ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ТАРХАЛТЫН ЭСРЭГ ХИЙМЭЛ ОЮУНЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ
ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ТАРХАЛТЫН ЭСРЭГ ХИЙМЭЛ ОЮУНЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

Бид өдөр ирэх тусам хурдацтай хуримтлагдаж буй асар их мэдээллийн далайн дунд амьдарсаар багагүй хугацааг туулжээ. Тэгвэл энэ их мэдээллийн үнэн бодит байдал нь бидний амьдралд ихээхэн нөлөө үзүүлэх болсон. Ялангуяа сонгуулийн үеэр цацагдаж буй хуурамч мэдээллүүд, Ковид-19 цар тахлын үед нийгмийн сүлжээнд тархсан ташаа мэдээллүүд гэх мэт бодит бус мэдээллүүд нь олон нийтийн санаа бодлыг өөрчлөх, сулруулахад хүчтэй нөлөө үзүүлж байна. Иймд Массачусетсийн технологийн хүрээлэнгийн Линкольны лабораторид олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж буй хүмүүс болон хуурамч мэдээллийн түүхийг автоматаар илрүүлж, дүн шинжилгээ хийх зорилготой RIO (Reconnaissance of Influence Operations) хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Энэхүү судалгааны баг нь бүтээлээ “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд 2020 оны R&D 100 шагналыг хүртээд байгаа билээ.

Уг системийг 2017 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан бөгөөд эхлээд сонгууль болохоос 30 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээс тухайн цаг үеийн мэдээллүүдийг цуглуулж, хуурамч мэдээллийн тархалтыг илрүүлэх дүн шинжилгээ хийжээ. Нийтдээ 1 сая хэрэглэгчдийн хаягаас 28 сая твиттер жиргээг эмхтгэж, RIO системийг ашигласнаар хуурамч хаягийг 96%-ийн магадлалтай илрүүлж чаджээ. Энэ систем нь хиймэл оюуны машин сургалтын аргад суурилдаг бөгөөд хуурамч хаягийг илрүүлэхээс гадна, тухайн хаяг нь нийгмийн сүлжээнд хэр их нөлөөлж байгааг тодорхойлох статистик аргыг боловсруулж хэрэгжүүлснээрээ онцлогтой болжээ. RIO-ийн өөр нэг онцлог тал бол хуурамч хаягийг ажиллуулж байгаа роботууд болон хүмүүсийн аль алиных нь хаягийн нөлөөллийг тодорхойлж, тооцоолж чаддаг явдал юм. Олон нийтийг хуурамч мэдээллээс хамгаалах нь үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй эрх чөлөөний үнэт зүйлээ хамгаалах явдал юм.

Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбар - Б. Төмөрхуяг

Эх сурвалж: https://news.mit.edu/


Бусад мэдээлэл