Математик, тоон технологийн хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол, “Хүндэт жуух” шагналыг олголоо.
Математик, тоон технологийн хүрээлэнгийн  “Хүндэт доктор” цол, “Хүндэт жуух” шагналыг олголоо.

Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил, ШУА байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн шагналыг олгох Эрдмийн зөвлөлийн хүндэтгэлийн хуралдаан 2021 оны 11 сарын 24-ний өдөр боллоо.

Хүндэт доктор цолыг “Математик, тоон технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, шинжлэх ухааны салбарт хориос доошгүй жил ажилласан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мэргэжлийн өндөр ур чадвартай эрдэмтэн, Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан гадаадын эрдэмтэн, хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжин үнэтэй хувь нэмэр оруулсан монгол улсын иргэнд” олгодог болно.

Тус шагналыг Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, шинжлэх ухааны доктор, профессор Х.Намсрай, Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Б.Нэргүй нарт олголоо.

Академич Х.Намсрай нь Төрийн соёрхолт, Чингис хааны одонт, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, манай улсын нэртэй онолын физикч эрдэмтэн билээ. Тэр бээр 1974 онд ШУА-ийн Математикийн хүрээлэн байгуулагдахад анхны захирлаар томилогдон 1978 он хүртэл ажиллаж байсан юм. Энэ хугацаанд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлийг тогтоох, боловсон хүчнийг бүрдүүлэх, тэдний мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, М-222 тооцоолон бодох электрон машин бүхий Тооцоолон бодох төв лабораторийг байгуулан судалгаа, боловсруулалтын ажилд тооцоолох бодох арга зүйг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх анхааран ажиллаж байсан юм. Мөн математикийн шинэ чиглэл болох бутархай уламжлал, интеграл бодох, олон хэмжээст огторгуйд Ханкель, Бессель функцүүдийн Фурье хувиргалтуудыг тооцоолох арга зүй боловсруулах чиглэлээр олон чухал үр дүнг гаргасан билээ.

Доктор, профессор Б.Нэргүй нь тооцоолон бодох электрон машины математик хангамжийн систем, программчлалын чиглэлээр мэргэшсэн бөгөөд 1981-1987 онд Математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1987-2014 онд Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2014-2016 онд Информатикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан манай улсын нэртэй эрдэмтэн билээ. Тэрбээр их энергийн физикийн туршилтын их хэмжээний мэдээллийг ТБЭМ-аар боловсруулах, олон хэмжээст зурган мэдээлэл боловсруулах зэрэг иж бүрэн программ хангамж боловсруулж, мэдээллийг цэвэрлэх үр ашигтай арга нэвтрүүлсэн нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч Дубна, Ленинград, ТбилисАлма-Ата хотууд дахь судалгааны хүрээлэн, төвүүдийн их энергийн физикийн туршилтын үр дүнг боловсруулах практикт нэвтэрсэн. Мөн монгол бичгийг компьютерт оруулах Монгол-Америкийн хамтарсан төсөлд оролцож “Хүмүүн бичиг” сонинг эрхлэн гаргахад нэвтрүүлжээ. Мэдээллийн бааз, компьютерийн сүлжээ байгуулах асуудлаар судалгаа явуулж, “Шинжлэх ухаан боловсролын компьютерийн сүлжээний техникийн болон программ хангамж” төслийг удирдан хэрэгжүүлж, манай орны эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудыг Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн сүлжээгээр дамжуулан дэлхийд гаргах замаар олон улсын ИНТЕРНЕТ сүлжээнд анх удаа холбон ажиллуулж байжээ.

“Хүндэт жуух” -аар Улаанбаатарын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ү.Бадам, МУИС-ийн зөвлөх профессор, доктор О.Цэрэнбат, доктор Д.Гармаа, Математик, тоон технологийн хүрээлэнгийн ерөнхий нягтлан М.Буяннэмэх нарыг тус тус шагнав.

Доктор, профессор Ү.Бадам нь 1969 онд Физик-Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар орж 1974-1990 онуудад Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, секторын эрхлэгчээр, 1990-1997 онуудад эрдэмтэн нарийн бичгийн даргаар, 1997-2000 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш, 2000 оноос одоог хүртэл Улаанбаатарын их сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Тэр бээр манай улсад оновчлол, оновчтой удирдлагын чиглэлийг анх хөгжүүлсэн эрдэмтэн билээ.

Доктор, профессор О.Цэрэнбат нь 1976-1997 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар, 1997-1999 онд ШУТИС-д багш, 1999 оноос МУИС-ийн   Магадлалын онол, математик статистикийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессороор ажиллаж байна.  Тэр бээр “Зарим тусгай тохиолдолд бүтээгдэхүүний чанарын статистик шалгалтын зохимжтой төлөвлөгөө боловсруулах”, “Зарим статистикийн хязгаарын тархалтын нийлэлтийн хурдыг үнэлэх” зэрэг асуудлуудаар онолын судалгааны ажил явуулж, үр дүнг гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн. Сүүлийн жилүүдэд шавь нарын хамт Актуар математикийн нэгэн чухал асуудал болох амьдрах хугацааны тархалтыг тодорхойлох асуудлаар судалгаа явуулж байна.

Доктор, профессор Д.Гармаа нь 1976-2014 онууд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны эрхлэгч, 2014-2016 онд ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар, 2016 оноос ФТХ болон МТТХ-д эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байна. Тэрбээр  МУИС-д “Алгоритм, програмчлал үндэс” хичээлийг  40 гаруй жил заасан туршлагатай багш, мэдээллийн технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтэн билээ.

М.Буяннэмэх нь 1988-1991 онуудад Улаанбаатар хотын Төмөр замын худалдааны 5-р конторт тооцооны нягтлан бодогчоор, 1992-2015 онуудад ШУА-н Информатикийг хүрээлэнд ахлах нягтлан бодогчоор, 2015-2019 онуудад Эйрвэйз трэйвэл ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор, 2019 оноос ШУА-н Математик, тоон технологийн хүрээлэнд ерөнхий нягтлан ажиллаж байна. Тэр бээр ШУА-д 29 жил, улсад нийт 33 жил үр бүтээлтэй ажиллаж байна.


Хүндэтгэлийн хуралдааны үеэр цол, шагнал авсан хүмүүс үг хэлж хамт олны дурсгалын зураг татуулан нэгэн сайхан өдрийг өнгөрүүллээ. Нийт шагнал авсан хүмүүстээ хамт олныхоо өмнөөс дахин баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье. 


Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө