Женевийн их сургуулийн саяхны судалгаа нь математик бодлогын аргууд хэрхэн ой тогтоолтод нөлөөлдөгийг харуулж, үнэн болон худал санах ой үүсэхэд ямар нөлөө үзүүлж болохыг тодруулжээ. Судалгааны хүрээнд дэс дарааллын (эмх цэгцтэй байдал) болон тоо хэмжээний (тоо ширхэг) гэсэн хоёр төрлийн бодлогыг судалсан байна. Хүмүүс дэс дарааллын бодлогуудыг шийдэх үед худал санах ой үүсэх магадлал өндөр байдаг, өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг харсан эсвэл уншсан мэт санагдах боловч тэр нь үнэндээ байгаагүй байх боломжтой. Харин тоо хэмжээний бодлогууд нь ой тогтоолт гажуудалд өртөх магадлал бага байдаг гэсэн дүгнэлтүүдэд хүрчээ
Энэ үзэгдэл нь тархи өөр өөр төрлийн мэдээллийг хэрхэн боловсруулж байгаатай холбоотой. Дэс дарааллын бодлогууд нь элементүүдийг дараалалд оруулахын тулд далд логик ашигладаг бөгөөд энэ нь тархи хоосон орон зайг үүсгэж, бодит байгаагүй зүйлийг үүсгэж буруу санахад хүргэж болзошгүй. Жишээлбэл, хүн дараалалд суурилсан даалгаврыг шийдэхдээ тодорхой мэдээллийг андуурч төсөөлж болно, гэхдээ тэр мэдээлэл нь эх бодлогод огт байгаагүй байх магадлалтай.
Судалгаа нь худал санах ой үүсэх шалтгааныг тархи өнгөрсөн мэдлэгээ ашиглан таамаглал, холбоос үүсгэдэгтэй холбон тайлбарлаж байна. Дэс дарааллын бодлогын үед эдгээр холбоос нь төөрөгдүүлэх магадлалтай байдаг бол, тоо хэмжээний бодлогууд нь илүү энгийн бөгөөд нарийн тодорхой тоон үнэлгээ шаарддаг учраас ой тогтоолтын гажуудалд бага өртдөг.
Энэхүү судалгаа нь боловсролын салбарт чухал ач холбогдолтой юм. Учир нь сэтгэхүйн өөр өөр процессууд ой тогтоолтонд хэрхэн нөлөөлдгийг ойлгосноор багш нар математикийн хичээлийг илүү үр дүнтэй заах боломжтой болно. Төрөл бүрийн математик бодлогын сэтгэхүйд нөлөөлөх ажиллагааг ойлгон, тодорхойлсноор худал санах ойг багасгах, суралцах чадварыг сайжруулахад чиглэсэн сургалтын арга барилыг зохион байгуулж болно. Тухайн хувь хүнд илүү тохирсон, логик сэтгэлгээ шаарддаг математикийн хичээлүүдийн сургалтын арга барилыг боловсруулах боломжийг энэ судалгаа нь олгож байна.
Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбарын ЭША, Ш.Идэрбаяр /Магистр/
Эх сурвалж: https://phys.org/news/2024-08-mathematical-methods-affect.html