Texas A&M болон АНУ-ын Үндэсний Сэргээгдэх Эрчим Хүчний
Лабораторийн судлаачид замаг үржүүлэгчдэд замгийг тасралтгүй өндөр хурдтайгаар
ургуулахад туслах системийг хөгжүүлжээ.
Замаг нь хэт шигүү ургахаараа хажуугийн замгуудад тусах
гэрлийг халхалж ургацын хэмжээнд муугаар нөлөөлдөг байна. Зохиогчдын
боловсруулсан замаг ургалтын загварчлал нь тариаланчдад замгийн нягтаршлын
оновчтой байдлыг тогтоож ургацаа хэзээ
хураах талаар мэдээлэл өгөх юм. Загварын
сургалтын өгөгдөл нь хугацааны 23 интервал бүхий 6 өөр гэрэлтүүлэгт авсан
замгийн саарал зургуудаас бүрджээ. Өгөгдлүүд нь зураг доторх замгийн дундаж
нягтаршил болон пиксэл бүрийн гэрлийн эрчмийн талаарх мэдээллийг агуулжээ.
Зохиогчид замгийн ургалтаас болж харанхуйлсан пикселүүд
зургийн 43-65 хувийг эзэлж байх үед гэрэлтүүлгийн бүх нөхцөлд өсөлтийн хурд
хамгийн өндөр байсныг олж тогтоосон. Тэд өөрсдийн системээр гадаа болон дотор ургуулсан
замгийг хэзээ хурааж авахыг тодорхойлсон байна. Гадна ферм өдөрт 43.3 грамм,
дотор цөөрөм өдөрт 48.1 грамм биомасс үйлдвэрлэжээ. Зохиогчийн аргыг ашиглан
арилжааны үйл ажиллагаа явуулбал нэг тонн био түлшийг 281 ам.доллароор
борлуулах боломжтой. Энэ нь эрдэнэ шишээс гаргаж авсан этанолын нэг тонн нь 260
долларын үнэтэй дүйцэхүйц үнэтэй болсон байна.
Төрөл зүйл болон боловсруулах аргаас хамааран замаг нь
дизель, спирт, онгоцны түлш, бензин, устөрөгч, метан зэрэг төрөл бүрийн түлшний
бүтээгдэхүүн болж хувирдаг. Анх 1950-иад онд энэхүү түлшний эх үүсвэрийн талаар
санал болгож байсан бөгөөд 1970-аад оноос хойш тогтвортой эрчим хүчний
судалгааны нэг салбар болоод байна. Гэсэн хэдий ч замган түлш нь бага ургац,
хураасан биомассыг боловсруулах зардал зэргээс шалтгаалж борлуулалтын хувьд төдийлөн ахицтай болж чадсангүй.
Биомасс нь нөхөн сэргээгдэх бөгөөд агаар мандал дахь нүүрстөрөгчийг
ялгаруулж байгаа хэмжээгээрээ шингээж дотоод шаталтат хөдөлгүүрийг ажиллалуулдаг
учраас замгийг түлш болгон хувиргах нь ихээхэн сонирхол татахуйц байгаа юм. Гэхдээ
өнөөдрийг хүртэл төдийлөн сайн газар авч чадаагүй байна. Хэрэв машин сургалт нь
үүнийг илүү бүтээмжтэй болгож чадвал өөр эрчим хүчний энэ хандлагыг сэргээж
чадна.
Энэ ажлаас гадна Фраунхофер (Fraunhoger) хүрээлэнгийн ижил
төстэй замаг ургуулах систем болон Хайпержаянт (Hypergiant) компанийн хиймэл
оюун ухаанаар ажилладаг замгийн биореактор зэрэг ажлуудыг харваас замагт
зориулсан машин сургалтын программууд хөгжин дэлгэрч байгааг мэдэрч болно.
Бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар, ЭША, Э.Соджамц