НАЙМАН ОРНЫ ЗУУ ГАРУЙ СУДЛААЧИД ЧУУЛЛАА.
НАЙМАН ОРНЫ ЗУУ ГАРУЙ СУДЛААЧИД ЧУУЛЛАА.

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Математик, тоон технологи-2024” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Хурал 2024 оны 9-р сарын 20-д ШУА-ийн их чуулганы танхимд зохион байгуулагдсан байна. Тус хүрээлэн нь тэртээ 1974 онд албан ёсоор ШУА-ийн дэргэд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байжээ.
Энэхүү олон улсын хурал нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хуралд нийт 8 орны 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож судалгааны үр дүнгээ хэлэлцүүлсэн байна. Хуралд АНУ, Япон, ОХУ, БНХАУ, Франц, Өмнөд Африк, Португал зэрэг өндөр хөгжилтэй орнуудын тэргүүлэх их сургуулиудын профессор, эрдэмтэд онолын болон хэрэглээний математик, тооцон бодох математик, симуляци тооцоолол, хиймэл оюун, машин сургалт зэрэг мэдээллийн технологи, компьютерын ухаан гэх мэт сэдвийн хүрээнд гол илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна. Хэдийгээр өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч эдгээр улсуудын эрдэмтэд өөрсдийн биеэр оролцохоор ирээд байгаа нь хурлын нэр хүнд, цар хүрээг өндөрт өргөж байгаа аж. Мөн манай улсын тэргүүлэх их дээд сургуулиудын багш, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид өөрсдийн судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ.

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Т.Жанлав, БНХАУ-ын математикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Бээжингийн их сургуулийн профессор Ганг Тиан, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Системийн динамик, удирдлагын онолын хүрээлэнгийн профессор А.Стрекаловский,  Японы Кумамото их сургуулийн профессор Н.Кита,  Х.Кимура, ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээний удирдагч  В.В.Кореньков, ӨМӨЗО-ны Өвөр монголын их сургуулийн компьютерын шинжлэх ухааны сургуулийн профессор Фэйлонг Бао, Японы Окаяма их сургуулийн профессор Х.Ямада, ШУТИС-ийн профессор И.Цэрэн-Онолт нар үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна.
Эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний бүтээлээ аман хэлбэрээр 43-ийг илтгэх бол ханын илтгэл хэлбэрээр 29 бүтээл хэлэлцүүлэхээр болсон байна. Энэ удаагийн хуралд хэлэлцэгдэж шалгарсан бүтээлүүдийг хурлын дараа мэргэжлийн экспертийн хянан магадалгаа хийж Математик, тоон технологийн бүтээлд хэвлэхээр болсон байна.
Уг хурлын зорилго нь салбартаа тэргүүлэгч эрдэмтэн судлаач, математикчдыг урьж илтгэл тавиулах, нэгтгэн уулзуулах, урьд, өмнө нь хэвлэгдээгүй судалгааны үр дүнгүүдийг хэлэлцүүлэх, шинэ санаа, бодлоо солилцох болон орчин үед эрчимтэй хөгжиж буй салбар дундын болон салбар дамнасан судалгаанд математикч, судлаачдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэгт оршиж байна. Мөн түүнчлэн, орчин үеийн хиймэл оюун, машин сургалт зэрэг мэдээллийн технологи, компьютерын ухаан, эдийн засаг, онолын болон хэрэглээний математикийн олон чиглэлүүдийг ч хамарч байснаараа онцлог юм. 
Энэхүү хурал нь салбартаа тэргүүлэгч эрдэмтдийн судалгааг сонсох, Монгол судлаачдын оюуны бүтээлийг дэлхийн шинжлэх ухааны зах зээлд гаргаж таниулах, залуу удлаачдыг чадавхжуулах зэрэг нэн чухал ач холбогдолтой бөгөөд манай улсын шинжлэх ухааны салбарт оруулж хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байгаа ажээ.     




























Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө