Гётеборгийн их сургуулийн эрдэмтэд “түүхэн дэх хамгийн жижиг” микрочипэн хөдөлгүүрийг бүтээжээ. Түүний хэмжээ хүний үсний дотор багтахуйц өчүүхэн жижиг гэнэ. Энэхүү үр дүн нь микромеханикийн 30 гаруй жилийн туршид байсан хязгаарлалтыг даван туулах боломжийг олгодог фотоник араа ашиглахад үндэслэсэн байна.
Жижиг хэмжээтэй механик холболтыг бий болгох хэцүү бэрхшээлтэй байснаас болоод өнөөг хүртэл микромоторуудын арааг 0.1 миллиметр (100 микрон) хүртэлх хэмжээтэй хийдэг байсан байна. Шинэ мотор нь уламжлалт механик холболтыг гэрлийн удирдлагаар сольсноор энэ асуудлыг шийдсэн байна.
Шинэчилсэн микромотор нь микрочип дээр шууд бүрсэн тусгай оптик метаматериалтай цахиурын араануудыг ашигладаг. Эдгээр өчүүхэн бүтэцтэй элементүүд нь гэрлийг нано түвшинд барьж, удирдахаар бүтээгдсэн. Араануудын эргэлт нь метаматериал дээр чиглүүлсэн лазераар хангагдана. Лазерын цацрагийн эрчмийг өөрчлөхөд эргэлтийн хурд өөрчлөгдөх ба гэрлийн поляризацийг өөрчлөхөд эргэлтийн чиглэл шууд өөрчлөгдөж удирддаг. Ийм холбоосгүй (бесконтакт) удирдлагын арга нь томоохон давуу тал бөгөөд моторын физик холбоос шаардлагагүй болгохын зэрэгцээ системийг хялбархан олон дахин хэмжээгээр томруулах боломжийг олгодог.
Эдгээр мотортой системүүдийг шууд микрочип дээр нэгтгэж, гэрлээр ажиллуулах ирээдүйд өргөн боломжийг нээж байна. Эрдэмтэд ирээдүйд ийм микро болон нано механизмуудыг жижиг хэсгүүдийг удирдах, гэрлийг чиглүүлэх, эсвэл шинжлэх ухаан, анагаах ухааны судалгаанд зориулсан “чипэн лаборатори” системүүдэд нэгтгэх боломжтой гэж үзэж байна.
Ялангуяа 16–20 мкм хэмжээтэй, хүний эсийн хэмжээнд дүйцэхүйц араанууд бүхий эмнэлгийн төхөөрөмж бүтээх боломжийг авч үзэж байгаа аж. Ийм өчүүхэн механизмүүд нь хүний биед шингэн урсгалыг зохицуулах насос эсвэл хавхалга хэлбэрээр ашиглагдаж болно.
Гэсэн хэдий ч энэ нь одоогоор зөвхөн туршилтын загвар бөгөөд бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд хэдэн жил шаардагдах магадлалтай байна.
Эх сурвалж: Smallest on-chip motors that fit inside a strand of hair developed
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША М. Сарангэрэл