Монголд кибер халдлагын эрсдэл нэмэгдэж, QR код болон системийн эмзэг байдлыг ашигласан халдлагууд анхаарал татаж байна.
Сүүлийн үед Монгол Улсад кибер халдлага, зөрчлийн тоо нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байна.
2026 оны 01 дүгээр сарын 15–21-ний хооронд нийт 32,088 кибер зөрчил бүртгэгдсэн нь энэ төрлийн халдлага богино хугацаанд өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Эдгээр зөрчлийн дийлэнх хувийг халдлагад өртсөн байж болзошгүй тохиолдол болон ил болсон эмзэг байдал эзэлж байгаа нь системийн хамгаалалт сул байгааг илтгэж байна.
Кибер халдлага нь мэдээллийн систем, сүлжээний эмзэг байдлыг ашиглан мэдээлэл хулгайлах, системийг ажиллагаагүй болгох, хяналт тогтоох зэрэг зорилготой үйл ажиллагаа бөгөөд ихэвчлэн мэдээлэл цуглуулах, эмзэг байдлыг илрүүлэх, нэвтрэх, халдлага хийх, ул мөрөө нуух гэсэн үе шаттайгаар явагддаг.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв-өөс мэдээлснээр сүүлийн үед QR кодоор дамжуулан халдлага үйлдэх “quishing” арга нэмэгдэж байна. Хэрэглэгч хортой QR кодыг уншуулснаар хуурамч веб сайт руу орж, нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллээ алдах эрсдэлтэй болжээ.
Үүнээс гадна Apple компанийн системд илэрсэн 0- өдрийн эмзэг байдал бодит халдлагад ашиглагдаж эхэлсэн нь кибер аюул улам нарийсаж байгааг харуулж байна. Энэ төрлийн эмзэг байдал нь халдагчдад алсаас код ажиллуулах, төхөөрөмжид бүрэн хяналт тогтоох боломж олгодог байна.
Монгол Улс 2021 онд баталсан “Кибер аюулгүй байдлын тухай хууль”-аар кибер орчин дахь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд кибер халдлагыг мэдээллийн системийн аюулгүй байдлыг алдагдуулах зорилготой үйлдэл гэж тодорхойлсон байна.
Мөн уг хуулиар байгууллагууд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлын аудит явуулах, халдлагын үед шуурхай мэдээлэх үүрэгтэйг заасан бөгөөд иргэн бүр өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээдэг.
Кибер халдлагын арга хэлбэр улам нарийсаж, технологийн эмзэг байдал болон хүний итгэлийг зэрэг ашиглах болсон нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд байгууллага болон иргэд мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулж, хууль эрх зүйн шаардлагыг мөрдөх нь нэн чухал болжээ.
Бусад мэдээлэл