Дэлхий даяар жил бүрийн 3 сарын 14-ны өдрийг “Олон улсын математикийн өдөр” буюу “Пи тооны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судлаачид, Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн багш, сурагчдын хамтран тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдөрлөгийн үеэр МТТХ -ийн салбарын эрхлэгч, доктор Б.Батгэрэл “Математик нэрийн тухай” сэдвээр, ФТХ -ийн салбарын эрхлэгч, доктор Ц.Энхбат “Комплекс тоо ба квант механик” сэдвээр, МУИС -ийн багш, доктор, дэд профессор Б.Төгөлдөр “Пирамид ба Пи тоо” сэдвээр, МУИС -ийн багш, төрийн соёрхолт математикч, доктор Ч.Алтаннар “Хамгийн бага нөлөөллийн тухай бодлого” сэдвээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.
Мөн сурагчдын дунд цээж бодлого болон оюуныг сорьсон хөгжөөнт тоглоом, АХА тэмцээнийг зохион байгуулав. Цээж бодлого болон хөгжөөнт тоглоомын нэгдсэн дүнгээр сурагч Б.Өсөхбаяр, АХА тэмцээнд сурагч Б.Азжаргал нар түрүүллээ. Өдөрлөгийн төгсгөлд “Пи бялуу” задалж, талархлын бичиг, шагнал гардууллаа.