МЕТАВЕРС БА ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСАГ
МЕТАВЕРС БА ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСАГ

    "Метаверс" гэсэн нэр томьёо анх 1992 онд Нил Стефенсоны "Цасны сүйрэл" хэмээх шинжлэх ухааны зөгнөлт зохиолд гарч ирсэн. Стефенсон Метаверсыг "компьютероор бүтээгдсэн төсөөллийн газар" гэж дүрсэлсэн бөгөөд  хэрэглэгчид "толгойгоо хагас ороосон нүдний шил" зүүж нэвтэрнэ  гэсэн байдаг. Шинжлэх ухааны уран зөгнөл байсан Метаверс гэх энэхүү эв хавгүй мэт сонсогдох мэргэжлийн нэр томьёо нь өдгөө нийтийн ухамсарт хүчтэй нэвтэрч, аажмаар бодит болж байна.

Метаверс нь зогсолтгүй хөгжиж, өөрчлөгдөж ирсэн учир яг ямар тодорхойлолт өгөх нь ойлгомжгүй байдаг. Ихэнх тохиолдолд түүнийг блокчэйн технологийг ашигласан төвлөрсөн бус интернэтийн хэлбэр буюу web 3.0 хувилбар хэмээн тайлбарлаж ирсэн. Марк Зукерберг Метаверсыг “хөдөлгөөнт интернэтийн залгамжлагч” гэж тодорхойлон, ирээдүйд Метаверс хэлбэрийн платформууд давамгайлах болно хэмээж, Фэйсбүүкийг мета ертөнц рүү чиглүүлсэн. Метаверсын талаарх нийтлэлүүдийн үгийн давтамжийг шинжлэн үзэхэд Метаверсыг шинэ виртуал ертөнц, шинэ дижитал ертөнц гэж тодорхойлохоор байна.

Хүмүүс Microsoft Teams дээр хамтран ажиллаж, Zoom-ээр уулзаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформоор харилцаж, олон тоглогчтой онлайн тоглоом тоглож, онлайн дэлгүүр хэсдэг зэргийг харвал бид ихэнх цагаа дижитал орон зайд өнгөрөөдөг байх нь. Гэвч энэхүү орон зайд дутагдаж байгаа зүйл бол хүмүүстэй хамт байх мэдрэмж юм. Метаверс нь энэ мэдрэмжийг нөхөх зорилготой, бодит байдлын өргөтгөл гэж мөн ойлгож болно.

Бодит ертөнцөд бид чухал уулзалтын үеэр өөрсдийн гадаад төрхөнд анхаардаг шигээ Метаверст мөн адил энэ тал дээр анхаарал хандуулж, виртуал ертөнцийн хувцасны зах зээлийг хөгжүүлж болох юм гэж Марк Зукерберг нэгэн подкастын үеэр хэлсэн байдаг.

Энэхүү жишээ нь бодит байдалд хэрэгжихэд одоогоор хол байна. Метаверс нь өнөөдөр хөгжлийн анхан шатандаа яваа бөгөөд Roblox, Minecraft зэрэг хүүхдийн видео тоглоомын платформууд нь Метаверсын эхэн үеийн загварууд юм. Дижитал хөрөнгө өмчлөх эрх бүхий нээлттэй, хоорондоо харилцан ажиллахад боломжтой Метаверс үүсгэх нь стандартын шаардлагаас хамааран хөгжлийн анхан шатандаа явж байгаа юм. Метаверсын шинэлэг байдал нэгэнт өнгөрчихвөл дахин хэрэглэгчдийг татах нь тийм ч хүчтэй байж чадахгүй. Одоогоор Метаверсын хэрэглээг төгс нэвтрүүлсэн тохиолдол нэг ч байхгүй байна.

Хэдий тийм боловч Метаверсрүү шилжих технологийн шилжилт болох нь тодорхой. Компьютерийн техник болон программ хамгамжийн хөгжил, хүмүүсийн зан төлөвийн өөрчлөлт, интернэтийн өргөн хэрэглээний үзүүлэлтүүд зэргийг харгалзан үзвэл Метаверс нь ирээдүйд хэрэглээнд орох боломж үүсчхээд байна.

Хүмүүсийн анхаарал Метаверсрүү хандаж, Метаверст эдийн засгийн үйл ажиллагаа хөгжвөл, хөрөнгүүд дижитал хэлбэрт шилжинэ. Эдгээр дижитал хөрөнгүүд нь бодит ертөнцөд байдаг хөрөнгүүдийн нэгэн адил хөрөнгө оруулалтанд орж ашиг олох, даатгалд хамрагдаж алдагдлаас хамгаалагдах зэрэг хэрэгтэй болно. Тиймээс эдгээр үйл ажиллагааг зохицуулах дижитал хөрөнгөнд зориулсан санхүүгийн үйлчилгээнүүд хөгжих зайлшгүй шаардлага мөн үүснэ. 

