БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ
БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ

Зааварчилгаа өгөх туслах

Хиймэл оюун ухааны хүн шиг харилцан ярьдаг чадвар нь хэцүү ойлголтуудыг оюутнуудад тайлбарлах чадвартай тусгайлсан зааварчилгаа өгдөг туслах зэргийг бий болгож байна. Мөн хиймэл оюунд суурилсан санал асуулгын систем нь оюутнуудын ажилд бүтээлч байдлаар шүүмж өгч, бичих чадварыг нь илүү нарийн, төгс болгоход туслах боломжтой. Хиймэл оюунтай холбогдох зарим харилцааны хувилбар нь хүүхдүүдэд сургалтын илүү үр ашигтай асуултыг тавихад тусалдаг гэдгийг зарим судалгаа харуулсан. Хиймэл оюуны загварууд нь мөн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тусгайлан зориулсан зааварчилгаа бий болгож англи хэл сурагчдыг орчуулгаар хангадаг.

Багшийн туслах

Хиймэл оюун нь зарим захиргааны шинжтэй ажлыг гүйцэтгэж, багш нарын оюутнууд болон хамтран ажиллагчиддаа зориулан гаргадаг цагийг хэмнэдэг. Жишээ дурдвал, хичээлийн төлөвлөгөө гаргах, өөр өөр сургалтын материал бэлтгэж ангилах, ажлын файлыг загварчлах, асуулт хариулт бэлдэх, төвөгтэй сургалтын сэдвийг тайлбарлах арга замыг олж илрүүлэх зэрэг өдөр тутмын ажлуудыг автоматжуулах чадвартай. Хиймэл оюун нь мөн оюутнуудад юу хэрэгтэй байгаа талаар санал зөвлөгөө багшид өгч, оюутнуудыг ойлгох, төлөвлөх, сайжрахад нь багшид тусалдаг.

Эцэг эхчүүдийн туслах

Тухайн хүүхдийн онцлогт тохируулсан сургалтын хөтөлбөрийг гаргах үйлчилгээг авах хүсэлтээ хиймэл оюун ашиглан эцэг эхчүүд бичиж болно. Сургууль сонголтын хувьд хүссэн км-ын зайнд буй сургуулиуд, тэдгээрийн элсэлт авах хуваарь, холбоо барих мэдээлэл гэх зэргийг хиймэл оюунаар цуглуулах боломжтой. Мөн хиймэл оюун нь хүүхдийн сонирхолд нийцсэн үйл явдлуудаар үлгэр зохиож өгч чаддаг.

Захиргааны ажлын туслах

Эцэг эхчүүдэд зориулсан материал бэлдэх, зар мэдээ гаргах болон бусад олон нийтийн оролцооны бичиг баримт бэлгэхэд сургуулийн захиргааны ажилчид хиймэл оюуныг хэрэглэж болно. Мөн хиймэл оюун нь Хичээлийн болон сургуулийн автобусны хуваарь гаргах зэрэг бусад ярвигтай мэдээллийг ч гэсэн боловсруулж, үйл явдлын чиг хандлага, хэрэгцээг тодорхойлдог. ChatGPT нь сургуулийн уур амьсгалыг тодорхойлох, судалгааны өгөгдлүүд боловсруулах зэрэг нарийн мэдрэмжтэй шинжилгээ хийж чаддаг.

Бодит хэрэглээ

Хиймэл оюуны хэрэглээний боломж өндөр ч одоогоор ихэнхи багш нар хараахан хэрэглээгүй байна. Судалгаагаар Америкийн багш нарын 60% нь ChatGPT гэж сонссон, харин 13% нь л сургууль дээр хэрэглэж үзсэн гэж хариулжээ.Багш, оюутнууд хиймэл оюуны платформыг шууд хэрэглэхээс илүүтэй тусгайлан зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх хандлагатай байгаа тул мэдээллийн технологийн компаниуд олон төрлийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

