Шинжлэх Ухааны Академи Батлан хамгаалах яамтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туршлага солилцох өдөрлөгийг 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав. Тус өдөрлөгт Батлан хамгаалахын яамны харьяа Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монгол Цэргийн Музей, Батлан Хамгаалахын Төв Архив, Цэргийн Төв Эмнэлэг зэрэг 6 байгууллагын 30 гаруй төлөөлөл болон ШУА-ийн Байгалийн ухааны салбарын хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар оролцов. Өнөөдрийн туршлага солилцох өдөрлөгөөр ШУА-ийн Байгалийн ухааны салбарын хүрээлэнгүүд болох Физик технологийн хүрээлэн, Математик тоон технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагаатай танилцах зорилготой байлаа. Өдөрлөгийг ШУА-ийн ерөнхийлөгчийн зөвлөх , академич Т.Ган-Эрдэнэ, БХЯ-ны ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга, хурандаа, доктор (Ph.D), профессор Д.Содномцог нар нээн үг хэлж, ШУА-ийн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор (Ph.D) С.Баяннасан хөтлөн явууллаа. Өдөрлөгийн үеэр хүрээлэнгийн захирлууд хүрээлэнгийнхээ эрдэм шинжилгээ, үйл ажиллагааг танилцуулж, арга хэмжээний төгсгөлд ШУА-ийн Байгалийн ухааны салбарын хүрээлэнгийн ЭНБД нар БХЯ-ны ирсэн зочдод хүрээлэнгийнхээ лабораториудыг танилцуулан харилцан мэдээ мэдээлэл солилцож цаашид хамтран ажиллах чиглэлээ тохирон саналаа ирүүлж баталгаажуулан төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.