GPS өнөөдөр
GPS өнөөдөр

GPS өнөөдөр

1957 оны 10 сарын 4-ны өдөр хуучнаар ЗХУ Спутник хэмээх хиймэл дагуулыг тойрог замд хөөргөснөөр Сансрыг хүн төрлөхтөн өөрсдийн амьдралдаа ашиглах үүд хаалгаа нээсэн гэж болно. Анхны хиймэл дагуул Спутник 21 өдрийн турш секунд тутамд дохио дамжуулж байжээ. Энэхүү дохиог Допплерийн эффект ашиглан дэлхий нийтээрээ хүлээн авч байлаа.

Эрдэмтэд хиймэл дагуулын байрлалыг нэг замын хэмжилтээр тодорхойлж байлаа. Байршил тодорхойгүй биетийн солбицлыг олохын тулд тойрог зам болон нэг хиймэл дагуул байхад тодорхойлж болох боломж байгааг эрдэмтэд тогтоолоо. Энэ санаа нь навигацийн систем болж хувирсан байна.

1964 онд NNSS буюу Тэнгисийн цэргийн навигацийн хиймэл агуулын систем ашиглалтанд оржээ. Үүнийг баллистик пуужин тээгч шумбагч онгоцыг дэмжих зорилгоор бүтээсэн бөгөөд таван хиймэл дагуул ашиглаж байсан нь дагуулын тоо цөөхөн учраас байршлыг зөв тодорхойлоход нэг цаг гаруй хугацаа шаардаж байжээ. Байршлыг 20 метрийн нарийвчлалтай тогтоож байсан хэдий ч энэ нь тэнгисийн гүний шумбагч онгоцны байршлыг тогтооход л хэрэглэгдэж байсан. Өөр бусад салбарт байршлыг 200 метрийн нарийвчлалтай тодорхойлж байв.

Байршил тогтоох нарийвчлалын асуудал шийдвэрлэхэд нилээн төвөгтэй байсныг 1967-1969 онд хөөргөсөн Timation хиймэл дагуулууд шийдвэрлэсэн байна.  

                                            

Timation хиймэл дагуулыг 1964 оноос эхлэн Вашингтонд байрладаг АНУ-ын Тэнгисийн цэргийн судалгааны лаборатори боловсруулж хөөргөжээ. Үндсэндээ Timation хиймэл дагуулууд нь орон зайд суурилсан хронометрүүд байв.

Timation хиймэл дагуул хөөрснөөр байршил тогтоох нарийвчлал сайжирсаар метрээс бага хэмжигдэхүүн рүү шилжлээ. Үр дүнд нь хиймэл дагуулын байршил тогтоох системийг зөвхөн цэрэг армийн зориулалтаас гадна бусад салбаруудад хэрэглэх болжээ.

                                                                                     

Орчин үед хиймэл дагуул болон GPS-н хэрэглээ эрчээ аван энгийн өдөр тутмын хэрэгцээ болж дэлхийн хатуу бие, агаар мандал, далай болон дэлхийн цөмд явагдах динамик үзэгдлүүдийн харилцан үйлчлэлээс үүдэх гадаргын деформаци, агаар мандлын хугарал, далайн түвшний өчүүхэн өөрчлөлтийг ч хэмждэг мэдээллийн технологийн асар дэвшилтэт технологи болон хөгжсөөр байна.

Тэртээ 65 жилийн өмнө тэнгисийн гүнд сөнөөгч пуужин тээвэрлэхэд ашиглагдаж, хүйтэн дайны зэвсэг болж байсан хиймэл дагуул одоо 2600 гаруй болтлоо өсөн нэмэгдэж манай дэлхийн амьдралыг сайжруулан, харилцаа холбоо, байршил, болон орчлон ертөнцийн нууцыг танин мэдэх мэдлэгийн хүрээг маань тэлэх хэрэгсэл болсон байна. 

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар, ЭША, Г.Булган

Ашигласан материал:

1.   https://www.gpsworld.com/the-evolution-of-gps-satellites-and-their-use-today/

2.   https://en.wikipedia.org/wiki/Sputnik_1

3.   Амаржаргал Ш., 2016. Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл


Бусад мэдээлэл