Google-ийн нэгэн төсөл нь хиймэл оюуны программ туршиж үзэж байгаа бөгөөд энэ нь оюутнуудын ажлыг шалгаж, сургалтын асуулт боловсруулж, зааварчилгаа өгөх чадвартай юм. Энэ программ нь удахгүй Google Classroom болж нээгдэх бөгөөд урдчилсан байдлаар Америкийн сургалтын танхимийн тэн хагас нь үүнийг хэрэглэх төлөвтэй байна. Brisk Teaching компани нь багш нарт зориулсан хиймэл оюунд суурилсан багц бүтээгдэхүүнүүдийг гаргаж буй анхны компани бөгөөд янз бүрийн сургалтын агуулга бэлдэх, сургалтын төлөвлөгөө гаргах, сурагчдаас санал асуулга авах, төрөл бүрийн аппликейшн, хэрэгслүүдийг ашиглан ажлын урсгалыг оновчтой болгох бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

Сургалтын хөтөлбөр болон зааварчилгааны материал бэлддэг хүмүүс үйлчлүүлэгч бүрт тусгайлан зориулсан бүтээгдэхүүнийг хиймэл оюун ашиглан санал болгож болно. Үүний нэг жишээ нь ChatGPT-д суурилсан сургалтын туслах болох edX платформ юм. Энэ нь дэлхий даяар онлайнаар суралцагчдад тухайн хэрэглэгчийн хэрэгцээнд яг таарсан академик сургалт болон холбогдох бүх үйлчилгээг үзүүлдэг.

СУЛ ТАЛ

Эдгээр хиймэл оюуны хэрэглээнээс гадна, боловсролын салбарын төлөөлөгчид болон бодлого боловсруулагчид нар хиймэл оюуныг чанартай, эрүүл сургалтын практик бүрдүүлж буйг баталгаажуулах хэрэг гарч байна. Технологи нь багш, сурагчдын үйл ажиллагааг хэрхэн сайжруулж буйг ганцхан яриад байх нь зохисгүй бөгөөд хиймэл оюуныг хэрэглэн заах, сурах арга барилаа өөрчлөх нь яг ямар үр нөлөөтэй вэ гэдгийг бүхэлд нь ярих хэрэгтэй.

Оюутнуудын шудрага бус үйлдэл

Гэрийн даалгавар болон асуулт хариултын даалгавараа оюутнууд хиймэл оюун ашиглан хийх боломжтой юм. Хиймэл оюунаар бичсэн зохион бичлэг нь сургалтын чанар болон элсэлтийн шалгалтын утгыг алдагдуулж байна. Гол нь хиймэл оюун хэрэглэх нь эцэстээ оюутнууд хэрэгтэй мэдлэг чадвараа сурч чадахгүйд хүрнэ.

Нийгмийн харилцаа буурна

Хиймэл оюуны систем хэрэглэх тусам багш нар болон сурагчид хоорондын харилцаа багасана. Хүүхдүүд мөн найзуудтайгаа ярилцахаас илүүтэй харилцан ярианы хиймэл оюуны системийг ашиглах магадлалтай. Үүний үр дүнд хиймэл оюун нь ганцаардал, тусгаарлалт, харилцааны дутагдал зэргээс үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн хямралыг үүсгэж, ихэсгэх магадлалтай.

Технологиос хэт хамааралтай байх

Оюутнуудын хувьд хиймэл оюун нь тэднийг сурах уян хатан чадваргүй болгож бүтээлч сэтгэлгээг нь үгүй хийх аюултай. Энэ нь багш нарт ч мөн адилхан нөлөөлнө. Хиймэл оюун нь сургалтын төлөвлөгөөг хурдан боловсруулдаг ч, хурдан байх нь чанартай байна гэсэн үг биш юм. Багш нар магадгүй боловсролын чанарыг хянаж, сайжруулж, төгс болгоход цаг зарцуулахаас илүүтэй хиймэл оюуны бий болгосон сургалтын материалыг илүүд үзэх магадлалтай.


Мэдээ бэлтгэсэн:  Г.Гантигмаа, ЭША, Математикийн салбар

Эх сурвалж“Education Next” journal, VOL. 23, NO. 4


 


Бусад мэдээлэл