1990 онд интернэтийг одоогийнх шиг бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болно гэж таамаглах ямар ч боломжгүй байсны нэгэн адил Метаверсын ирээдүйд үзүүлэх нөлөөг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй юм. Нийтэд аль хэдий нь алдаршаад буй энэхүү Метаверс нь ирээдүйд хэрэглээнд орвол уран зөгнөлд дүрсэлснээс илүү гайхалтай, сонин байх нь тодорхой.

    Метаверст дижитал хөрөнгө нь криптовалютын нэгэн адил ил тод өмчлөлийн түүхтэй байх бөгөөд дахин давтагдашгүй, хуулбарлах ямар ч боломжгүй байх буюу non-fungible token(NFT) хэлбэртэй байна. Метаверст хүмүүс өөрийн дижитал хөрөнгөө бий болгож, эзэмшдэг болохоос гадна өөрийн дижитал мэдээллээ мөн өмчлөх эрхтэй болно. Одоогоор бидний дижитал мэдээллийг Facebook, Google зэрэг платформууд эзэмшиж байгаа билээ. Хэрвээ энэхүү өмчлөх эрх давамгайлсан интернэтийн орчин бий болвол маш том эдийн засгийн үнэ цэнэ бүхий шинэ зах зээл үүсэх юм. Тиймээс web 3.0 нь бидэнд дэлхийд ноёрхоод буй технологийн аварга компаниудын монопол байдлыг сулруулж, зах зээлийг илүү ардчилсан болоход туслана гэж ойлгож болно.  

Метаверс ертөнцийн программчлалын код нь бодит ертөнцөд мөрдөгдөж буй хууль журмыг агуулсан байх нь чухал юм. Энэ асуудлыг төвлөрсөн бус бие даасан байгууллагууд буюу DAOs-ийн бүтэц шийдэх боломжтой. DAО-г зөвхөн гишүүд нь удирддаг бөгөөд ямар нэг ганцаарчилсан эсвэл хэсэг бүлэг хүмүүс удирддаггүй. DАО-ын дүрэм, журам нь блокчэйн дээр үндэслэгдсэн компьютерын программд кодлогдсон байдаг ба дижитал хөрөнгийн шилжүүлэг нь мөн адил блокчэйн дээр хийгддэг учир маш ил тод байдаг бөгөөд гишүүд нь ардчилсан байдлаар удирдахад маш тохиромжтой.

Төвлөрсөн бус санхүүгийн үйлчилгээ буюу DeFi (Decentralized Finance) нь блокчэйн дээрх ухаалаг гэрээг ашиглан санхүүгийн үйлчилгээг ямар нэг дундын жуучлагч болох банк, даатгал, хөрөнгийн бирж болон брокерын компаниудыг оролцуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэдэг. Хүмүүс DeFi дээр дижитал хөрөнгө зээлэх, хадгалах, арилжих, эрсдэлээ даатгуулах зэрэг үйл ажиллагаа явуулж болно. Жишээлбэл, хөрөнгийн зах зээлд Marкet Makers гэж байдаг, тэдгээр нь хөрөнгө авах зарах үнийг тодорхойлоход илүү нөлөөлж зах зээлд хөрөнгийг түргэн эргэлдэхэд тус болдог. Харин Uniswap зэрэг төвлөрсөн бус арилжааны платформууд нь энэхүү давуу эрх бүхий ноёрхлыг сулруулж ухаалаг гэрээг ашиглах замаар арилжаанд оролцогчдод өөрсдөд нь хөрвөх чадвар бүхий дундын сан үүсгэх боломжийг олгон арилжааны эргэлтийг сайжруулдаг бөгөөд, тэдгээр сан үүсгэсэн хэрэглэгчид тодорхой хэмжээний шимтгэл авдаг байна. Энэ үйл ажиллагааг мөн гишүүд нь удирддаг бөгөөд платформыг ашиглаж буй гишүүдийн мэдээллийг шалгах субъект гэж байхгүй ба арилжаанд орж байгаа хүмүүс аюулгүй байдлын өндөр түвшинд шууд хоорондоо арилждаг. Үүнийг DEX (Decentralized Exhange) гэх ба блокчэйн дээрх ил тод бүртгэл болон ухаалаг гэрээнүүд нь голлох үүргийг гүйцэтгэнэ. Харин банкны үйл ажиллагааны хувьд мөн зохицуулагч субъект байхгүй буюу аливаа хүү нь тухайн хөрөнгийн эргэлтээс хамааран автоматаар тогтоно. Зарим хөрөнгийн үнийн мэдээллийг өөр гадаад сүлжээнээс авах боломжтой байх бөгөөд барьцаа хөрөнгө нь дижитал хөрөнгө эсвэл бодит хөрөнгө байж болох юм. Энэ мэт жишээнээс үзвэл санхүүгийн байгууллагууд дижитал ертөнц, Метаверст зориулан аль хэдийнэ үйлчилгээ үзүүлээд эхэлжээ.

Мэдээ бэлтгэсэн:    Математикийн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантигмаа

Эх сурвалж:             https://www.theactuary.com/

                             https://www.financeasia.com/

                Lo, Yuen; Medda, Francesca (3 November 2020). "Uniswap and the rise of  the decentralized exchange". Mpra.ub.uni-muenchen.de.


Бусад мэдээлэл