун дээр сийлэх боломжтой. Үүнээс үзэхэд, криптовалютуудыг биет хөрөнгө ч гэж үзэх үндэслэлтэй. Олонд танигдаагүй зарим криптовалютууд программ кодчиллын асуудлаас болж эрсдэлд өртөж байгаа боловч өнөөгийн онлайнаар өөр хоорондоо холбогдсон, глобал нийгэмд ихэнх хулгайн эрсдэлүүд хувийн нууц үгээ дараах шалтгаануудын улмаас алдсанаас үүсч байна. 

· Хувийн нууц үг хадгалсан компьютер, төхөөрөмжийг хакердах

· Компьютер, төхөөрөмжийг албаар вирустуулж хувийн нууц үг хайх, олж авах боломж үүсгэх

· Олон нийтийн сүлжээний инженерчлэлийг ашиглаж халдлага хийх, хувийн нууц үгээ өгөхийг ятгах. Энэхүү арга нь маш амжилттай хэрэгжиж ирсэн төдийгүй хувийн нууц үгээ өгвөл бид таний нууц үгийг ямар нэг халдлагад өртсөн эсвэл нууц задарсан эсэхийг шалгах болно гэсэн цахим хуудас хүртэл байдаг.

Энэхүү сэдэвтэй холбоотой илүү нарийвчилсан мэдээллийг бид дараа дараачийн цуврал нийтлэлээр танилцуулах болно.

Эх сурвалж: https://www.theactuary.com/, https://digiconomist.net/

Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбарын ЭШДаА Г.Гантигмаа


Бусад мэдээлэл