ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн математикийн салбарын эрхлэгч Монгол улсын төрийн соёрхолт, академич, шинжлэх ухааны доктор, профессор, математикч Рэнцэнгийн Энхбатад “МУИС-ийн Эмерит профессор” цол олгох хүндэтгэлийн үйл ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 30-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.
МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс Монголын математикийн боловсрол, шинжлэх ухаанд оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилыг өндрөөр үнэлэн профессор Р.Энхбатад “МУИС-ийн Эмерит профессор” цол олгохоор шийдвэрлэсэн байна.
Эмерит профессор олгох ёслолын ажиллагаанд МУИС-ийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд, профессорууд, хамтран ажиллагсад, Монголын математикчид, гэр бүл, найз нөхөд, оюутан залуусын төлөөлөл оролцлоо. Мөн тэрээр өөрийн судалгааны ажлын гол үр дүнгүүдийн талаар хүндэтгэлийн лекц уншсан байна. Өөрийн бий болгосон шавь сургуулиараа докторын (PhD) зэрэг 12, шинжлэх ухааны докторын зэрэг 1 хамгаалуулсан бөгөөд олон арван магистрын ажлыг удирджээ. Оновчлол, оновчтой удирдлагын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэдэг түүний хэвлүүлсэн бүтээлийн тоо 200 бөгөөд одоогоор тэдгээрээс эшлэгдсэн тоо 764, h-index- 14, i10-index- 22-р хэмжигдэж байна. Үүнээс гадна нэгэн сэдэвт бүтээл 33, мэргэжлийн орчуулсан ном 7, редакторласан 13, олон нийтэд шинжлэх ухааны сурталчилсан танин мэдэхүйн ном, өгүүлэл 16 хэвлүүлээд байна.