1993 онд Jaap Haartsen хэмээх Нидерландын утасгүй холбооны
инженер гар утасны богино хугацааны холболтыг хөгжүүлэхээр томилогдсон бөгөөд
түүний даалгавар нь богино зайн радио холболтын шийдлийг олох явдал байсан ба
тэр үед утас болон кабель нь харилцаа холбооны системд их төвөг учруулдаг
байсан юм. Энэ нь ялангуяа богино зайнд холбогддог хэдий ч их хэмжээний
зохион байгуулалт шаарддаг төхөөрөмжүүдэд маш их төвөг учруулдаг байсан тул тэрээр 1994
онд Bluetooth утасгүй технологи гэж нэрлэгдэх системийн үндсэн суурийг тавьжээ.
Bluetooth гэсэн үг нь Данийн “Blatand” гэсэн үгийн англn хэлбэр бөгөөд Blatand
нь X зууны үеийн Данийн салангид овгуудыг нэг улс болгон нэгтгэсэн, Денмарк
болон Норвегийн захирагч I Harald хааны цол, чимэг байсан үг юм.
Bluetooth утасгүй технологи нь бидний бараг өдөр тутам
ашигладаг зүйлийн нэг бөгөөд энэ нь Wi-fi-тай ижил төстэй байдлаар хөгжсөн
технологи юм. Энэхүү технологи нь богино зайн утасгүй мэдээлэл дамжуулах технологи
бөгөөд радио долгион ашиглан 2 ба түүнээс дээш төхөөрөмжийн хооронд холбоо
тогтоож төхөөрөмжүүд хооронд аудио, видео, зураг, текст гэх мэт тоон өгөгдлийг
дамжуулж чаддаг орчин үеийн хамгийн өргөн тархсан технологи юм. Bluetooth технологи ашиглан
төхөөрөмжүүдийг холбосноор piconet хэмээх богино зайн утасгүй мэдээлэл солилцох
сүлжээг үүсгэдэг. Ерөнхийдөө Piconet гэдэг нь Bluetooth технологи ашиглан олон
тооны төхөөрөмжүүдийг холбосон групп сүлжээний нэршил юм.
Bluetotooth технологийг анх Ericcson, Intel, Nokia, IBM,
Toshiba хэмээх 5 компани бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн ба жил ирэх тусам хамрах
хүрээгээ тэлж олон компаниуд уг технологийг ашиглаж байна. Өнөөгийн байдлаар уг технологийг
ашиглагч компаниудын тоо 30000 гаруй байна. Bluetooth технологийн анхны хувилбар Bluetooth
Classic 1.0 нь 1999 онд гарч байсан ба уг хувилбарын мэдээлэл дамжуулах хурд нь
1mbps, холболтын зай нь 10 метр хүртэл байсан бол 2016 онд гарсан хамгийн
сүүлийн хувилбар болох 5.0 -ын мэдээлэл дамжуулах хурд нь 48mbps, холболтын зай
нь 300 метр болж технологийн сайжруулалт хийгдсэн байна.