Америкийн Нэгдсэн
Улсын Флоридагийн Олон Улсын Их Сургуулийн (ФОУИС) физикчдийн хийсэн судалгаагаар COVID-19
–ийн хувилбарууд нь
хүний эс дотор нэвтрэн, халдварлахдаа мэргэжлийн цоож онгойлгогчийн чадвараас
илүү чадварлаг байж магадгүй болохыг харуулсан байна.
COVID-19
–ийн хувилбарууд нь
эсэд халдварлахын тулд түлхүүрээр цоож онгойлгохтой адил ажилладаг титэм уургийг
мурийлгах замаар хүний эсийн мембраны уурагтай холбогдон, эсийн ханыг нээх,
эсэд шурган орох чадвартай. Коронавирус нь титэм уургаа маш чадварлаг удирдаж
богино хугацаанд хүний эсийг нэвтэрч вакцин хийлгээгүй хүн амд тархаж байна.
“Титэм уургийг хэв тохируулагч түлхүүр гэж бодоорой” гэж судалгааны өгүүллийн зохиогчдын нэг, Флоридагийн
олон улсын сургуулийн Биомолекулын шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд захирал,
физикч Прем Чапагейн хэлжээ. “Түлхүүр нь өөрөө уян хатан бөгөөд энэ уян хатан чанараас
шалтгаалан зөв ховилоо олж, илүү хурдан хугацаанд тохирч, цоожийг онгойлгодог”.
ФОУИС -д хийгдсэн молекулын динамик загварчлалын судалгаагаар Чапагейн, физикч профессор Бернард Герстман, магистрант Ниша Бхаттарай, Прабин Барал нар анхны коронавирусын титэм уургийн төгсгөл хэсэг хэрхэн хөдөлж байгааг харуулсан ба коронавирусын Өмнөд Африкийн хувилбарын титэм уургийн төгсгөл хэсэг нь бусад хувилбараас илүү хөдөлгөөнтэй (уян хатан) байгааг харуулсан байна. Энэхүү илүү уян хатан чанар нь коронавирусын энэ хувилбарыг хүний эсийн мембраны ACE2 уурагтай илүү хурдан холбогдоход тусалдаг гэж өгүүллийн зохиогчид хэлсэн ч энэ нь зөвхөн Өмнөд Африкийн хувилбарын хувьд халдварын тархалтын хурдыг бүрэн тооцоогүй байж магадгүй юм.
Зураг: Корона вирусын титэм уургийн рецептортай холбогдогч домеины конформаци
болон хүний мембраны ACE2 уургийн бүтэц.
Коронавирусын хамгийн үр
дүнтэй вакцинууд нь ажиллагаатай, халдвартай эс дэх корона вирусын титэм
уургийг саатуулдаг учраас эдгээр титэм уураг нь судлаачдын сонирхлыг маш их
татдаг. Бусад төрлийн судалгаануудад вакцинууд нь корона вирусын хувилбаруудын
эсрэг үр дүнтэй байгааг харуулсаар байгаа бол ФОУИС судлаачид одоо байгаа болон
цаашид гарч ихэр корона вирусын хувилбаруудад гарах өөрчлөлт нь вакциныг үр
дүнгүй болгож болзошгүй эсэхийг тодорхойлохын тулд илүү олон судалгаа хийх
шаардлагатай байгааг анхааруулсан байна. Вакцин нь одоо ч гэсэн бидний хувьд корона
вирусын тархалтыг зогсоох хамгийн сайн арга болсоор байна.
“Хэрэв таны бие вакциныг агуулж, дэлхийн хүн амын дийлэнх
хэсгийг вакцинжуулж чадвал корона вирусыг үржүүлэх газар байхгүй
юм” гэж Чапагейн хэлжээ. “Бид корона вирусыг аюултай мутаци олж авах боломжийг
олгох ёсгүй. Аливаа вирус нь их тархах тусам илүү олон мутацид ордог ба энэ нь
аливаа вирусын шинэ хувилбар үүсэх боломжийг олгодог байна.”
Энэхүү судалгааг
Үндэсний Шинжлэх Ухааны Сангийн шагналаар санхүүжүүлж, үр дүнг Физикийн Химийн В
сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Nisha
Bhattarai et al, Structural and Dynamical Differences in the Spike Protein RBD
in the SARS-CoV-2 Variants B.1.1.7 and B.1.351, The Journal of
Physical Chemistry B (2021). DOI: 10.1021/acs.jpcb.1c01626 өгүүллээс уншина уу.
Эх сурвалж: COVID-19 variants develop
better lock-picking skills to invade human cells (phys.org)
Мэдээ бэлтгэсэн: Симуляци, Тооцооллын
салбарын ЭША М.Чагдаржав